Улсаа яаж хөгжүүлдэг вэ? №1
2015/06/15
Би янз бүрийн телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг үзсээр байгаад сүүлдээ бүр залхаж гүйцээд байна. Иймэрхүү төрлийн нэвтрүүлэгт орсон хүн бүр “улсаа яаж хөгжүүлэхийг” арван хуруу шигээ мэддэг болохоор нь дургүй хүрээд байдаг юм. Энэ олон жил болоход “миний судалгаа тооцоо энэ байна” гээд “цаас” үзүүлсэн хүн ганц ч алга. Мөн “цаад учир утга нь ийм” гээд хэлдэг хүн бас л ганц ч алга. Харин “онолын нэр” тоолох, тоочих лаларууд, “мэргэн цэцнүүд” монголоор дүүрэн байна. Ингээд ёстой бүтэхгүй. Иймээс хамгийн эхлээд улсаа яаж хөгжүүлэх ерөнхий зарчмууд буюу судалгааны арга зүйн хөгжил, түүний зарчмын тухай өгүүлэх гэсэн юм. Саад гарахгүй бол нэлээд хэдэн цуврал хийх санаатай…
Улсаа яаж хөгжүүлдэг тухай
Аль улс гүрэн том жижгээсээ үл хамааран газар нутаг, үндэстэнтэй, сайн ч бай, муу ч бай эдийн засагтай, төр засагтай. Эндээс л эхэлнэ дээ. Эхлэх цэг нь бас л олон янз. Нэн эртний үеийг авдаггүй юмаа гэхэд аль ч улс ямар нэг төв гэгдэх хотуудтай, тэрэнд нь зах зээл төвлөрсөн, бусад газар нутаг нь хоцрогдмол байдаг. Дэлхийн бүх улс ийм. Хамгийн хөгжилтэй Америк ч тэр, Африкийн орнууд ч тэр ямар ч ялгаагүй.
Нэг улсын дотор бол аль нэг буюу хэдхэн төвөөс хөгжил гадагшилж, бусдыгаа татаж хөгждөг. Ухаандаа Америк гэхэд Нью-Йорк, Сан Франциско, Вашингтон зэрэг хэдхэн төвөөс, Орос бол Москва, Петербург зэргээс, Хятад Бээжин, Шанхай хоёроос хамааран хөгжсөн гэхчлэн. Мэдээж бусад төвүүд бий л дээ. Гэвч би “бусад төвийн” тухай ярих гээгүй.
Энд онолын хэллэгт хот хөдөөгийн буюу хот тосгоны, эсвэл зах зээл түүхий эдийн гэж нэрлэгдэх эдийн засаг, нийгмийн харилцааны асуудал үүсч байна. Энэ харилцаа хотуудын том жижиг, хоорондын зай, мөн татах хүч, зах зээлийн хүч, сүлжээ зэргээс хамаарах нь тодорхой.
Түүхэн энэ бодит байдлыг нийгмийн шинжлэх ухаан үүссэн цагаасаа л судалж эхэлсэн. Энэ нь арай цэгцтэй хэлбэрээр Тюненийн загвар, Кристаллерын төв газрын онол, суут М.Веберийн аж үйлдвэрийн байршлын загваруудад туссан байдаг.
Энд би хөгжлийн олон зуун жилийг алгасан, мөн онолын эрэл хайгуулын олон зууны дэвшлийг бас л алгасаад шууд XIX зуун руу орж байгааг Та харж байна. Нэг өгүүллийн хүрээнд ингэхээс өөр арга надад байхгүй. Түүнээс гадна онол унших төрөлхийн дургүй монголчуудад Гегель, Фейербах, Веберээс орчуулж өгөөд алуулахаа алдсанаа би мартаагүй байна. Уг нь манайхан М.Вебер, К.Маркс хоёрыг уншвал бидэнд л хэрэг болно л доо.
Эдгээр загварууд нь объектуудын (хотуудын) цар хэмжээ, тэдгээрийн татах хүч, түүнчлэн тэдгээрийн хоорондын орон зайг харгалзсан учраас бодит загварт ямар нэг хэмжээгээр дөхөж очсон юм. Гэхдээ л тэдний загвар одоогийн шинжлэх ухааны түвшингөөс үзэхэд “бүдүүлэг” байсан нь мэдээж хэрэг.
