УСУГ: Төв цэвэрлэх байгууламжийн засвар амь аргацаасан зүйл болсон
2015/06/16
Улаанбаатар хотын бохир шингэнийг татан зайлуулдаг Ус Сувгийн Удирдах Газрын харьяа цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 13-ны шөнө 03:00 цагаас эхлүүлж, 4-ний 00:00 цагт шилжих шөнө нийт 23 цагт багтаан хийж дуусгажээ.
Засвар хийх хугацаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй бөгөөд богино хугацаанд тухайн засварын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг хэвийн болгосон байна.
Тухайлбал:
§ Анхдагч дөрвөн тунгаагуурын бетонон хийцийг засварлаж, 1,3 дугаар тунгаагуурын шибер хаалтыг шинээр сольж 4 дүгээр тунгаагуурын шибер хаалтын цөмөрсөн хэсгийг засварлаж,
§ Элс баригчийн дөрвөн коридорт тогтсон 15 тонн элс, хог цэвэрлэж,
§ Биологийн цэвэрлэгээний аэротенкийн цоорсон 240 метр квадрат хэсгийг бөглөж засвар хийв.
Дээрх засварын ажлыг цаг алдалгүй хийхээр УСУГ-ын гурван бригад, Линкс поверкор ХХК -ны мэргэжлийн баг, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын аврах гал унтраах 26-р анги зэрэг гурван байгууллагын нийт 70 ажилтан албан хаагчид хамтран ажиллажээ.
Улаанбаатарчуудын усны хэрэглээг зайлшгүй хязгаарлах шаардлага гарч Ус дулаан дамжуулах 110 төв, 36 үйлдвэр аж ахуйн газар, Урьдчилан цэвэрлэх байгууламжид бохир усаа нийлүүлдэг есөн ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн усыг тодорхой хугацаанд хязгаарласан байна.
Анхдагч тунгаагуурын хуваарилах шибер хаалтын засварын үед бохир ус эрс багассан тул 2 насос станцын хүлээн авах сан болон 1200,1400 мм-ийн гол шугаманд ухрааж, хуримтлуулж, биологи цэвэрлэгээний Аэротенкийн засварын үед механик цэвэрлэгээгээр цэвэрлэсэн 70900 шоо метр усыг /60-аад хувийн цэвэршилттэй/ хэт ягаан туяа болон хлороор давхар халдваргүйжүүлэн байгальд нийлүүлжээ.
Энэхүү засварын ажлын явцад УСУГ-ын Усны төв лабортори байнгын хяналт тавьж , цаг тутамд усанд ууссан үлдэгдэл хлорыг үзэж, хоёр станцаар хүлээн авсан болон цэвэрлээд гаргаж буй уснаас дээж авч байжээ. Мөн хөндлөнгийн хяналтад Туул голын сав газрын зөвлөл ажиласан бөгөөд энэ удаагийн засварын ажил бол зөвхөн амь аргацаасан “гал унтраах” төдий асуудал болсон гэдгийг УСУГ-аас мэдээллээ.
С.САРУУЛ
Зочин · 2015/06/17
Гэсэн ч чамлахааргүй ажил шүү. Үе шаттай л хийгээд байвал уг нь. Засварлах ажил**********нд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Ажлын амжилт хүсье.