Газраа орон сууцны урьдчилгаа болгох боломжтой болно
2015/06/21
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа барьцаалж орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгох талаар НИТХ-д өргөн барьж хэлэлцэхээр болжээ.
Ингэхдээ газрын харилцааны цахим үйлчилгээний систем, газрын бирж байгуулах аж. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авсан иргэдийн хувьд дийлэнх нь дэд бүтэц хөгжөөгүй нийслэлээс хол газар авсандаа сэтгэл дундуур байдаг. Харин зарим нь авсан газартаа хашаа хатгаж нийслэлийн гэр хорооллын хүрээг улам тэлж байна.
Тиймээс иргэдийг орон сууцжуулж Улаанбаатар хотын утааг багасгах, цахимаар олгож байгаа газрыг төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх үүднээс иргэдийг газраа барьцаанд тавих орон сууцны зээдийн урьдчилгаа төлбөрт өгөх боломжоор хангах юм байна. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл барилга хот байгуулалтын яамнаас гаргасан газрын үнэ тогтоох аргачлалын дагуу үнийг тогтооно. Урьдчилсан байдлаар 0.07 га газрыг 9.7 сая, 0.05 га газрыг 6.5 сая төгрөгөөр үнэлэхээр яригдаж буй гэнэ.