Ингээд 1950-1960-аад оноос энгийн биет загвараас илүү нарийн загвар руу шилжиж эхэлжээ. Энэ үед аль нэг газар нутаг дээр буй янз бүрийн салбаруудын бөөгнөрлийг тайлбарласан Мюрдалийн “кумулятив эффектийн” (нийлмэл, нийлбэр-Х.Д.Г.) онол бий болов. Үүнийг хялбарчлан тайлбарлавал:
Хэрэв аль нэг газарт аль нэг салбарыг байршуулахад тохиромжтой ахул бусад салбаруудаа татан дуудах кумулятив үр дүн үүсдэг. Ийм газар нутагт өрсөлдөх чадварынхаа ачаар өсөлтийн цэг үүсдэг.
Үүнийг манайхан сайн тогтоож авах хэрэгтэй л дээ. XXI зуунд 1950-1960-аад оны “юм нээгээд” донгосоод явах утгагүй л дээ. Зүгээр л уншиж судлаад болох юм л даа, уг нь…
Дараа нь асуудал бүр ч сонирхолтой болсон юм. Перру гэгч нөхөр хөгжил багатай газар нутагт шинэ салбарын үйлдвэрүүдийг байршуулаад тийшээгээ бусад салбарыг татах замаар “өсөлтийн цэгүүд” байгуулах онол хийгээд санаа гаргажээ.
Энэ яг манай асуудал мөн биз дээ ?! Манай сэхээтнүүд үүнийг л өдөр болгон ярьдаг биз дээ ?!
Тэгвэл үүнийг чинь аль 1950-иад онд нээчихсэн гэдгийг би сануулж байна. Ер нь Монголын олонхи сэхээтний мэдлэг боловсрол үнэн өрөвдөлтэй болсон гэдэг нь эндээс харагдана.
Ингээд энэ онолыг янз бүрийн орны засгийн газрууд хоцрогдсон нутаг орноо хөгжүүлэх зорилгодоо ашиглаж эхэлсэн юм. Итали гэхэд л Сицилид тухайн үедээ орчин үеийн гэгдэж байсан нефть нэрэх завод, Калабрийд металлургийн комбинат барьсан юм. Гэтэл кумулятив үр дүн гарсангүй.
“Өсөлтийн цэгийн” онол буруу юу ?! Тэд алдав уу ?! Энэ явдал зөвхөн гадаадад болсон гэж үзвэл тун их эндүүрэл болно. Манай БНМАУ эхлээд Улаанбаатар, дараа нь “УБ-Дархан-Эрдэнэтийн аж үйлдвэрийн цогцолбор” байгуулж, “өсөлтийн цэг” амжилттай байгуулж чадсан асар их туршлагатай. Тэр ч байтугай аж үйлдвэр-хөдөө аж ахуй хосолсон “хөгжлийн олон цэгүүд” бүхий эдийн засаг-нийгмийн систем бүтээж чадсан юм.
Манай сэхээтнүүд юм л бол гадаад онол, туршлага гэж давхидаг хөгийн мулгуу сэтгэлгээ, үйлдлээ болих хэрэгтэй л дээ. Байгуулсан том системээ эвдрэлд оруулж, эвдэж хаячихаад одоо хөгжүүлнэ гэж дайрах инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй. Өөрсдөө гайхамшиг бүтээчихээд гадаадаас туршлага хайгаад давхичихдаг чинь бүр ч жигшилтэй. Энэхүү аж үйлдвэрийн цогцолборын тухай би жич ярих юм.
Баруунд өсөлтийн цэг буруу болсны шалтгаан нь: Улсын тусламжтайгаар орчин үеийн аж үйлдвэр байгуулах замаар хоцрогдсон газар нутаг дээр өсөлтийн цэгийг зохиомлоор бий болгох үлэмж түвэгтэй. Хэрэв энэ нутаг дэвсгэр дээр өрсөлдөх бодит чадвар байхгүй бол хувийн бизнес тийшээ ордоггүй бөгөөд кумулятив үр дүн гардаггүй. Энэ бол эхний дүгнэлт.
Мөнхийн зовлон
Ер нь бол аливаа улсын орон зайн хөгжлийн асуудлаарх ямар ч шийдвэр ихээхэн үнэ цэнэтэй байдаг. Энэ нь тэгш байдал хийгээд үр ашгийн асуудал мөн.
