П.Цогтбаатар: Монгол наадам бол монголчуудын бахархал
2015/06/17
Морь барианы газар
“Монгол наадам цогцолбор” ОНӨУҮГ-ын захирал П.Цогтбаатар Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. 2013 оны есдүгээр сараас тус албыг хашиж байна.
-Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ?
-НИТХ-аар 2013 оны есдүгээр сард “Монгол наадам цогцолбор байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд Монгол төрийн наадмаа зохион байгуулах байгууламжийг “Хүй долоон худаг”-т цогцолбороор барихаар шийдвэрлэсэн. Улс, нийслэл, хувийн хэвшлийн хөрөнгөөр томоохон цогцолбор барьж, монголчууд тэндээ наадмаа бүх төрлөөр тэмдэглэдэг болох зорилготой.
-Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн дэнж дээр нааддаг байсан. Энэ цогцолбор юугаараа давуу талтай вэ?
-Одоогийн бидний ашиглаж байгаа Төв стадионыг 1958 онд хятад иргэд барьсан түүхтэй. Арван мянган хүний суудалтай. 1960 онд Улаанбаатарын хүн ам 100 мянга хүрсэн байдаг. Тэр цагаас 60 шахам жил өнгөрч, нийслэлийн хүн ам 1.4 сая болсон. Төв цэнгэлдэх маань хэвээрээ. Хүн ам 14 дахин өссөн. Хот төлөвлөлт байхгүйгээс эргэн тойрон барилга баригдсан. Төрийн тэргүүнүүд л унаатай очих боломжтой. Ихэнх наадамчид явган очиж наадмаа үзнэ. Гэтэл өнөөдөр монголчууд зах зээлийн эдийн засагт шилжсэн. Олон иргэд унаатай болсон. Тэд чинь цаг хэмнэх гэж л унаа авна биз дээ. Гэтэл цэнгэлдэхийн орчимд хүрэлцээтэй зогсоол байхгүй. Олон хүндрэлүүд үүссэн. Үүнийг зохицуулах ганц арга нь өөр газар шилжүүлэх. Гэхдээ томхон талбайтай газар нэг мөсөн цогцолбороор нь шийдэхээс өөр аргагүй.
Сур харвааны талбай
-Дэд бүтэц бүрмөсөн шийдэгдэх үү?
-Дэд бүтцийг үндсэндээ шийдчихсэн. Одоогийн төслөөр машины зогсоол, үйлчилгээ, наадамчдын тав тухтай орчин бүрэн шийдэгдэнэ. Яармагийн дэнжид дэд бүтцийн тухай ойлголт байхгүй байсан. Төв цэнгэлдэхийн хувьд гаднаас харахад л ОО хангагдсан мэт харагддаг болохоос үнэн хэрэгтээ хэрэгцээ хангагдсан ариун цэврийн өрөө байхгүй. Гэтэл гадны маш их жуулчин ирдэг болсон. Тэд хэлэхгүй л болохоос дотроо таагүй л байдаг байх. Өнгөрсөн жил хоёр орос жуулчин “Танай хамгийн том баяр маш сонирхолтой юм. Харамсалтай нь үзэхэд тохь тухь муутай юм” гэж илэн далангүй ярьж байсан.
-Шинээр байгуулсан цогцолбор 20 жилийн дараа хоцрогдохгүй гэсэн баталгаа бий юу?
-Нийслэлийн удирдлагын сонгосон энэ газар өмнө нь монголчууд Даншиг наадмаа хийдэг байсан газар гэж түүхийн эх сурвалжид байдаг. Цогцолбор 2013-2020 он хүртэл баригдана. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөл батлагдсан. 13.6 мянган га газар хамарч байгаа.
Цэнгэлдэх хүрээлэн
-Сонгино хайрхан дүүрэгт ийм их газар байгаа юм уу?
-Дээрх төлөвлөсөн газрын 1.6 мянган га газар нь л Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдана. 12 мянган га газар нь Төв аймгийн Аргалант сумын нутаг. Одоогоор нийслэл энэ цогцолборт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
-Хилийн цэс шийдэгдээгүй хөрөнгө оруулчихаад, сүүлд нь маргаан гарахгүй юу?
-Бүх түвшинд шийдэх талаар яриахэлэлцээ хийж байгаа. Төв аймаг, Аргалант сумын удирдлага “Монгол төрийн наадмаа хүндэтгэнэ” гэж байгаа. Гэхдээ бас тухайн суманд нь шийдэх асуудлууд байдаг болохоор, харилцан ашигтай хамтарч ажиллах санал тавьж байгаа гэсэн. Удахгүй шийдэгдэх байх.
