Сүүлийн жилүүдэд химийн бодисыг усанд уусган газрын хэвлий рүү шахаж, уран болоод занарын тос, хий олборлох аргыг гадныхан Монголд эрчимтэй сурталчилж, хэрэгжүүлж эхэллээ. Асар хямд өртөгтэй гэгддэг энэ аргууд нь олборлогч компаниудын хэлж буй шигээ үнэхээр аюулгүй нь үнэн болов уу? Гаднаас нь энгийн нүдээр харахад газар нутаг сүйдсэн нь харагддаггүй болохоор л аюулгүй гэж дүгнэж болох уу?
 
Харин олборлолт хийж буй орон нутгийнхны туулсан амьдрал огт өөр түүх өгүүлж байна. Газрын хэвлий рүү химийн бодис шахсанаар гүний усны давхаргыг гэмтээж, ундны усыг хэзээ ч дахин цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулдаг. Түүнчлэн занарын хий олборлох гидравлик фракинг арга гэхэд ундны ус бохирдуулахаас гадна газар хөдлөлтийг идэвхжүүлж, байгаль орчныг дахин сэргэхгүй болтол нь гэмтээн сүйтгэдэг нь тогтоогдоод байна.
 
Дорноговийн Улаанбадрахад Арева компани туршилтын журмаар уран олборлож үзэхэд л мал сүрэг олноороо үхэж үрэгдэж, гажиг төл гарсан байдаг. Саяхан Арева ашиглалтын лицензүүдээ гардан авсан тул цаашид юу болохыг төсөөлөшгүй. АНУ-ын Оклахома мужид 2013 онд 109 газар хөдлөлт бүртгэгдсэн бол фракинг аргаар олборлолт хийж эхэлснээс хойш буюу 2014-2015 онуудад 585 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Агаар болоод ундны ус хордож, цоргоноос ус биш метан хий гарч дэлбэрсэн тохиолдол ч бий. Олборлолтод ашигладаг химийн бодисууд нь хүний арьс, нүд, салст, тархи, цус, дархлаа, зүрx судас, бөөрний үйл ажиллагаанд хортойгoop нөлөөлж, хорт хавдар, гажиг хөгжил үүсгэдэг.
 
Ийм аюултай болохоор нь дэлхийн олон нийт газрын хэвлий рүү химийн бодис шахаж уусган соруулах аргыг эсэргүүцэн тэмцсээр ирсэн. Герман, Болгар, Франц, Люксембург, АНУ-ын Нью-Йорк муж, тэр бүү хэл фракингийн “төрсөн нутаг” Техас мужийн Дентонд хүртэл фракинг аргыг хориглосон байдаг. Ердөө 2 хоногийн өмнө гарcан мэдээнээс үзвэл “фракинг нь ард иргэд болоод амьд байгальд асар хортой тул Европын Холбоо тэр даяараа хориглох хэрэгтэй” хэмээн Английн судалгааны байгууллагаас гаргасан тайланд уриалжээ.
 
Та бүхэнд АНУ-ын БОЯ-наас гаргасан нэгэн тайлангийн тухай мэдээг орчуулснаа хүргэе. Газар эхийнхээ хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?
 
Амарлин
 
Фракинг аргаар олборлолт хийснээс болж 11 мужид ундны ус бохирдсныг АНУ-ын БОЯ-ны судалгаа нотолжээ
 
“Гидравлик фракинг” гэдэг аргаар занарын хий, тос олборлох нь ундны усыг огтоос бохирдуулдаггүй хэмээн олон жилийн турш мэтгэж ирсэн Обамагийн захиргаа удаан хүлээгдсэн нэгэн судалгааны тайланг нийтэлжээ. Тус тайланд фракинг аргаар олборлолт явуулснаас болж ундны усны нөөц, үүнд ахуйн хэрэглээний худгийн ус бохирдсон тохиолдлууд гарсаныг хүлээн зөвшөөрсөн байна.
 
Энэ бол саяхан АНУ-ын Байгаль Орчны Яамнаас гаргасан фракинг аргаар занарын тос, хий олборлох нь ундны усанд нөлөөлдөг эсэхийг судалсан 1000 хуудас үнэлгээний талайнгийн гол дүгнэлт нь юм.
 