Баабар саяхны нэг өгүүлэлдээ Зөвлөлтөөс өгсөн мөнгийг үйлдвэрлэлд биш, хөдөөг хөгжүүлэхэд ямар ч үр ашиггүй зарсан гэж тоо баримт ишлэн загнасан. Тухайн үеийн МАН Баабараас хамаагүй илүү сэтгэж байсан нь мэдээж хэрэг. Тэгээд МАН ихэнхи хөрөнгө мөнгийг хөдөөг хөгжүүлэх, ард түмнийхээ соёл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд зарцуулсан юм. Ингэсний ачаар бүх аймаг, бүх сум, бүх багийн төвүүд, одоогийн бүх хот суурингуудыг байгуулж Монгол Улс нийгмийн асар их дэвшилд хүрсэн юм. Гэтэл бүх юмыг зөвхөн мөнгөний өнцгөөс хардаг Баабар ард түмнээ харанхуй мунхаг, ядуу зүдүү хэвээр нь байлгаж байгаад эхлээд мөнгө олох ёстой байсан гэж онолдоод хорь гаруй жил болж байна.
Улс болгонд нэг л мөнхийн зовлон байдаг. Энэ бол жигд хөгжлийн болон хурдан хөгжлийн зовлон юм.
Ухаандаа Орос гэхэд Сибирь хийгээд зүүн бүсээ хөгжүүлэх гэж, Хятад бол баруун болон баруун хойт бүсээ хөгжүүлэх гэж, тэнд хөгжлийн төв бий болгох гэж толгойгоо гашилгаж байна. Бүх улс ийм зовлонтой. Харин ямар ч зовлонгүй цайчихсан ганцхан улс байгаа ба тэр нь Монгол.
Хэрэв эдийн засгийн хурдан өсөлтийг баримжаалбал аль нэг газартаа хөрөнгө хүчээ төвлөрүүлж, тэндээ өсөлтийн цэг бий болгоод дараа нь түүнийгээ таталтын цэг болгон хувиргах хэрэгтэй. Хэрэв улс орноо жигд хөгжүүлэхийг баримжаа болговол хөрөнгө хүчээ жигд хуваарилах шаардлага үүсэх ба энэ үед эдийн засгийн өсөлт саарна.
Улс орны дотоодод хөгжлийн ялгаа хэт их гарвал улс гүрэн задрах бодит аюул нүүрлэнэ. Эсвэл бүгд адилхан болбол эдийн засгийн үр ашиг муудаж, нийт хөгжил саарна. Ийм болоод л мөнхийн зовлон юм. Энэ нь тэгш байдал хийгээд үр ашгийн мөнхийн зөрчил юм.
Ингэхлээр улс гүрэн бүр тэгш байдал хийгээд үр ашиг хоёрын зөрчлийн зохист харьцааг сонгох гэж үйлээ үздэг. Монгол бол үйлээ үзэх нь байтугай, үүнийг ярих ч үгүй “жаргаж цэнгэж” яваа цорын ганц улс юм.
Энэ үед улс гүрэн ямар сонголт хийдэг вэ ? Нэгдмэл жор байхгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ хэрэв улс нь харьцангуй хөгжилтэй, хүрэлцэхүйц баян ахул бүхий л газар нутгаа жигдэвтэр хөгжүүлж, нийт хүн амдаа нийгмийн баялгийг жигд хуваарилдаг хандлагатай.
Хэрэв улс нь ядуу, гүйцэж хөгжихийг эрмэлзэж байвал аль нэг бүсийг түлхүү хөгжүүлэх бодлого барих ба бүхий л хөрөнгө хүчээ тэнд төвлөрүүлдэг. Энэ үед орон нутгийн хөгжил жигд бус, тэнцвэргүй болох нь ойлгомжтой.
Гэхдээ энэ нь хандлага болохоос яг таг тогтсон дүрэм журам биш юм. Ихэвчлэн улс гүрнүүд энэ хоёрын дундах ямар нэг зохист харьцааг барихыг хичээдэг байна. Мэдээж ямар ч харьцаа байлаа гэсэн орон зай, цаг хугацаанаас хамаарна.