Шагайн харвааны ордон
-Хэр их хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, хаанаас босгох вэ?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны долоодугаар сард БНХАУ-ын Шанхай группын төлөөлөгчтэй санамж бичигт гарын үсэг зурсан. Нийтдээ 130 сая ам.долларын хөрөнгө оруулалтын тухай баримт. Үүнд 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. Морь барианы газар 5-10 мянган хүний суудалтай, сур харвааны газар гурван мянган суудалтай, шагай харвааны ордон мянган хүний суудалтай, зочид буудал. Энэ бүхнийг 130 сая ам.долларт багтааж барихаар төлөвлөсөн.
-Барилга, байгууламжийн өртөг хэр үнэтэй тусч байгаа бол?
-Олон орны ийм хэмжээний байгууламжтай харьцуулж үзсэн. Өмнөд хөршийн санал хамгийн хямд тусч байгаа. Санамж бичигт гарын үсэг зурсан БНХАУ-ын Шанхай групп нь дэлхийн барилгын хамгийн том 200 компаниас 30-д жагсдаг компани юм байна. БНСУ-ын Инчон хотын наадмыг очиж үзэж байсан. Тэнд 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 320 сая ам.доллараар барьсан. Тэгэхээр бидний төлөвлөгөө муугүй гэж бодож байна.
Өндөр зэрэглэлийн зочид буудал
-Хямдхан юм чанаргүй байдаг гээд шүүмжлээд эхлэх байхдаа.
-Засгийн газар Монгол төрийн наадамдаа анхаарал хандуулаад БНХАУ-ын Засгийн газарт төслийг дэмжих санал оруулбал манай мэргэжилтнүүд ажиллаж эхэлнэ. Чанарт хяналт тавих чадвартай мэргэжлийн байгууллагууд манайд олон бий. Нөгөө талаас дэлхийд үйл ажиллагаа явуулдаг Шанхай группын хамгийн том брэнд бол нэр хүнд. Тэд 130 ам.долларын хөрөнгө оруулалтаар чанаргүй барилга барьж нэр хүндээ унагахгүй байх.
-Энэ том хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нийслэл өөрөө шийдэх чадвартай байхад, яагаад өнөөг хүртэл гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа эхлэхгүй байна?
-Санамж бичигт гарын үсэг зурсаны дараа Эдийн засгийн яаманд албан бичиг өгсөн байдаг. Оны өмнө дахиад Сангийн яаманд өгсөн. Өрийн тааз өссөн гэдэг утгаараа Засгийн газар маань жаахан хүнд байх шиг байна. Одоохондоо дорвитой дэмжлэгалга. Гэхдээ удахгүй өндөр хэмжээний уулзалтаар яригдах мэдээ бий.
-Мөнгө бүтээд, төсөл хэрэгжлээ. Өрийг хэн, хэзээ төлөх вэ?
-130 сая ам.доллар 20 жилийн хугацаатай, жилийн нэг гаруй хувийн хүүтэй зээл. Бид зургаа дахь жилээс үндсэн зээлээ төлж эхэлнэ. БНСУ-ын Морин спортын холбоо 1200 морьтой. Тус холбоо жилд төгрөгөөр тооцвол дөрвөн их наяд төгрөг олдог. Төрийн наадам гэдэг утгаараа төр нэг их ашиг хайх хэрэггүй л дээ. Ёс заншлаа дэлхийд таниулах том ажил шүү дээ. Өндөр байшин, үнэтэй машин унадаг иргэдтэй, хөгжингүй орнууд сүүлийн үед үндэсний өв, соёлоороо өрсөлдөж байна. Олон орны орлогы эх үүсвэр аялал жуулчлал болж хувирсан. Тухайн оронд жуулчид өв соёлыг нь сонирхох гэж ирдэг. Зээлийн төлбөрийн хувьд хүндрэл үүсэхгүй байх.
-Ямар ч ашиггүй ажиллах юм уу?
-Тэгж ойлгож болохгүй. Ийм том байгууламж зөвхөн наадам хийчихээд хаалгаа бариад суухгүй. Удахгүй жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай үндэсний амралт, спотын үйл ажиллагаа явуулдаг болно. Гэхдээ зөвхөн төр үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг биш. Цогцолборыг тойрсон их хэмжээний үйлчилгээг хувийн хэвшлийнхэн эрхэлнэ. Маш их ажлын байр, орлого тэдэнд орж ирнэ. “Монгол наадмын цогцолбор” Төрийн наадмаас гадна нарийн менежмент шаардаж байна. Томоохон тэмцээнээс эхлээд хүүхэд залуус чөлөөт цагаа зөв, соёлтой өнгөрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах асар том орон зай үүснэ. Бидний төлөвлөгөөгөөр жилийн турш, 24 цагийн турш үйлчилгээ явагдана.
