МУСТА О.Ганцоож: Биальбертад дахиад ганцхан хором бүжиглэхийг хүсдэг

ДБЭТ-ын тэргүүн гоцлооч МУСТА Отгонбямбын Ганцоож

БИ АЛЬБЕРТАД ДАХИАД ГАНЦХАН ХОРОМ БҮЖИГЛЭВЭЛ АМЬСГАЛ ХУРААЧИХ ЮМ ШИГ САНАГДДАГ 

Энэ сарын 12-ны өдөр Францын нэрт хөгжмийн зохиолч А. Аданы ЖИЗЕЛЬ бүжгэн жүжгийг ДБЭТ-ын тайзнаа дахин тоглоно. Энэ бүжгэн жүжиг манай үндэсний театрын тайзнаа олон арван жил тоглогдож байгаа тул танд сонин содон сонсогдохгүй байж мэднэ.

Хүн төрөлхтний үнэт өв болсон гайхамшигт энэ бүжгэн жүжиг 1979 оноос хойш манай театрын тайзнаа тэр л янзаараа амьдарч иржээ. Энэ балетад манай улсын шилдэг уран бүтээлчид тоглосон байдаг. МУСТА Отгонбямбын Ганцоож энэ бүжгэн жүжгээр тайлан тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд Английн Үндэсний Балетын театрын гоцлол бүжигчин, залуухан од Лорета Самерскейлстай хамтран бүжнэ. Ингээд шинэчлэн найруулсан ЖИЗЕЛЬ балетын бэлтгэлийн өмнөхөн О. Ганцоожтой уулзаж ярилцсанаа дор сийрүүлье.

-ДБЭТ-ын тайзнаа А. АдамынЖИЗЕЛЬ бүжгэн жүжиг шинэчлэн тавигдана гэсэн сурталчилгаа анхаарал нэлээн татлаа. Урьд тавигдаж байсан эмгэнэлт, хайр дурлалын балетаас юугаараа өөр вэ? 

-Бүжгийн дэглэлт хөдөлгөөнийг шинэчиллээ. Тайз, жижиг хэрэглэлүүдэд ч басанхаарч байна. Өрнөдийн орнуудын тайзнаа сонгодог ЖИЗЕЛЬ балетыг хэрхэн найруулж тавьдаг билээ, тэр хэмжээнд л аваачна.Хэрвээ сурталчилгааг сайн харж анзаарсан бол шинэчилсэн дэглэлтийн учрыг бас олж харж чадна. Бид урьд нь хөгжмийн зохиолч Адольф Адан гэж хэлж ярьдаг байлаа. Харин төрсөн нутагт нь агуу их зохиолчийг Адольф Адам гэдэг юм байна. Нэрийг нь ингэж өөрчиллөө. Театрын тайзнаа би арав дахь жилээ бүжиглэж байна. Миний хувьд энэ тайлан тоглолтоорооЖИЗЕЛЬ-ийг шинэчлэн тавих зорилгоо хамгийн чухал гэж үзээд энэ ажлыг эхлүүлсэн. Энэ бүжгэн жүжиг гучин зургаан жилийн турш ер өөрчлөгдөөгүй тавигджээ.  анх яаж тоглогдсон тэр л янзаараа өнөөдрийг хүрчээ. Бусдынхаа хийснийг мэдээж үгүйсгэхгүй, гэхдээ л өнгөрсөн бүхий л хугацаанд бүтээлчээр шинэчилж өөрчлөөгүй юм билээ.

-Та олон балетын гол дүрд тоглосон. ХУНТ НУУР, СПАРТАК, ДОН КИХОТ, ЦӨМӨӨХЭЙ гээд л. Гэтэл та тайлан тоглолтдоо ЖИЗЕЛЬ-ийг сонгосон байдаг. Яагаад тэр билээ?

-Эмгэнэлт, хайр дурлалын сэдэвтэй романтизмын үед бүтээгдсэн ЖИЗЕЛЬ бүжгэн жүжиг миний ХАМГИЙН  дуртай бүтээл. Юм юм нь төгс шийдэгдсэн балетын нэг шиг санагддаг. Найруулга, бүжгийн дэглэлт, зохиолын утга санаа, эгшиглэх хөгжим нь үнэхээр гойд нийлэмжтэй бүтээгдсэн.