Онол практикийн цаашдын хөгжил
Нэвчилтийн буюу диффузын онол 1960-аад онд эхлэн үүсэв. Инноваци орон зайд хэрхэн тархдагийг энэ онол авч үзсэн юм. Манай олон сэхээтэн инноваци хийгээд нэвтрүүлээд л Монгол Улс хөгжинө, хөгжүүлнэ гэж тун гэнэн сэтгэх бөлгөө. Ийм гэнэн үзэл бодол манай Ерөнхий сайд асан хүнээс авахуулаад тун олон сэхээтэнд одоо болтол байгаа. Тэр ч байтугай намын улс төрийн баримт бичигт хүртэл орсон.
Гэвч инновацийг А цэгээс В цэг рүү хүссэн хүн, нам болгон шилжүүлээд аваад ирдэг эд биш бөгөөд энэ нь нэн тодорхой зүй тогтолд захирагддаг гэдгийг 1960-аад онд бүрэн баталсан юм. Гэтэл XXI зууны монгол сэхээтнүүд “инноваци нэвтрүүлнэ” гэж хөөрч давхих нь инээдтэй бөгөөд өрөвдөлтөй.Үүнийг хэлсэн хүн рүү, жишээ нь над руу бүлэглэн дайрч, гутаан доромжлох нь дундад эртний үед ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх бөлгөө.
Инноваци бол суурьшлын шаталсан системийг дамжин нэвтэрдэг, тухайлбал том хотоос бага хот руу, тэндээсээ зах хязгаар руу гэхчлэн. Тэгвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гуравхан хоттой улсад инновацийн нэвчилт буюу диффузи хэрхэн, яаж явагдах вэ гэдгийг бодсон хүн ганц ч байхгүй. Мөн хөгжлөөр үлэмж хоцрогдсон Монгол Улс инновацийг хэрхэн юунаас нь, яаж эхлэх, яаж авах дэлгэрүүлэх талаар бодсон хүн бүр ч байхгүй. Одоо Монголд инноваци гэж хоосон орилсон усан тэнэг сэхээтнүүд л дүүрэн байна.
Манайхан зөвхөн эдийн засгийн инноваци ярьдаг заншилтай бөгөөд түүний агуулга нь “орчин үеийн техник, технологи бүхий аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахаас” өөр зүйл биш юм. Мөн шууд монгол үгээр хэлбэл бүх аж үйлдвэрээ, онолын хэллэгээр бүх бодит эдийн засгаа устгачихаад инноваци гэж хоосон газар орилдог улс Монголоос өөр байхгүй.
Дараа нь ойрын нэвчилт буюу том хотын төв болон хотын зах хүрээний ихээхэн том асуудал байдаг ба үүнийг ёстой бантан болгосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улс албатай юм шиг заавал хамгийн боловсролгүй хүмүүсээ сонгож Улаанбаатар хотыг захируулж байгаагаас энэ бүхэн шалтгаалж байгаа. Гэвч энэ нь бие даасан том сэдэв учраас жич ярих нь зүйтэй байх.
Ингээд 1970-аад он болоход өсөлтийн цэгийг хүчээр бий болгох боломжгүй, ийм нутаг газар өрсөлдөх давуу тал байхгүйн улмаас өсөлтийн цэг болж чаддаггүй гэсэн дүгнэлтэд олон улсын түвшинд хүрсэн юм.
Гэхдээ энэ дүгнэлт Монголд огт хамаагүй юм. Барууны улсууд “боломжгүй” гэж дүгнэж байхад бид 1970-1980-аад оны үед цулгуй хоосон газар дээр Эрдэнэт хотоо байгуулж, Дархан-Эрдэнэтийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулсан гайхамшгийг бүтээсэн юм.
Баруунд орон зайн тэгш бус байдлын бодит шинжийг тайлбарласан онолууд шил дараалан гарч эхлэв. Үүнийг төв болон зах хязгаарын (периферия) онолууд гэж нэрлэдэг. Энэ төрлийн онолыг эдийн засагт Фридман, эдийн засгийн түүхэнд Бродель, улс төр судлалд Валлерстайн нар бүтээсэн юм.
Эдгээр онолд цаг ямагт төв гэж байсан, цаг ямагт зах хязгаар (периферия) гэж байсан ба тэдгээрийн хооронд хагас периферия гэж нэрлэгдэх уян хатан бүс байдаг гэж үздэг. (Миний “Нийгэм-түүхийн онолууд” цувралыг үз.)