-Жилийн дөрвөн улиралд очих ямар нөхцөл бүрдэх вэ?
-Монгол шиг дөрвөн улиралтай оронд бүх төрлийн спортоор хичээллэх боломжтой. Дэд бүтэцтэй газар өвөл, зуны спортын ямар ч төрөл хөгжих боломжтой. 2014 онд арав шахам арга хэмжээ зохион байгуулсан.
-Цэнгэлдэхэд арван мянган хүнд хуушуур, ундаа зардаг байсан бол одоо 30 мянган хүнд үйлчилдэг болох нь. Арай дөнгүүр бизнес хийх хувь хүмүүст ямар боломж байна?
-Хүй долоон худагт зөвхөн морь үзэх гэж 110 мянган хүн ирдэг. Хэрэв бөх, морь, сур гурвыг нэг дор үзнэ гэвэл 250-300 мянган хүн нэг дор цуглах магадлалтай. Одоогийн цэнгэлдэх хүрээлэн дүүрчихсэн байхад, гадна дотор байгаагаас дутахгүй олон хүн байдаг биз дээ. Энэ олон хүн цуглахаар миний төсөөллөөр 1000 хүний суудалтай Зоогийн газар багаар тооцоход арвыг барих хэрэгтэй. Энэ бол нэг л жишээ. Хувийнхан сэтгээд хэдэн ч төрлийн үйлчилгээ нээж болно. Үүнийг төр хийх шаардлага байхгүй. Хувийн хэвшлийнхэн л найдвартай хийж чадна. Гэтэл 1000 хүний Зоогийн газар хэд хоног, ямар орлоготой ажиллах вэ гэдэг асуудал үүснэ. Тэднийг байнгын үйлчлүүлэгчтэй, тасралтгүй, хэвийн ажиллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний ажил.
-Гадна, дотны том мөнгөтэй улсууд хөрөнгө оруулах санал тавибал хүлээн авах уу?
-Хүлээж авна. Одоо бидэнд томоохон хөрөнгө оруулалтын санал ирж байгаа. Морин парк, Үндэсний цогцолбор үзүүлбэр гэх мэт. Гэхдээ бид хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас газар, үл хөдлөх хөрөнгө оруулалтын гэрээ бол хуулиар зохицуулагдана. Бидний үүрэг цогцолборыг ашиглалтанд оруулж цаашдын менежментийг хийх, дагавар үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд ашигтайгаар зохион байгуулах. Дээр нь үндэсний өв соёлыг дэлхийд таниулж, үндэсний болон бусад спортыг дэлгэрүүлж, залуу үедээ боломж олгох.
-Шинэ үйлчилгээ, шоу бодож олсон гэсэн.
-Олон юм бодож байгаа. Дэлхийн олон хотуудад, шар айрагны, улаан лоолины, өдөн дэрний гэх мэт сонирхолтой баяр байдаг. Тэгвэл манайд яагаад дэлхийн хэмжээний цагаан айрагны баяр хийж болохгүй гэж. Үүгээр маш том сурталчилгаа хийж болно. Шагайн харваанаас гадна, шагайн наадаан гэж маш сонирхолтой уламжлалт тоглоом байна. Дэлхий аварга биш гэхэд улсын аварга шалгаруулж болно шүү дээ. Айраг исгэх, өрөм тогтоох, ааруул, хоормог гээд гадныханы нүдийг бүлтийлгэдэг олон сонирхолтой ахуйн хэрэглээ манай бий. Энэ бүхэн чинь ямар ч үлэг гүрвэлээс илүү гадныханыг татна. Тохилог орчин л байвал тэд үүнийг харахын тулд хэдэн ч ногоон төлөхөөс буцахгүй. Уйгагүй хэрэгжүүлж чадвал энэ бүхэн эргээд хувийнханд бизнес болж өгөөжөө өгнө. Манайхан түүнд зохион байгуулагчаар л оролцоно.
-“Монгол хүү” шоу гэж юу вэ?
-Бас нэг санаачлага 21 аймгийг хамарсан 16-18 насны залуучуудыг бөх, морь, сураар өрсөлдүүлэх, бас охидуудыг ёс заншил, зан үйлээр өрсөлдүүлэх тухай санаа.
-Одоо Хүй долоон худагт очвол ямар үйлчилгээ авч болох вэ?
-Морь, дугуй унаж, сур харваж болно. Теннис, бильярд тоглож, гэр, хоолоор үйлчлүүлнэ. Хувь хүн, албан байгууллага бидэнтэй харьцаж ямар ч хэлбэрээр амралт, баяр ёслолоо тэмдэглэж болно. Бэсрэг наадмуудыг зохион байгуулахад ч бэлэн байна.
Х.Баттөгс