Тойм: Онцлох үйл явдлууд
2015/06/20
-Эдийн засаг- Манай улсын эдийн засаг хямарсан эсэх талаар дээдчүүлийн хүрээнд цэц булаалдаж, ном хаялцаж байх зуур жирийн айл өрх амьдрах орчноо сайжруулж, зээл авч орсон орон сууцныхаа лизинг төлж чадахаа больж, хоёр идэх нь байтугай хоосон хонохгүйн төлөөх тэмцэл ширүүсч эхэлсэн нь улс орны бодит байдлын индикатор болж байна. Улс гэрийн анхдагч нэгж иймэрхүү дүр зурагтай байгаа нь томоор харвал Монгол Улс өр ширэндээ баригдаж, хямрал бодитоор нүүрлэснийг илтгэж байгаа хэрэг. Хямрал гэж хэлэхэд ч багадахаар хүндрэлд өртсөн. Энэ талаар "Зээлийн дарамт буюу ”Чөтгөрийн тойрог” дахь Монгол" нийтлэлээс дэлгэрэнгүй унших боломжтой.
-Улс төр- Сарын турш маргаан дагуулсан гацууртын ордын асуудлыг дахин буцаав. УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн гацууртын ордны төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, өөрсдийн саналаа хэлсэн юм. Харин санал хураахад 47 гишүүнээс 32 нь татгалзсанаар Гацууртын ордыг ашиглалтад оруулахыг дэмжсэнгүй. Ийнхүү байр сууриндаа бат зогссон тэднийг харсан УИХ-ын дарга “Засгийн газар хохь нь. 10 гишүүн сайдаа бүгдийг хуралдаанд суулгаад дэмжүүлж чадсангүй” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Ийнхүү улс төрд ордуудаа ашиглах талаар маргаан ширүүхэн явагдсан ч эцэст нь шийдэлд хүрэлгүй буцаасан юм.
-Нийгэм- Зун цаг ирсэнтэй холбогдуулан эцэг, эх анхаарал болгоомжтой байн хүүхдүүдээ ганцааранг нь гэртээ үлдээхгүй байх хэрэгтэй байгааг сэрэмжлүүлж байна. Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо Авзагын 17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр иржээ. Уг дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход долоон настай хүү гаднаасаа цоожлуулсан байжээ. Өрөөнд нь утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсан тул аврах албаныхан долоон давхарын айлын цонхоор дамжин зургадугаар давхарт нэвтэрч хүүг аварсан юм.
-Урлаг- Э.Амартүвшин тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээнд оролцож байгаа гэдгийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү уралдаанд шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа. Тус тэмцээнд дэлхийн 55 орны 350 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн юм.
Сүүлийн шатны дөрөв дэх хэсгийн тоглолтын дараа шилдэг 5 дуучныг зарласан бөгөөд тэд ирэх баасан гарагт тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй тэмцээнд оролцож буй дуучин Э.Амартүвшин дөрөв дэх хэсгийн тоглолтонд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” дууг дуулж Британичуудыг гайхшрууллаа. Түүнд уншигчдынхаа өмнөөс амжилтыг хүсье.
өндөр болгох нууц · 2015/06/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