Төв нь зах хязгаараасаа хүн, санхүү, байгалийн зэрэг бүхий л нөөцийг шавхан авч төвлөрүүлэх бөгөөд энэхүү төвлөрлийнхөө ачаар ямар нэг инноваци бүтээдэг. Хэрэв тухайн загвар хэвийн ажиллаж байвал хожим эдгээр инноваци нь зах хязгаар руугаа тархдаг.
Тэгэхлээр инноваци нь хэн нэгний хүссэн зоргоор биш, харин зөвхөн төв газар үүсдэг байна.Төв газар гэдэг нь олон улсын түвшинд бол том улсууд, нэг улсын дотор, тухайлбал Монголын хувьд бол ердөө л Улаанбаатар хот юм. Яахав, Дархан, Эрдэнэт байж болох ч би Улаанбаатар гээд төлөөлүүлж байна.
Эндээс хоёр том асуудал үүснэ. Нэгдэх нь улсынхаа инновацийг хаанаас авах вэ ? Хоёрдахь нь Монголдоо инноваци яаж хийх вэ ? Энэ нь их том асуудал ба одоо болтол хэн ч онол практикийн түвшинд дэвшүүлэн тавьж байгаагүй. Энэ удаад би зөвхөн асуулт тавиад орхиж байна. Удахгүй эл сэдвээр жичид нь нухацтай ярилцах ёстой.
Нэвчилт буюу диффузийг зөвхөн эдийн засгийн утгаар ойлговол нэн өрөөсгөл болно. Учир нь нэвчилт гэсэн ойлголт нь давхар нийгэм, соёл, оюун санааны хүрээг хамт хамарч байдаг юм.
Түүхэн болон онолын социологийн үүднээс судлах ёстой энэ сэдвийг барьж судалсан хүн болон байгууллага Монголд бас л байхгүй. Энийг ч гэсэн дангаар нь жичид нь ярих ёстой.
Тэгвэл төвөөс зах руугаа нэвчилт явж, төвлөрөл явагддаг юм бол эргэх буюу урвуу үйл явц байгаа юу ? Байлгүй яахав. Чухам энэ эргэх холбоон дээр л аливаа улс гүрний хөгжил тогтож байдаг юм.
Энд Монголоор бол хот хөдөөгийн, шинжлэх ухааны хэллэгээр хот тосгоны харьцааны ихээхэн том асуудал гарч ирнэ. Хот хөдөө яримагц л нэг талаас “хотын”, нөгөө талаас “хөдөөний” нөхдүүд орж ирээд загнаад байдаг юм. Уг нь энэ бол онолын социологийн суурь асуудал бөгөөд үүнийг мэддэг хүн Монгол тоотой хэдхэн бий. Тэгж яривал “хот”, “хөдөө” гэдэг шиг тодорхойгүй үг монгол хэлэнд байдаггүй.
Үүнийг хөндөж судалсан хүн Монголд бас л ганц ч байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Үүнийг бас л жичид нь ярих аварга том сэдэв юм.
Монголын амьдрал олон арван жил урсгалаараа явсаар байтал одоо Улаанбаатар гэсэн нэг том төвтэй, бусад нь зах хязгаар болсон хачирхмаар харьцаа үүсээд байна. Шууд хэлэхэд Монгол Улс Улаанбаатар-Дархан-Эрдэнэтийн аж үйлдвэрийн тойрог (бүс), бусад зах хязгаар гэсэн хоёрхон үндсэн хэсгээс бүрдэж байна.
Ингэмэгц сайхан зам бариад аймгийн төвүүдийг холбоод хөгжүүлээд өгнө гэсэн бодол санаа манай төр засгаас эхлээд сэхээтнүүдийн дотор түгээмэл. Ийм үхэр, илжиг шиг бодол, үйлдэл төр засгийн дээд түвшинд олон жил үргэлжилж, Монголын буянг шороонд цацаж байна.
Үр дүн нь Улаанбаатар хот ганцаараа хөгжиж, бусад нь хоцрогдсон зах хязгаар болон хувирч байна. Хэрэв төр засгийн энэ мулгуу бодлогыг өөрчлөхгүй бол Монгол Улс сөнөхөд ганц хуруу дутуу байна.