Тайлан тоглолтын тухай би арай өөр бодолтой явдаг юм. Ихэвчлэн урын сан дахь бүтээлүүдээ олон нийтэд гарган үзүүлэх, тайлагнах гэсэн нэг ойлголт байгаад байдаг. Харин би тэгэхгүй ээ. Нэг бүжгэн жүжгээр өөрийнхөө юу сурч мэдсэн, чаддаг бүхнээ дэлгэн харуулъя гэж бодоод ЖИЗЕЛЬ-ийг сонголоо.  Ер нь юм хийе гэсэн хүнд боломж үргэлж дэргэд нь байж байдаг. Өөрийн бүтээсэн бүхнээ туйлын дээд оргил гэж бодоод сэтгэл амар суугаад байх уу, эсвэл надад дайчилж чадвал хэр зэрэг нөөц байна вэ гэдгээ шалгах уу гэдэг бодол байсан учраас би ийм шийдэлд хүрсэн. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг.

Өнөөдөр би хувиа хичээж гадаадын театр уруу явчхаж болно. Гэхдээ надад эх орон байна. Монголын минь театр байна. Миний оруулах хувь нэмэр ч гэж байна. Үүнийг л бодолцсон хэрэг.

-Ингэхэд манай театрынхан ЖИЗЕЛЬ-ийг гадны орнуудын театрт авч явж тоглодог уу?

-Авч яваагүй. Яваагүй нь ч болсон гэж боддог. Манай ЖИЗЕЛЬ гадагшаа очвол ядруухан харагдах юм шиг санагддаг. Хувцас хунар, эд хэрэглэл нь 36 жил болж байна шүү дээ. Бараг л өгөрших шахсан. Ийм юмтай очвол ичмээр санагдана. Ер нь огт шинэчлэгдээгүй хуучнаараа байгаа жүжиг гэж хэлж болно. Ингэхлээр танд нэг юм ойлгогдож байгаа биз дээ?

-Д.Алтанхуяг гавьяат ЦӨМӨӨХЭЙ бүжгэн жүжгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчилсэн. Та тэгж өөрчилж байгаа хэрэг үү?  

-Үгүй ээ. Арай бяр хүрэхгүй байх. Хэрэв сайн ивээн тэтгэгч олдсон бол санаандаа тултал шинэчилж болох л байсан байх. Чамлахаар чанга атга гэдэг. Хэр хэмжээндээ л шинэчлэх байх даа. Шинээр дэглэж байгаагаас гадна тайзаа бүрэн дүүрэн өөрчилсөн. Бүжгэн жүжгийн  үндсэн үйл явдал гэж бий. Тэгэхлээр үндсэн өгүүлэмж дээр нэмж баяжуулахыг шинэчлэл гэж би хэлж байгаа юм.

-Ивээн тэтгэгч хайгаад олдоогүй юм уу?

-Олдоогүй ч биш л дээ. Ер нь манай нийгэмд юм юм л хямарсан шиг санагдсан. Тэгээд л санаснаар болсонгүй.

-Уран бүтээлчид тайлангаа янз бүрээр тавьдаг. Жишээ нь зохиолч, яруу найрагчид дурдатгал ном бичдэг, тайз дэлгэц, театрын урлагийнхан бол тайлан тоглолт хийнэ. Харин таны хувьд арай өөр тайлан болох нь. Тэгэхлээр мэргэжлийн хүрээнийхэн яаж хүлээж авав?

-Янз бүрээр л хүлээж авч байгаа байх. Урлагийн бусад салбарынхантай харьцуулахад манай бүжигчдийн бүтээж туурвих оргил үе нь 18-25 нас. Энэ хугацаанд л амжихгүй бол юу ч амжихгүй. Уралдаж ажиллах хэрэгтэй. Би ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч байгаа уран бүтээлч. Тэгэхээр 25-тайдаа тайлан тоглолт байтугайг хийж болох эрхтэй. Тийм биш гэж үү?

ЛОРЕТА САМЕРСКЕЙЛС ӨСЧ ЯВАА БҮЖИГЧИН. МАГАД ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА БИД МАНАЙ ТЕАТРЫН ТАЙЗНАА БҮЖИГЛЭЖ БАЙСНААР НЬ БАХАРХАЖ Ч БАЙЖ МЭДНЭ

-Энэ урлагт хамтран гоцлооч чухал. Өмнө нь Ганцоож театрынхаа гавьяатууд болох Ч.Ганчимэг, Г.Цолмон нартай хамтран бүжиглэж байсан. Энэ удаа Английн Үндэсний Балетын театрын гоцлооч бүсгүйг сонгосны учир юу вэ?

