Барилга  бүтээн байгуулалтын он жилүүд хөвөрсөөр, үнэ нь тэнгэрт хадсаар, ард түмэн нь 10 хувийн урьдчилгаатай зээл батлагдахыг хүлээсээр. Харамсалтай нь хамаг байдгаа барьж, насаараа төлөх өр зээлэнд хамрагдаж байж авсан байр чинь ийм гэвэл та үнэмших үү?

Энэ бол Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газрын баруун талд шинээр баригдаж байгаа орон сууцны барилга. Гартай болгон барилгачин болчихсон болохоор ингэж нүд хуурахаас ч аргагүй биз. Гаднаас нь харахад л ямаршуухан барилга гэдэг нь андашгүй. 

Гэхдээ хүн болгон баригдаж буй явцыг нь харахгүй учраас өнгөлгаа явсны дараа ямар үнсгэлжин болж хувирахыг таашгүй. Энд чанар стандартын тухай дурдаад ч хэрэггүй, тэнхлэг нь хазайсан, суурин давхрыг нь хэдэн тоосго ташуулдуулж өрсөн болж нүх бөглөөд ёстой л тетрисдэж өгч байна гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл Монголд барилгын чанар стандарт, баригдаж байх явцад анхаарал хандуулж, шалгадаг газар гэж байна уу? Зөвхөн зургаадугаар сар гарсаар л бидний нүдэн дээр барилгын гадна фасад салж унасан хэрэг гарлаа /хананд нь бэхлээгүй зөвхөн шавраар тогтоомор аядсан байсны улмаас/, голын эрэг дээр баригдсан шинэ барилга цуурлаа /онцгой хамгаалалтын бүс дотор барьж, хууль зөрчсөнөөс/ гээд нэрлэж болно.

Гэвч эдгээр зөрчлийг хариуцсан байгууллагуудаас нь шалгаад шууд нураах, зогсоох арга хэмжээг авч болдоггүй юм байна, монголын хуулиар. Зөвхөн сануулга өгч, шаардлага хүргүүлсэн төдийхнөөр эрх нь хязгаарлагдана.Тиймдээ ч дур, дураараа аашлагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр, иргэдийг хохироосоор...

 

Б.Хишигдэлгэр