Одоо Улаанбаатар хот инновацийн төв үү, зах хязгаарыг шулан мөлжигч үү ?! гэсэн зарчмын асуулт тавиад энэ сэдвийг дуусгаж байна. Бас л энэ талаар амаа цууртал ярьсан боловч онолын түвшинд эл асуудлыг хөндөж, дэвшүүлэн тавьсан хүн бас л байхгүй.
Манай нөхцөлд инноваци нэвтрүүллээ ч гэсэн дээр хэлснээр Улаанбаатараас өөр газар хөгжүүлэх боломж байхгүйд манай өрөвдөлтэй нөхцөл байдал оршино. Гэхдээ гарцын олон хувилбар байгаа бөгөөд үүнийг дэвшүүлэн тавих нь байтугай энэ тухай ярьсан хүн рүү сүрэглэн дайрч, гутаан доромжилдог “ёс заншилтай” болоод их удаж байна.
Өнөөгийн онол практик
Дээр дурдсан хэт өрөөсгөл, тэнцвэрт биш нөхцөл байдлын улмаас Монгол Улсын хот хөдөөгийн нийгэм, эдийн засгийн холбоо харилцаа муу ажиллаж, нийгмийн сувгууд нь бөглөрсөн байна.
Бид наад зах нь баруун, зүүн хоёр талдаа нэлээд хүчтэй төв бий болгохыг зорин тэмүүлэх ёстой. Тэгсний дараа бол төв хийгээд баруун зүүн гарын тэнцвэрийн тухай ярьж болно.
Энэ нь Н.Энхбаярын дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэх балай тэнэг, хөгийн зүйлтэй ямар ч хамаагүй гэдгийг онцлон дурдаж байна.
Монгол Улсыг нэн эртнээс төв, баруун, зүүн гар гэж хувааж байсан зарчмыг эдүгээ ч харгалзаж болно гэдэг нь олон жилийн системт судалгаанаас харагдаж байна.
Онолын хувьд гэвэл ХХ зууны сүүл гэхэд М.Портерийн кластерийн онол гарав. Манай сэхээтнүүд энийг их ярьдаг болсон. Гэхдээ цаад учир шалтгааныг нь мэдэхгүй бол мянган онол, онолын нэр яриад ямар ч хэрэггүйг би монгол судлаачийн хувьд сайн мэднэ.
Манайд ид моодонд орж, амны зугаа болж байгаа учраас би кластерийн онолын талаар ярихгүй. Харин М.Постерийг энд тэнд урьж ажиллуулсан тухай өгүүлбэл бидэнд хэрэгтэй гэж бодож байна. Ухаандаа М.Постерийг Орос болон Казакстанд урьж лекц уншуулж, зөвлөгөө авсан юм.
Дашрамд дурдахад казакууд маниудаас хамаагүй дээр, дэндүү ухаантай ажилладаг юм, тэд оюуны талын асуудлыг маш их анхаардаг ба дэлхийн шилдгүүдийг авчирч зөвлөгөө авч чаддаг юм. Манайх болохоор фанатик либералуудыг голдуу урьдаг ба практик чиглэлийн эрдэмтдийг олж урьж чаддаггүй.
Улс болгон Америкийн Силиконы хөндий, Италийн нэхмэлийн болон гутлын салбар үйлдвэрүүдийн кластерийн жишээгээр жигтэйхэн сайхан кластер байгуулаад хөгжихийг хүсэх нь мэдээжийн хэрэг.
Гэтэл тэднийг дуурайх гэсэн олон оролдлого бүтэлгүйджээ. Лав л пост зөвлөлтийн орон зайд сайхан кластер байгуулах гэсэн бүхий л оролдлогууд баларч дууссан.
Манайх ч гэсэн бараг ялгаагүй дээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж хэдэн жил лаг сүртэй манаргаж байгаад одоо хоосон мэлийгээд зогсож байгаа биз дээ. Одоо бол “онол ном” ярьсан нусгай пацаанууд л кластер гэж ярина уу гэхээс хашир хандгайнууд ёстой гонжгор. Кластер гэвэл бараг цочиж байгаа юм чинь…
Ингэхлээр “төр засгийн бодлогын” тухай жичид нь ярих шаардлага гарч байгаа юм.Бодоогүй юмыг бодлого гэх нь зохимжгүй. Гэхдээ дээр дурдсан асуудлуудыг 20 гаруй жил огт бодоогүй субъектыг төр засаг гэх нь бүр ч утгагүй. Гэвч энэ тухай дараагийн өгүүлэлд дурдах юм.
xxx
Ингээд “Улсаа яаж хөгжүүлдэг тухай” эхний өгүүлэл дуусч байна. Энэ өгүүлэлд тун олон асуудлыг “жичид нь ярина”, “энэ бол их том сэдэв”, “үүнийг хэлэлцэх ёстой” гэхчлэн үлдээгээд байгааг Та анзаарч байгаа байх.