Үнэндээ БОЯ-ны судлаачид бодит байдал эсрэгээрээ байгааг нотолсон хэд хэдэн судалгаа хийсэн нь олон нийтийн хүртээл болчихоод байхад БОЯ-ны түшмэл асан Лиза Жаксон, Эрчим хүчний Төрийн Нарийн Бичгийн Дарга Эрнест Мониз зэрэг Обамагийн захиргааны удирдах ажилтнууд фракингаас болж ундны ус бохирдсон баримт нотолгоо алга хэмээн мэдэгдсээр ирсэн байдаг. Тиймээс фракинг аргаар олборлоход ус бохирдсон тохиолдол гарсныг хүлээн зөвшөөрнө гэдэг нь Обамагийн захиргааны хувьд нэн чухал алхам боллоо.
 
oklahoma650
АНУ-ын Оклахома мужид 2014 онд 3 магнитудээс дээш хүчтэй газар хөдлөлт 585 удаа бүртгэгдсэн. Харин 2013 онд ердөө 109 удаа бүртгэгдсэн байна. Оклахома мужийн Эрчим хүч, байгаль орчны нарийн бичгийн албаны мэдээлэл
 
“Фракингаар олборлолт хийгдэж буй орон нутгийн оршин суугччдын аль эртнээс мэдэж байсан фракинг аргаар олборлолт хийхэд ундны ус бохирддог гэдэг баримтыг АНУ-ын БОЯ-наас дөнгөж өнөөдөр хүлээн зөвшөөрлөө.
 
Одоо Обамагийн захиргаа, Конгресс болон мужийн засаг захиргааныхан хариу арга хэмжээ авч, иргэдийн ундны усыг хамгаалж, газрын тос, байгалийн хий олборлогч салбарынхны ярьдаг фракинг бол аюулгүй гэдэг үлгэрийг таслан зогсоох арга хэмжээ авах ёстой” гэж Earthworks гэдэг байгаль орчны төрийн бус байгууллагын бодлого хариуцсан захирал Лорен Пэйжел мэдэгдэжээ.
 
Гэвч БОЯ-наас ундны ус бохирдсон тохиолдол нь гидравлик фракингийн өрөмдлөгийн цооногны тоотой харьцуулахад цөөн байсан хэмээн тайлбарласаар байгаа аж. Мөн “фракинг нь АНУ-ын цэвэр усны нөөцийг өргөн цар хүрээтэйгээр бүхэлд нь бохирдуулсан тухай баримт нотолгоо алга” гэж судалгааны тайланд бичжээ.
 
Газрын тос, байгалийн хий олборлогч компаниудын төлөөлөгчид фракинг аргаар олборлолт хийх нь ундны усыг огт бохирдуулдаггүй гэж зүтгэж ирсэн. Тэгвэл БОЯ-ны судалгаа гарсны дараа Energy in Depth мэтийн олборлогч компаниудийн бүлэглэлүүд усны бохирдол түгээмэл тархаагүй гэсэн судалгааны дүгнэлтийг иш татаж, фракинг олборлолтоос айн түгших үндэслэл алга хэмээн зарлаж эхэлжээ.
 
Тэр бүү хэл уул уурхайн компаниудын Energy In Depth бүлэглэлийн цахим сайт дээр тус бүлгийн төлөөлөгч Кати Браун гэгч эмэгтэй “Энэхүү тайлан нь занар олборлолт нь байгаль орчны хамгаалах үйл хэрэгтэй нягт уялдаатай явагддагийг тодорхой харуулснаараа фракинг олборлолтыг эсэргүүцэгчдийн тавьсан шаардлагуудыг бут ниргэлээ” хэмээн бичсэн байна.
 
Гэвч тус судалгаа нь ус бохирдсон тохиолдол бүрийг бүртгэж данслах зорилго агуулаагүй хэмээн БОЯ-ны ажилтнуудын мэдэгдэж байна. Түүнчлэн, АНУ даяар занарын хий, тос олборлохын тулд өрөмдсөн фракинг олборлолтын цооногийн тоо болон ус бохирдсон бүх тохиолдлыг бүртгэсэн үндэсний мэдээллийн сан гэж байдаггүй аж.
 
