“Эрдэнэт” үйлдвэрт өргөтгөл хийгдлээ
2015/06/19
Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн 6-р сарын 20-нд буюу маргааш, томоохон бүтээн байгуулалтаа хүлээн авна. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, уул уурхайн ууган үйлдвэрийн хамт олонд баяр хүргэх юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.