Энэ нь би тун олон асуудлыг мэдэж байгаа, мөн тун олон асуудлын шийдлийг мэдэхгүй байгаа гэсэн хэрэг юм. Үнэнээ хэлэхэд миний хувьд Монгол Улсаа хөгжүүлнэ гэхээр оюун бодолд шийдлийн “мянга түмэн” хувилбар эргэлдэж, системийн нэгтгэн дүгнэлт хийхэд маш их эргэлзээ, сэтгэлийн шаналал төрж байнга зовж явдаг юм. Ийм ажлыг тасралтгүй хийж, ажил мэргэжил, амьдралаа болгосон хүнийг судлаач гэдэг.
Ингэхээр мэргэжлийн судлаач би хүртэл тун олон, бүр маш олон асуудлын шийдлийг мэдэхгүй байгаагаа шууд хэлэх нь шударга хэрэг болно. Иймээс эдгээр үлдээсэн асуудал болгоноор нухацтай ярилцах ёстой нь зүйн хэрэг. Энэ зовлонг яс махаараа туулсан болохоор телевизээр гардаг, бүгдийг мэддэг, амаараа Монгол Улсаа хөгжүүлдэг, “арга замыг” шууд зааж өгдөг ганц ч хүнд би итгэдэггүй.
Гэвч “Монгол “Улсаа хэрхэн, яаж хөгжүүлэх” бүх нийтийн шоу, телевизийн уралдаан болж байгаа тохиолдолд би тун гэнэн үйлдэл хийсэн байж ч болох. Учир нь твиттер, фээсбөөкийн нусгай пацаанаас эхлээд доктор хүртэл надаас хавьгүй илүү, намайг нулимаад хаядаг бүхэл бүтэн “арми” байгаа…
Харин би тэдний өөдөөс хорь гаруй жил тасралтгүй хийсэн системт судалгааг сөргүүлэн тавьж ялж чадна. Ийм судалгаа нэг их олон хүнд байхгүй гэж би бодож байна. Энэ өгүүлэл түүний нэг л хэсэг юм. Мөн бид УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэлтээр дээр дурдсан “хүнд сэдэв” болгоноор судалгаа шинжилгээний ажил эхлээд хэдэн жил болж байна.
Хүмүүстэй “үлдээсэн” сэдвээрээ ярилцахад надад таатай байх нь мэдээж. Гэхдээ би ганцхан болзол тавина. Энэ бол онол, арга зүйн зохих ёсны буюу орчин үеийн шинжлэх ухааны түвшин юм. Энэ нь дурдсан асуудлуудыг нэг нэгээр нь биш, харин “бүхэл систем” болгон авч үзэх явдал юм. Үүнийг шинжлэх ухаанд системт хандлага гэдэг. Үүнээс доош түвшинд бол би хэнтэй ч яримааргүй байна. Хэрэв над руу сурсан аргаараа зохион байгуулалттай дайралтаа эхэлбэл би ердөө л үргэлжлэлийг нь бичихээ больж л орхино…
Сүүлийн үед Монголд ямар нэг шинэ үзэл санаа дэвшүүлэхээсээ илүү манайд ужгирч тогтсон, санаатайгаар тогтоосон мунхаг харанхуйтай тэмцэх нь илүү чухал болсон ч байж магадгүй. Гэвч энэ бол бас л тусдаа сэдэв, тэмцлийн огт өөр талбар юм.
Надад хэн нэг уйдсан амьтантай буу халах, “онолоор” маргалдах ямар ч хүсэл алга. Би болон бид Монгол Улсаа хөгжүүлэх нэн тодорхой үзэл баримтлал боловсруулж байна. Энэ нь Монголчуудад тун удахгүй хэрэг болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.