Монгол улс ФАТФ-ын хар жагсаалтаас мултарч чадсан уу
2013/06/13
Маргааш 2013 оны зургаадугаар сарын 15. Энэ өдрөөс амжиж Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүү-лэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульдаа өөрчлөлт оруулах учиртай байсан.
Манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх /ФАТФ/ байгууллагын гаргасан судалгаагаар саарал жагсаалтад багтаж буй. Хэрэв дээрх хуульд тус байгууллагын тавьсан шаардлагын дагуу өөрчлөлт оруулаагүй бол хар жагсаалтад ороход бэлэн байв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед эрхэм гишүүн Д.Лүндээжанцан “Ж.Батзандан гишүүн бид хоёр тус байгууллага дээр очиж ажиллан зөвлөмж аваад ирсэн. Нийт 49 шаардлага тавьсны 38-д нь манай улс хангалтгүй үнэлгээ авсан. Одоо оруулж ирж буй хуулийн төсөлд энэ бүхэн багтсан уу” хэмээн асууж байв. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Манай улсад мөнгө угаасан гэмт хэрэг хэдэн удаа гарч байсан талаар тооцоо судалгаа байна уу.
Эсвэл энэ хуулийг батлах гэсэндээ л хуулийн төсөл санаачиласан юм уу” хэмээн асууж байлаа. Үүнээс үзэхэд манай хууль тогтоогчид энэ талаар ойлголт багатай байдаг бололтой юм. Нөгөөтэйгүүр хамгийн түрүүнд холбогдох магадлалтай хүмүүс нь улс төр, бизнесийн хүрээнийхэн, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг.
Мөнгө угаасан гэх хэргээр саяхан МИАТ компанийн экс удирдлагуудад ял сонсголоо. Урьдчилсан байдлаар тэд 23 аж ахуйн нэгжийн нэр дээр мөнгө угаах ажлаа эхлүүлсэн нь тогтоогдоод байгаа гэсэн. Энэ хэрэг Монгол, Япон, Хонконг гээд үндэстэн дамнасан нь нэгэнт тодорхой болсон учраас манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн анхны тохиолдол ч гэж хэлж болох юм.
Мөн ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монголд төрийн өндөр алба хашдаг дөрвөн хүн нийт 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлснээс үүдэн тус улсын хууль хяналтынханд дансаа шалгуулахад хүрчээ. Гэтэл тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлах ёстой байсан ч дипломат эрх ямбад нь халах болчихоод хэргийг шалгахад хүндэл учраад байгаа аж. Тэрбээр өчигдрийн хэвлэлд “Бараа, машин захисан мөнгө байсан юм. Ерөөсөө энэ хэргийг улстөржүүлж дэвэргээд байнаа. Намайг энэ албан тушаалд ирэхэд олон хүн өрсөлдөж байсан” гэсэн тайлбар нийтлүүлжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонго өөрийнх нь нэр дээрх 20 гаруй дансаар “орж, гарсан” онц их хэмжээний ам.долларын хэрэг энэ төрлийн хэрэгт хамаарах эсэх нь шалгагдаж байна. Энэ бүх эргэлзээтэй асуулт, уйлагнасан хариултыг цэгцлэх цаг нэгэнт болжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийн төслийг боловсруулж байгаа. Үүнтэй холбогдуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг ч боловсронгуй болгох шаардлагатай болсон.
Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ нь эдийн засагт эерэг үр дүн дагуулахын зэрэгцээ нарийн зохион байгуулалттай мөнгө угаах ажиллагааг хянах, дансны далд гүйлгээг нягтлах аргаа боловсронгуй болгохыг шаардаж байгаа юм. Монгол Улс дэлхийн нэгээхэн хэсэгт оршин тогтнож байгаагийн хувьд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-д элссэн. Тиймээс тус байгууллагын өмнө амласан хугацаандаа тавьсан шаардлагад нь нийцүүлэн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан баталж амжлаа. Харин одоо “Ямар тохиолдолд мөнгө угаасан гэж үзэх вэ” гэдгийг олон нийтэд тайлбарлан таниулах нь чухал байна.
