Дотоодoд болж өрнөсөн онцлох үйл явдлын тойм
2015/06/13
Улс эх орныхоо нийгэм, эдийн засаг, улстөр, урлаг соёл, спортод өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Энэ долоо хоногт нийгэмд сонин гэхээсээ илүүтэй олны жихүүцлийг төрүүлсэн эсэргүүцэл өрнөв. Тодруулбал, -Ерөнхий сайдыг сорын гол болгочих шахсан- юм. Азаар онцгойнхон онцгой үед нь ирж “аварсан”. Бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийж байна гэх зарим нөхөд Гацууртын ордыг ашиглах талаар шийдвэр гаргасныхаа төлөө энэ хүн галд “шатах” ёстой гэж үзэн ийнхүү үйлийг хийсэн нь энэ. Гэтэл угзан үйлийг олон нийт цочирдож хүлээн авсан бөгөөд дэмжихээсээ илүүтэй жихүүцсэн.
Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай Ноён уулыг ухахгүй байх зайлшгүй шалтгаануудыг танилцуулсан юм. Шалтгаан нь: Ноён уул бол Монголчуудын хоймор, хийморь, шүтээн Ноён ууланд ихэс дээдэс хаадын булш байгаа Ноён уул бол бидний 2200 жилийн омогшил бахархлыг төрүүлдэг газар Ноён уул бол зөвхөн монголчуудын асуудал биш. Ноён уулын асуудал бол Түрэг, Уйгур, Жужан их гүрнүүдийн асуудал Ноён уул бол урт нэртэй хуулийн үйлчлэлд багтсан ойн сайн бүхий газар. Ноён уул бол гол мөрний урсац бүрддэг газар. Ноён уулаас 22 гол урсаж гарч байгаа. Гацууртын ордын орчимд хаан хор гэгдэх хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 5,000 дахин их байгаа. Орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа.Гацууртын ордыг ашиглах одоогийн гэрээгээр улс орон нэг хувийн л ашиг олно.
ТББ-уудын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын чуулганаар Гацууртын орд газрыг стратегийн орд болгох шийдвэр гаргаснаар Ноён уулын дархан байдалд халдах боломж бүрдсэн гэж үзэж байгаа гэдгээ ч дурдав.
Мөн Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Гацууртын ордыг олборлож эхэлбэл газрын хөрсний мөнх цэвдэгт нөлөөлж, улмаар тодорхой хүрээнд доргилт үүсэн, булш бунхан устаж, хүнцэлийн хор ялгаран, хүн, мал, хөрс, усыг хордуулж эхэлбэл хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тиймээс Ноён ууланд гар хүргэхгүй байх хэрэгтэй” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Харин улстөрд ШӨХТГ-т томилогдсон дэд дарга олныг шуугиуллаа. Засгийн газрын агентлагийн дэд даргад 27 настай, миссийн тэмцээд оролцож байсан, төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй, төрийн албаны мэдлэг туршлагагүй нэгэн эмэгтэйг хууль зөрчин томилсон тухай цацагдсан. -ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа- гэх энэ эмэгтэй хэний “дэмжлэг түлхээс”-ээр Засгийн газрын хуралдаанаар орж нэр нь дэмжигдэн агентлагийн дарга болсон вэ? гэдэг асуудал өөрийн эрхгүй олны анхаарал татаж орхисон юм. Гэтэл энэ эрхэм Ямартай ч ШӨХТГ-ын дэд даргыг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслээс шударга бусаар томилуулсан хэмээж буй.
Түүний хувьд намын аппаратад 2 жил ажилласнаар өөр төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй нэгэн ажээ. Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 7.1.7- д: “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал-ыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамруулна гэжээ. Мөн хуулийн 5.2-т төрийн захиргааны болон тусгай албан тушаалыг төрийн Жинхэнэ албан тушаал гэж заажээ. Тэгвэл тус хуулийн 17 дугаар зүйл дэх Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах хэсгийн 17.1-д: “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ. Гэтэл уг хуулийн заалтыг зөрчин байж улстөрийн шахааны томилгоог хэн хийсэн бол? гэх асуултын хариулт удахгүй олдох биз ээ.
"Эдийн засаг"-ийн хүндрэлтэй өнөө цагт иргэд хоногийн амьжиргаагаа залгуулахад хүртэл хүндхэн болоод байгаа дүр зурагтай нийгэмд бид амьдарч байгаа билээ. Цалингаас цалингийн хооронд цагтаа буухгүй авдаг хэдээ хүлээх хүмүүс олон.
Долларын ханш суларч байгаа ч гэлээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй өссөөр... Тухайлбал, үхрийн цул мах 305 төгрөгөөр өсчээ. Хоногийн килограммын махаар залгуулж байгаа иргэд харин өндөр цалин авдаг бололтой.
