Хонин жил гараад хамгийн их дуулиан тарьсан хэрэг бол Канадын “Хан Ресурс” компани манай улсыг арбитрын шүүхэд ялсан явдал байв.

Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд хандсан “Хан ресурс” өнгөрсөн гуравдугаар сард заргаа авч, 100 сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон.

 

Тэгвэл “Хан Ресурс” Монголын засгийн газар шүүхээр тогтоолгосон нөхөн төлбөрийг өгөхгүй байна хэмээн дахин гомдол гаргажээ. Өчигдөр энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Грант Эдди мэдэгдэл хийсэн байна.

 

“Монгол Улс нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзаж буй нь олон улсын Арбитрын шүүхийг хүндэлдэггүй улсад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах уу гэдэг асуултыг асуухад хүргэж байна”

 

Грант Эддигийн мэдээлснээр “Хан Ресурс” энэ сарын 12-ны өдөр АНУ-ын  Колумб мужийн шүүхэд гомдол гаргажээ. Шүүхээр олон улсын Арбитрын шүүхээр тогтоосон нөхөн төлбөрийн шаардлагыг баталгаажуулахыг хүсчээ.

 

Тэрээр “Нөхөн төлбөр хууль ёсны бөгөөд одоо төлөгдөх цаг нь болсонБид нөхөн төлбөрөө авах “нөхөрсөг” аргуудыг ашигласаар байх болно” хэмээн хэлсэн байна.

 

Түүнээс гадна Грант Эддигийн мэдээлсэн хамгийн ноцтой зүйл бол нөхөн төлбөр нэмэгдсэн болон цаашид нэмэгдэж байгаа тухай байв.

 

 

Торонтод төвтэй компанинийн захирал “Монгол Улс нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзаж буй нь олон улсын Арбитрын шүүхийг хүндэлдэггүй улсад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах уу гэдэг асуултыг асуухад хүргэж байна” хэмээн хэлжээ.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хан Ресурсын захирлууд Монголд ирж, Уул уурхайн сайд Р.Жигжидтэй уулзсан тухайгаа дурджээ. Тэр үед Уул уурхайн сайд “Хан Ресурс” гэрээгээ эрт дуусгасан тул нөхөн төлбөрөө хүчингүй болгох талаар бодох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн гэнэ. Тиймээс Монголын засгийн газар олон улсын шүүхийн шийдвэрийг дагахгүй байр суурьтай байгаа тул нөхөн төлбөрөө гаргуулах хууль ёсны аргуудыг шат дараатайгаар авахаар болсон байна.

Д.Идэр