Өнөөдөр данстай бүхэн уг хуулийг шагайж, эсвээс дансаа ашиглахаас айж эмээж суух учиргүй. Энэ бол ардчилал, эрх чөлөө, тэр тусмаа бидний эрээд, хүсээд байсан эдийн засгийн эрх чөлөөг хаасан хэрэг биш. Зөвхөн олон улсын стандартад нийцсэн, нэгдмэл нэр томьёо, зохицуулалтад “хөл нийлүүлж” байгаа хэрэг юм.
Тагнуулын ерөнхий газрын вэб сайтад “ОУВС-ийн шинжээчид “мөнгө угаах” гэмт хэргийн орлогын нийт хэмжээ ДНБ-ий 2-5 хувийг эзэлж байна” хэмээн мэдээлжээ. Тус байгууллага сүүлийн гурван жилийн дотор гадаад, дотоод иргэдийн оролцсон мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй явуулж байна. Мөн энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч байгаа аж.
Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгний гэмт үйлдэлд давхар ял оноохдоо бус харин бусдыг гэмт этгээдэд санаатай болон санаандгүйгээр тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог байна. Үүнтэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэргийн тухайд наад захын ойлголтуудын талаар Тагнуулын ерөнхий газраас өгч буй мэдээллийг товч тоймлон хүргэж байна.
“Мөнгө угаах” гэмт хэргийн тухай ойлголт
Олон улсад “мөнгө угаах” гэдэг үг өргөн хүрээнд хэрэглэгдэж байна. Гэмт хэргийн замаар олсон орлогыг эд зүйл, өмч болгон хувиргаж хууль ёсны замаар олсон мэт харагдуулах үйл явцыг ингэж нэрлэдэг.
“Мөнгө угаах”-тай тэмцэх гол зорилго нь хэн нэгэн этгээдийн гэмт үйлдэлд нь давхар ял онооход бус харин гэмт этгээдэд тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх, түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.
“Мөнгө угаах” гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн гурван үе шаттай үйлдэгддэг.
Гэмт хэргийн замаар олсон орлогыг ямар зориулалтаар ашигладаг вэ
-Гэмт хэрэгтнүүд болон тэдгээрийн хань харилцаа, хамсаатан, тойрон хүрээлэгчдийн урсгал зардлыг санхүүжүүлэх (гэмт хэрэг зохион байгуулах болон бусад хэрэглээнд);
-Бэлэн мөнгө, үнэт зүйл, тансаг хэрэглээ бусад хэлбэрээр өсгөж, арвижуулах;
-Гэмт үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх (үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг төрөлжүүлэх);
-Эдийн засгийн салбарт хууль ёсны хөрөнгө оруулалт хийх (үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө, санхүүгийн зах зээлд байршуулах);
“Мөнгө угаах” гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй ижил төстэй, хоорондоо нягт уялддаг ч агуулгын хувьд тусдаа явагддаг. Тухайлбал, “мөнгө угаах” нь хууль бус орлогыг хууль ёсны мэт харуулахыг зорьдог бол терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны орлогыг хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог.
ЯМАР ҮЙЛДЛИЙГ МӨНГӨ УГААСАН ГЭХ ВЭ
Олон улсын стандартад “мөнгө угаах” (money laundering) үйлдлийг дараах байдлаар тодорхойлдог. (Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо, 2000 он):
1. Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
2. Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;
3. Тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;
4. “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх;
“Мөнгө угаах” гэмт хэргийн шалтгаан, нөхцөл
“Мөнгө угаах” нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шиг гэнэт буцаж гардаг. Энэ нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэх аюултай. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны улс орнууд авч болно. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнд саад учруулах, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж давамгай байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. “Мөнгө угаах”, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр байдаг.
Хөгжиж буй эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ их байх нь дамжиггүй. Тэр хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол ихсэхийн зэрэгцээ банкаар дамжих орлого, хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ байхгүй мэт ойлгох нь эргээд санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна.
У.Оргилмаа
news · 2013/07/09
c6*lh5 I value the post.Thanks Again. Awesome.