Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Гонзало Молинер Таморерогийн урилгаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

 Айлчлалын эхний өдөр Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Гонзало Молинер Тамореро нь Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тэр дундаа Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг Испанийн Вант Улсын шүүхэд мэргэшүүлэн сургах талаар харилцан санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн байна.

 

 

 Мөн Ерөнхий шүүгч Ц.Зориг уулзалтын үеэр Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа талаар дурдаж хүний эрх, эрх чөлөөг нөхөн сэргээх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт эрх зүйт төрийн загвар бүхий улс орнуудын шүүхүүд харилцан туршлага мэдлэгээ солилцох замаар хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн тэрээр шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлагыг тасралтгүй хөгжүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хангах томоохон хөшүүрэг болохыг цохон тэмдэглээд энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах саналыг нь хүлээж авсанд талархлаа илэрхийллээ.

 Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Гонзало Молинер Тамореротой уулзахын зэрэгцээ Испанийн Вант Улсын Дээд шүүх болон тус улсын нийслэл Мадрид хотноо байрлах давж заалдах шатны шүүхүүдээр зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм. 

Дашрамд дурдахад Ерөнхий шүүгч ноён Гонзало Молинер Тамореро нь 2008-2012 онд Испанийн Дээд шүүхийн Хөдөлмөр нийгэм хамгааллын маргааны танхимын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан ба 2012 онд Испанийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тэргүүнээр томилогдон ажиллаж байна.