УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа тэтгэврийн шинэчлэлийн бодлогод тусгуулах МАН-ын бүлгийн саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод хүргүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн хугацаатай завсарлага авсан. Энэхүү бодлогын баримт бичигт тэтгэвэрт гарах насыг 2-5 жилээр нэмэх, эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэр тогтоолгох насыг яваандаа ижил болгох, одоо мөрдөгдөж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн 14 хувийг 19 болгон нэмэгдүүлэхээр тусгаад байсныг МАН-ын бүлэг эсэргүүцэж, тэтгэвэрт гарах нас болон нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой одоогийн тогтолцоог хэвээр хадгалах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тэтгэврийн шинэчлэлийн бодлогод тусгуулах таван зүйл бүхий саналыг хүргүүлээд байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлоготой уяж ажиллах, тэтгэврийг нэмэгдүүлэх аргачлал, тэтгэврийн зөрүү, индексжүүлэн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.