АНУ-ын Конгресс болон эрх баригчид газрын тос, байгалийн хий олборлох салбарынхныг байгаль орчны холбогдолтой олон тооны хууль журмаас бүтэн 40 жилийн туршид чөлөөлж ирсний улмаас тус салбарынхан үйл ажиллагаагаа нарийвчлан тайлагнаж байсангүй.
 
Улмаас дээр дурьдсан судалгааны тайланг боловсруулахад фракингаас үүдсэн ослуудын талаар мэдээ бүртгэл ховор тул энд тэндээс хамж шимж байж хэдхэн ослын тухай мэдээ олсон байдаг. Ердөө хэдхэн томоохон осол, тухайлбал, Хойт Дакота мужийн Килдийрт цооног дэлбэрсэн тохиолдол гэх мэт мужийн зохицуулагчдын судалж тогтоосон цөөн хэдэн ослыг тайланд оруулжээ.
 
Дээр нь нэмж өрөмдлөгийн талбайд фракинг-д ашигладаг шингэн асгарсан зэрэг ус бохирдох эрсдэлтэй хэдхэн тохиолдлыг оруулсан тул судалагааны тайлан нь асуудлын дүр зургийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй, хязгаарлагдмал болсныг БОЯ-ныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрчээ.
 
“Нийтдээ 2006 оны 1 сараас 2012 оны 4 сарын хооронд АНУ-ын 11 мужид фракинг олборлолтод ашигладаг химийн шингэн бодис өрөмдлөгийн талбай болон түүний ойролцоо асгарсан 151 ослыг бид судалсан. Ингэхдээ БОЯ-наас гаргасан химийн бодис алдагдсан нөхцлийн тодорхойлолтыг мөрдөж байсан тул судалгааны хугацаанд бодит байдалд тохиолдсон фракингийн шингэн болон бусад химийн бодис алдагдсан нийт тохиолдлуудын багахан хэсгийг хамруулсан байх өндөр магадлалтай” гэж судалгааны тайланд бичжээ.
 
Түүнчлэн судалгаанд фракингийн улмаас ундны ус бохирдсон жишээ тохиолдол цөөхнийг дурьдсан нь ийм төрлийн осол цөөн тохиолддогийн нотолгоо биш. Харин фракинг аргаар олборлолт хийхийн өмнө болоод олборлож дууссан хойноо усны шинжилгээ хийдэггүй , энэ чиглэлээр хийгдсэн урт хугацааны судалгаа ховор, мөн олборлогч компаниуд мэдээлэл өгөхдөө дурамжхан байсан зэрэг учир шалтгааны улмаас гидравлик фракинг ба түүний үр дагаварын талаарх мэдээллийн олдоц туйлын ховор байсныг дурьджээ.
 
Тус судалгааг хийсэн БОЯ-ны шинжлэх ухааны зөвлөх, Судалгаа ба Хөгжлийн Албаны дэд захирал доктор Томас Берк гэгч xэвлэлийн бага хурал дээр “Энэхүү судалгаа нь цэвэр усны нөөцөө хамгаалахын тулд хэрхэх ёстой вэ гэдгийг судалсан болохоос фракингийн хор хөнөөлийг судалсан судалгаа биш” хэмээн мэдэгдэжээ.
 
Фракингийн эрсдлийг судалж, ундны ус бохирдоогүй цэнгэг хэвээр байгаа талаар “Америкчуудад чухал мэдээлэл өгөх зорилготой” усны судалгаа Конгрессийн шийдвэрээр 5 жилийн өмнө эхэлсэн талаар БОЯ-ны удирдах ажилтан 2011 онд болсон хуралдаан дээр ярьж байсан баримт байна.
 
Гэвч БОЯ-ныхан судалгааны нэн чухал баримт болох фракингийн өмнө ба хойно хийсэн усны дээжийн суурь судалгааны мэдээ баримт байхгүйн улмаас усны судалгааны хугацаа удаа дараа хойшлогджээ. Хэрэв суурь судалгааны тоо баримт байсан аваас БОЯ-ны судлаачид фракингаар олборлолт хийснээр усны чанар аажимдаа өөрчлөгдөж буй эсэхийг харьцуулан судалж, ундны усыг хамгийн бага бохирдуулдаг олборлолтын шилдэг арга туршлагыг тодорхойлж чадах байсан аж. БОЯ-наас ийм төрлийн судалгаа явуулахаар зэхэж байсан ч үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхдөө дургуйлхсэн олборлогч компаниуд болоод Обамагийн Цагаан ордны захиргаанаас уул уурхайн салбарынханд улс төрийн шахалт үзүүлэх хүсэлгүй байснаас болж төсөл зогсонги байдалд орсон гэж InsideClimate News дээр өнгөрсөн 3 сард гарсан нийтлэлд бичжээ.
 