-Намайг Английн Үндэсний Балетын  компаний Балетын мэргэжлийн сургуульд сурч байх үед Лорета Самерскейлсманай доод ангийн оюутан байлаа. Суралцаж байх хугацаанд бид хоёр байнга хамтарч бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг байсан. Нэг бүжгэн жүжигт ч хамт тоглож байлаа. Одоо Лорета маань Английн Үндэсний Балетын Театрт гоцлол бүжигчин. Магад бид гурван жилийн дараа манай театрын тайзнаа бүжиглэж байснаар нь бахархаж байж ч мэднэ. Их авьяаслаг бүсгүй байгаа юм. Яах аргагүй ЖИЗЕЛЬ бүжгэн жүжиг европын  ардын урлаг мөн учраас энэ балетчиныг сонгосон. Олон жил ярьж хөөцөлдөж байж өнөөдөр л бүтэж байна даа.

-Альбертын дүр бусад дүрүүдээс тань юугаараа ялгаатай вэ?

-Мэдээж дүр бүхэн сайхан, тэр бүгдэд хичээх ёстой. Би Альбертын дүрд арваад жил бүжиглэж байна. Тайзан дээр гарах бүрт энэ дүрд бие сэтгэлээрээ автагддаг. Энэ дүр эрэгтэй балетчидын хувьд маш хэцүү. Би Альбертад дахиад ганцхан хором бүжиглэвэл амьсгал хураачих юм шиг санагддаг. Сүнс болчихсон хайртай бүсгүйтэйгээ бүжиглэнэ, хий хоосон сүнс өргөнө. Хурдан өргөх үү, удаан өргөх үү гээд л техник нь ч амаргүй. Сэтгэлийн хөдлөлөө маш сайн мэдэрч залж явахгүй бол хэтрүүлж ч мэднэ, дутааж ч мэднэ.

-А.И.Хачатуряны СПАРТАК балетын “Сэлэмт бүжиг”–ийг үзэхэд сэтгэл минь их хөдөлдөг.Яг л түүн шиг А. Адамын ямар хөгжим таныг догдлуулдаг вэ?

-Альбертын Романс юм байна. Хайртай Жизель нь үхчихсэн. Цэцэг барьсаар булш руу нь очдог тэр хэсгийг хэдийд ч бодсон хүнд байдаг. Одоо ч бие арзайх шиг болж байна. (Тэр үл мэдэг чичрэв)

Хайртай бүсгүй чинь амьсгал хурааж сүнс болсон байна гээд боддоо. Ямар хэцүү. Ямар аймаар. Сэтгэлийн тэр гашуудал, эмгэнэлийг үзэгчид ч мэдрэх ёстой. Яагаад гэвэл би энэ дүрд тоглох гэж галзуурахаас наагуур бүжиглэж байна шүү дээ. Тэгээд галзуурсан сэтгэлээномхтгоно. (Хэсэг дуугүй болов)

-Өөрийн биеэр амсаагүй зовлонг яг амссан юм шиг үзүүлнэ гэдэг амар биш л дээ...

-Тариачны хувцас өмссөн хунтайж Жизельд хайртай болоод түүн дээрээ ирж байна. Би чинь дурласан Альберт. Анх энэ дүрийг бүтээхдээ одоогийнхоосоо залуу байсан болоод ч тэр үү үүнийг ингэж хийнэ, тэрийг тэгж хийнэ гэж техникээ л боддог байж. Одоо бол дүрийнхээ дотоод сэтгэлийг чухалчилдаг болжээ. Урьд нь Альбертын дүр бүтээх гэж байгаа Ганцоож л бүжиглээд байж. Тэгвэл одоо Альберт л бүжиглэж байна. Энэ хооронд их ялгаа бий. Үүнийг балетчин хүн нарийн мэдрэх ёстой.