Нийгмийн даатгал төлдөг бүхий л аж ахуй, албан байгууллагуудын ажилчдын дундаж цалин 851.4 мянган төгрөг аж. Үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мянга, эрэгтэйчүүдийнх 923.1 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мянган төгрөг буюу 11.6 хувиар нэмэгдсэн гэдгийг статистикийн хорооноос тавдугаар сарын тайландаа тусгажээ. Гэтэл энэ хэмжээний цалинг хэдэн хүн авдаг вэ? гэсэн асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй үлдсээр байгаа юм. Статистикийн хорооноос гаргасан судалгаа бүрт иргэдийн дундаж цалин нэмэгдсэн тоотой. Гэтэл ард түмэн хоногийн хоолоо килограммын махаар залгуулж яваа гэдэгтэй хэн ч маргахгүй.
Спорт энэ долоо хоногт спортынхон алтан медаль авсан мэдээлэл биш харин чөлөөтийнхнийг шүүхэд өгсөн талаарх мэдээлэл түглээ. -Д.Дагвадорж чөлөөтийнхнийг шүүхэд өгчээ- Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гомдол гарсан байна. Тодруулбал, Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар түүнийг огцрохыг шаардсан билээ.
Харин Д.Дагвадорж тамирчдаа дарамталж, хэл амаар доромжилж байгаагүй, шаардлага тавьдаг байсан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байгаа аж. Гэсэн ч Д.Дагвадоржийн тамирчдаа дарамталж буй бичлэг хариуцагч дөрвөн хүнд байгаа тул үүнийгээ шүүхэд нотлох баримт болгон өгөхөөр болжээ.
-Цаг агаараа бид урьдчилан тооцоолж чадахаа болино- Цаг агаарыг урьдчилсан мэдээлэх нь иргэдийн аюулгүй байдал амьдралын хэв маягт өндөр ач холбогдолтой байдаг. Гэтэл ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн тоног төхөөрөмж хоцрогдож шинэчлэх шаардлагатай болжээ.
Монгол улсын нутагт 9 ширхэг радар байрлуулах ёстой аж. Ингэснээр нийт нутагт гамшигт үзэгдэл болох үгүйг урьдчилан мэдэх боломжтой болох юм. Харин манай улсад ганц л радар байдаг. Тодруулбал, Морингийн даваа дахь радар хааш хаашаа 300 км-ийн зайд цаг агаарыг урьдчилан тооцоолдог. “Хол”-ын аймаг болох Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгийд гамшигт үзэгдэл болох байсан ч урьдчилан хэлж чадахгүй гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн жил Архангай аймгийн Хашаат суманд болсон гамшигт үзэгдлийг онцгой байдлын газарт урьдчилан мэдээллээгүйн улмаас багагүй хохирол учирсан гэдгийг тус газрын дарга хэлж байсан удаатай. Дэлхийн дулаарал, цаг уурын эрчимтэй өөрчлөлт дунд хамгийн тулгамдсан асуудал радар болжээ. Асуудал үүгээр дуусахгүй. Цаг уурын нөхцөл байдлыг тооцоолдог супер хэмээх компьютерын хард дүүрсэн. Багтаамж нь дүүрсэн компьютерын ажиллах чадамж мууддаг. Ингэснээр цаг агаараа бид урьдчилан тооцоолж чадахаа болино гэсэн үг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд супер компьютерийг 1 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авна. Үүн дээрээс нэмээд 9 радар худалдаж авч болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Нэг радарыг 12 тэрбум төгрөгийн үнэтэй. 9 радар 108 тэрбум төгрөг, нэг супер компьютер нийлээд 109 тэрбум төгрөгөөр yг салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.
-Автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулахаа түр хойшлуулав- Энэ сарын 7-ноос эхэлсэн зам засварын ажил сургууль амарсан, мэдээлэл өгсөнтэй холбоотойгоор тооцоолж байснаас харьцангуй бага ачаалал өгсөн учраас ийнхүү хотын төвийн зарим хэсэгт улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Урлаг соёлд өрнөсөн онцлох үйл явдал нь “PQ” олон улсын наадамд манай улсаас оролцох уран бүтээлч тодров. Чех улсын нийслэл Прага хотод дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг PQ олон улсын театрын уран бүтээлчдийн наадам энэ сарын 18-28 -ны өдрүүдэд болох юм.
Уг наадам нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Европын холбоо, Чех улсын соёлын яам, Театр урлагийн академаас зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй уран бүтээлчид оролцдог томоохон наадам. Манай улсаас анх 2011 онд уг наадамд оролцож, амжилт бүтээлээр дүүрэн ирж байжээ. Харин энэ жилийн PQ наадамд Монгол улсаа төлөөлөн "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн, зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам оролцоно. Түүний моделиор "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн, жүжигчин СТА Д.Ганцэцэг оролцохоор болжээ.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
өндөр болгох нууц · 2015/06/14
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/06/13
Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 60000 мянган төгрөгний цэвэр ашиг аваарай. 60000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь авч болно. Мөн хөрөнгө оруулсан 2000000 төгрөгөө хүссэн үедээ авч болно. ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ 94735595 аас асууна уу.ЖИЧ:Цөөхөн хөрөнгө оруулуулагч авна.