Түүнчлэн тус судалгаанд фракингийн үр нөлөөний талаар БОЯ-ныхан шинэ тоо баримт огт нийтлээгүй гэж газрын тос, байгалийн хийн олборлолт ундны усанд хэрхэн нөлөөлдгийг судалдаг хэд хэдэн судлаач эрдэмтэд үзэж байна. Тэдний бодлоор бол БОЯ-ны судалгаа нь өнөөг хүртэл хийгдсэн олон судалгааг нэгтгэж, мужуудийн зохицуулах албадаас шалгасан фракингийн улмаас ус бохирдсон тохиолдлуудыг жагсаасан тойм болсон ажээ.
 
“Өмнө нь нийтлэгдсэн судалгаануудыг нилээд бүрэн дүүрэн тоймлосон боловч шинээр нэмж судалсан зүйл бага байна. БОЯ-наас ирээдүйн чиг баримжааг судлах судалгаа хийсэнгүй, өрөмдлөгийн цооногийн усыг хянах талаар судалсангүй, газар дээр нь очиж туршилтын судалгаа хийгээгүй тул судалгаа маш чамлалттай санагдлаа. Үнэндээ энэ тайланд нэг их шинэ мэдээ мэдээлэл алга” гэж Стэнфордын их сургуулийн байгаль орчны эрчим хүчний профессор Роберт Жаксон хэлжээ.
 
Хэдийгээр тус судалгаанд фракинг аргаар олборлох нь усыг бүхэлд нь бохирдуулдаггүй гэж дүгнэсэн боловч фракинг үйл явцын алхам шат бүрт ундны усанд учирч болох эрсдэл бүрийг шатлан жагсаасан байна. Үүнд цооногийг идэвхжүүлэхийн тулд фракингд ашигладаг химийн бодисыг усанд уусгахаас авахуулаад цооног өрөмдөх, фракингийн шингэнийг цооног руу шахах, цооноогоор буцаан соруулж гаргах, фракингийн бохир усыг зохицуулах зэрэг асуудал багтажээ.
 
Цаашилбал, бие даасан судлаачдын гаргаж тавьж, бусад эрдэмтдээр хянагдсан шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд сүүлийн таван жилд нийтлэгдэж буй асуудлуудыг тус судалгаа нотолжээ.Колорадо зэрэг мужид өрөмдлөгийн талбайд химийн бодис асгарч, улмаар фракингд ашигласан бодис усны давхарга руу нэвчих эрсдэл үүссэн олон тохиолдлыг дурьдсан байна. Жишээлбэл, Пенсильвани мужид ус бохирдсоныг нотолжээ. Цаашилбал, газрын тос, хий олборлогч компаниуд, үүнд нэн ялангуяа АНУ-ын баруун эрэг орчмын компаниуд бусдаас илүүтэйгээр усархаг ба нүүрстөрөгч давхаргууд сүлжилдсэн газрын гүний цэнгэг устай давхаргад фракинг хийдгийг тэмдэглэжээ.
 
Олборлогч салбарынхан ийм төрлийн фракинг хийдгээ үгүйсгэдэг. Гэвч Стэнфордын их сургуулийн профессор Жаксон, Доминик ДиГулио нар өнгөрсөн онд эрдэм шинжилгээний бага хурал дээр илтгэл тавихдаа газрын тос, хий олборлогч компаниуд бидний боддогоос ч гүехэн оршдог ашигт малтмалын ордуудад өрөмдлөг хийж фракинг аргаар олборлодог ба ингэхдээ ундны усны давхаргыг нэвт өрөмддөг тухай илтгэл тавьсан бна.
 
Тус судалгааны тайлан нь БОЯ-ны Эрдэм Шинжилгээний Зөвлөл хянасны дараа буюу 2015 оны 6 сарын 5-наас эхлэн олон нийтийн хүртээл болох ажээ.
 
Дэлгэрэнгүйг:
 
 
 
 
 
Амирлан