О.ГАНЦООЖ 2006 ОНД ХБК, 2007 ОНД АНГЛИЙНҮНДЭСНИЙ БАЛЕТЫН КОМПАНИЙ БАЛЕТЫН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙГ БҮЖГЭН ЖҮЖГИЙН ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР ТУС ТУС ТӨГССӨН. 2005 ОНООС ЭХЛЭН ДБЭТ-Т БАЛЕТЫН ГОЦЛООЧООР АЖИЛЛАЖ БАЙГАА БӨГӨӨД ЯПОНЫ ОКИНАВА ТЕАТР, МИСТИК БАЛЕТ КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ.ТЭР ҮРГЭЛЖ ХАНХҮҮ, ХУНТАЙЖ, УДИРДАГЧИЙН ДҮРД БҮЖИГЛЭДЭГ.

-Бүтээж байсан дүрүүдэд тань эерэг эсрэг дүрийн харьцаа ямар байх юм?

-Ер нь дандаа л эерэг дүрд тоглосон байна шүү. Хунтайж, ханхүү гээд л. Сүүлийн үед сөрөг дүрд тогломоор санагддаг болчхож. Үргэлж эерэг сайн дүрд тоглох аятайхан хэдий ч нэг загварт баригдчих вий гэж айсан хэрэг.

-Босогч боолуудын удирдагч, дурласан хунтайжийн дүр хоорондоо мэдээж ялгаатай. Спартакт бүжиглэж хэвийн гээд байгаа шугамаасаа гарсан юм биш үү?

-Сонгодог бүжгэн жүжгийн хөдөлгөөн бүр оновчтой, тодорхой нэг үгээр хэлбэл илүү дутуугүй цэмцгэр байх ёстой. Хөл гарын хөдөлгөөнөө байнга хянана, инээсэн ч ихэмсэг дүр эсгэнэ. Тэгвэл Спартак бүжгэн жүжгийн гол дүрийн бүжиглэх хэв маяг нөгөө Альбертын дүрийг шууд л “эвдэж”байгаа юм. Спартак бол ордны ханхүү биш тэмцэгч, ардчиллын төлөө уриалагч шүү дээ.Энэ дүрийг бүтээхэд амар байгаагүй. Номыг нь уншиж, киног нь олонтаа үзэж судалж байж л дүрээ гаргасан.

-Ингэхэд хүсэл мөрөөдлийнхөө бүжгэн жүжигт тоглосон уу?

-Би багаасаа л деми балетад дүр бүтээхсэн гэж боддог байлаа. Деми гэдэг маань жинхэнэ сонгодгийг бодвол арай чөлөөтэй бүжиглэх хэлбэр юм. Одоо харин нэлээн өөрчлөгдөөд байх шиг байна.

-Хаашаа өөрчлөгдөж байна?

-Ерөнхийдөө романтик-орчин үеийн тал руугаа болж байна. Юмс өөрчлөгдөн хувьсдаг шиг балет бас хувьсдаг юм шиг ээ. Дэлхий дахинаа гучин жилийн өмнө цэвэр сонгодог балет ХУНТ НУУР, ЖИЗЕЛЬ-ийг ид тавьж байсан бол өнөөдөр гадны театруудад нэн орчин үеийн /контемпорари /дэглэлт бүхий бүжгэн жүжиг түлхүү тавигдаж байна. Нийт уран бүтээлийн жар далан хувьд нь гэсэн үг шүү дээ. Манай монголын театр ч гэсэн орчин үеийн модерн бүжгэн жүжгүүдийг тавих хэрэгтэй.

-Гоцлол бүжигчинд авьяас хэрэгтэй. Тэгвэл авьяасаас өөр хэрэгтэй юм юу байж болох вэ?

-Ер нь амжилтыг 99 хувийн хөдөлмөр, 1 хувийн авьяас авчирдаг гэж ярьдаг. Би мундаг авьяастай, хөдөлмөрч байлаа гээд хөл маань майга, гар маань богино, толгой томтой байвал хэчнээн зүтгээд ч энэ урлагт хол явахгүй. Манай салбарын нэг онцлог гэвэл энэ. Юм юмны хэмжээ таарч тохирч байж л амжилт ирдэг байх.

-Тэгвэл Ганцоож төрөлхийн ханхүү байх нь ээ?

-Магадгүй(Инээв). Их хөдөлмөрөөр олж авдаггүй юм ч гэж бас байна шүү дээ.

-Төгс гоо сайхны төлөө тэмүүлэл бол урлаг, урлагийн бүтээл юм. Та төгс төгөлдрийн оргилд хүрэх нь ээ гэсэн мэдрэмж хэр олон удаа амссан бэ?

