Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байна. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байна.

Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. А.Цэрэнтогтох хүүгийн биеийг битүү марлаар ороосон гэнэ. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байна. Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж, түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.

 

Дунд сургуулийн сурагч, 16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзэн асч, халуунаар цоргих галаас дүүгээ хэрхэн аварсан талаар хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 10-ны өглөө аав, ээж хоёр нь ажилдаа явжээ. А.Цэрэнтогтох дүү найман сартай А.Амарболдыгоо хараад гэртээ үлджээ. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж нь ажилд орсон байна. Арван таван жил айлын ганц хүү байсан болохоор А.Цэрэнтогтох дүүдээ их хайртай гэнэ. Өдөржин дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргажээ. Дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна. Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ. А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна. Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал, тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна. Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ. А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон” гэж ээж, аавдаа ярьсан байна лээ. Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ улаан гал руу оржээ. Дүү нь баруун орон дээрээ уйлчихсан сууж байсан гэнэ. Дүүгээ аваад хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн шатаж буй унь, тоонын модыг гараараа зайлчилсаар галаас холдсон байна. Энгэртээ тэвэрсэн дүүгийнх нь нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг харсан байна. Тэр үед дүүгийнхээ амийг аварсандаа баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй аж. Үүнээс хойших үйл явдлыг А.Цэрэнтогтох хүү санахгүй байгаа юм билээ.

А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан гэнэ. Түүний өмд хуванцар сав шатаад умайчихсан юм шиг л болсон байжээ. Эмч нар биед нь наалдсан өмдийг арай гэж салгаж авсан байна лээ. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч А.Цэрэнтогтох ингэж л эр зориг гарган, хүн орох нь битгий хэл 20 гаруй метр зайтай хол зогсох хүмүүсийн нүүр халуу оргиод ойртож чадахгүй байсан гал дундаас дүүгээ авч гарч иржээ. 16 настай хүүхэд байтугай, нас биед хүрсэн хүмүүс ч гал дүрэлзэж гэр, байшин руу орж, гэр бүлийнхээ хүн, хүүхдүүдээ аварч чадалгүй амь насыг нь алдсан эмгэнэлт гашуун түүх олон бий.

ГАЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ

Галд түлэгдсэн хоёр хүүгийн аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нар өнгөрсөн жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ. Өнгөрсөн жил М.Болортуяа амаржих дөхсөн учир пиццаныхаа компаниас жирэмсний амралт авч, хоёр жилийн чөлөө авсан байна. Харин Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байна. Тэд амьдарч буй хороо­ноосоо төслийн шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр “Дашваанжил” компанийн ахуйн хийгээр ажилладаг плитка худалдан авсан аж. Гал гардаг өдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгд­сэн учир хоол, цай хийхээр “Дашваанжил” компа­ниас газ худалдаж авсан байна. Гэхдээ аав, ээж хоёр нь ажилдаа явахдаа плиткатай хийн зуухаа цахилгаанд холбоогүй аж. Гал юунаас болж гарсныг шинжээчид хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар цахилгааны ямар нэг гэмтлээс болж гал гараад баллонтой хийнд авалцаж, дэлбэрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа гэнэ.

 

 

“ЭМ ТАРИА, ТОСОН ТҮРХЛЭГ ЗЭРЭГТ МӨНГӨ ТӨГРӨГ ИХ ХЭРЭГ БОЛОХ ЮМ”

А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын биеийн байдал ямар байгаа талаар ээж М.Болортуяагаас асуулаа.

-Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байна вэ. А.Цэрэнтогтох мэс засалд орсон гэсэн үү?

 

-Бага хүүгийн маань биеийн байдал гайгүй байна. Нүүр, зүүн гар нь түлэгдсэн. Хавдар нь буураад арай дээр болж байна. Том хүү уржигдар арьс нөхөх хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Эхлээд гүн түлэгдсэн баруун гар, зүүн хөлөнд нь хагалгаа хийсэн. Эмч нар 80 хувийн түлэгдэлтийг 50 хувийн түлэгдэлттэй болгочих юм бол амь нас нь аюулгүй гэж хэлсэн. Биеийн байдал нь сайжраасай гэж залбираад л сууж байна.

-Эмчилгээнд шаард­лагатай эм тариаг гаднаас худалдаж авч байгаа гэсэн үү?

-Эмнэлгийн зүгээс манай хоёр хүүхдэд байгаа бүх эм тариа, боолт зэргийг хийж байгаа. Гэвч эмнэлэгт байхгүй эм тариа, тосон түрхлэг гээд маш олон зүйл худалдаж авч байна. Гэр орон маань юу ч үгүй шатчихсан. Бид нар өмссөн хувцастайгаа үлдсэн. Дансандаа мөнгө төгрөг хурааж чадаагүй болохоор эмчилгээний зардалд шаардлагатай мөнгө төгрөг их хэрэг болох юм. Ах, дүү хамаатан, садан чадах чинээгээрээ тусалж байгаа ч хүрэхгүй юм. Өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүхдэд минь сайхан сэтгэлт хүмүүс та бүхэн тусламжийн гараа сунгаасай гэж хүсч байна гэв.

А.Цэрэнтогтох сур­гуулийнхаа шилдэг сурагч гэнэ. Өмнө нь сурч байсан 105 дугаар сургуульдаа мөн л шилдэг сурагч болж байсан сурлага, спорт гээд бүхий л талаар бусдыгаа хошуучилдаг сурагч аж. Амьдралыг гэгээн цагаанаар харж, өөрийнхөө ирээдүйн амьдралыг сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан эр зоригтой хүүгийн биеийн байдал тааруу байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээжээ. Туслахыг хүссэн хүмүүс дараахь утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

 

Э.БААТАР