“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
2015/06/23
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан "Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна.
"Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааны зорилго нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр, төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Нийслэл хотынхоо өнгөрсөн, одоо үеийг харьцуулан харуулсан 2012 оноос хойшхи бүтээл байхаас гадна фото сурвалжлагын төрлөөр оролцож болно.
Гэрэл зургийн бүтээлд тавигдах шаардлага:
- Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20мв-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксэл, нягтрал 200DPI-аас дээш үзүүлэлтэй байна.
- Нэг оролцогч гэрэл зургийн 5 хүртэл, сурвалжлага хэлбэрээр 9-12 багц бүтээлээр оролцох боломжтой.
- Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх.
- Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх.
- Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх
- Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх.
Бүтээлээ "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо" болон НЗДТГ-т 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12:00 цаг хүртэл ирүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.