-Тайзнаасаа хөөрч нисчих шахсан мэдрэмж олонтаа амссан. Сонгодог бүтээлүүд дотроос ЖИЗЕЛЬ бүжгэн жүжиг л тийм мэдрэмжийг илүү их өгсөн байх. Намайг үнэндээ хурцалдаг. Ганцоож биш Альберт болсон шиг л санагдуулдаг. Зураач, зохиолчдын бүтээл цаасан дээр үлддэг бол биднийх тэгдэггүй. Харамсалтай. Яах вэ, кино зургийн хальс зэрэгт үлдэж болно л доо.

ШИНЭЭР ДЭГЛЭСЭН ЖИЗЕЛЬ БҮЖГЭН ЖҮЖГИЙГ 6-Р САРЫН 12-НЫ 19 ЦАГААС ДБЭТ-Т ТОГЛОНО

-Арван жил бүжиглэлээ. Өнөөдөр юу бодож байна?

-Харин тийм ээ. Бодох юм их байна шүү. Үүнээс илүү ихийг бүтээж болох байсан шиг санагддаг. Одоо хийсэн минь чамламаар ч юм шиг. Эсвэл түүхий хэвээрээ байна уу. Өөрөөсөө асуудаг юм. Гэхдээ мэдээж тэгтлээ айхтар алдаагүй биз ээ. Балетын урлаг надад их юм зааж сургасан шүү.

-Илүү ихийг хийж болох байсан гэхээр энэ замаас өөр зам байсан гэж үү?

-Үгүй ээ, үгүй. Балет. Энэ л миний зам байсан.

-Ганцоож эдүгээ ДБЭТ-ын Ерөнхий балетмейстраар ажиллаж байгаа Д. Дашлхагва багшийн шавь шүү дээ. Багшийн ур, ухааныг шавь нараас нь харж болно...

-Монголын балетын урлагийг Дашлхагва багшгүйгээр төсөөлж болохгүй. Нэгэн үе ДБЭТ-ын тайзыг багшийн шавь нар л гэрэлтүүлж байсан гэж хэлж болно. Гарынх нь шавь нар дэлхийн ямар ч театрт гологдоогүйгээс гадна бүгд л гадаадад ажиллаж байна. Үүгээр энэ хүний чадал чансааг дүгнэж болно. Би өнөөдөр энд бүжиглэж байна. Тайлан тоглолтоороо томоохон хэмжээний балетыг шинэчлэн дэглэж байна. Маргааш хаа ч бүжиглэж байж мэднэ. Хүсэл тэмүүлэл маань хааш нь ч хөтлөөд аваад явна шүү дээ.

Хана дүүрэн тольтой бэлтгэлийн өрөөнд бидний ярилцлага ийн өрнөсөн юм. Ганцоожтой ярилцаж суухад эрч хүч, хүсэл тэмүүлэл дотор сэтгэлд нь дүүрэн асаж дүрэлзэж байх шиг санагдсан. Өнөөдөр тэрбээр ДБЭТ-ын тайзнаа бүжиглэж байгаа ч маргааш дэлхийн аль нэг том театрын тайзан дээрдүүлэн нисэх мэт бүжиж байж ч мэднэ. Тааж хэлшгүй. Балетын урлаг даяарчлагдаждэлхийд цуутай театрууд шилдэг сайн бүжигчдийг соронз мэт татсаар байна. Сонгодог бүтээл хүн төрөлхтөнд хэзээ ямагт гоо сайхны аугаа төгс төгөлдрийг өгсөөр иржээ.Тийм учраас энэ урлагт хүчин зүтгэж байгаа бүхэн өдөр хоног цаг хугацааг нэг мөр умартан зүрх сэтгэлээрээ шатаж байх шиг санагддаг. Ийм бодолтой би танхимаас гарч ирлээ.Томоохон бүжгэн жүжгийн өмнө сайн амарч авах хэрэгтэй байдаг ч тайз чимэглэл, гэрэл гэгээ, хувцас хунар, жижиг хэрэгсэл гэсээр юм юманд санаа зовж энэ хүмүүс шөнө дунд хүртэл ажилласаар байлаа.

Та биднийг гайхамшигт бүтээл ЖИЗЕЛЬ дахин амилж зүрх сэтгэлийг минь эзэмдэхээр удахгүй ирнэ.