“Дээр Тэнгрээс заяат төрсөн” гэж юу гэсэн үг вэ? Стратегийн өрсөлдөөнд оролцох шалтгаан бий, тэргүүн байрын төлөө зорь гэсэн захиас. Тэрхүү тэнгэрлэг домгийг “Монголын Нууц Товчоон”-ы нэр нь үл мэдэгдэх зохиогч 1240 оны зун Хэрлэнгийн Хөдөө аралд зохиосон бус, 10-аад мянган жилийн өмнөөс улбаатайг түрүүчийн эсээнүүдэд дурдсан.
 
Байгальд зөвхөн байгалийн үзэгдэл юмс оршин буй гэж үзэхийг шинжлэх ухаан гэжэ. Нийгмийн үзэгдэл гэж саланги тусдаа онцгой оршихуй байдаггүй юм. Байгальд амьдралын төлөө тэмцэл л байна. Нийгэмд ялгаагүй.
 
Олон улсын тавцан дахь амьдралын төлөөх тэмцлийг стратегийн өрсөлдөөн гэж байгаа юм. Улс үндэстний хоорондын дээд төвшний даяар үзэгдэл. Өнөө үед стратегийн төвшний өрсөлдөөн осолтой ширүүсч байна. Самуэл П.Хантингтон хэмээгч “Иргэншлүүдийн мөргөлдөөн”-өө 1993 онд эхэлж номлосон юмуу даа. Миний бие 21-р зуунд “Соёлуудын өрсөлдөөн” давамгайлах тухай 1988 оноос бичсээр байна. Энэ хоёр ойлголт угтаа нэг л юмны тухай хатуу ба зөөлөн хосмол нэр томьёо.
 
13-р зууны стратегийн даяар өрсөлдөөнд ялагч, улмаар дэлхийг төвшитгэн тохинуулагч нь Их Монгол улс байв. Энэ нь Рах Мongolica гэж түүхэнд орсон үзэгдэл. Тэгвэл 21-р зуунд хаанахын хэн?
 
Мэдээж, Рах Аmericana нь Олимпийн гол найдвар, багагүй бодитой эрмэлзэл, туйлширсан бодлого. Гэтэл нэг туйлт ертөнцийн эсрэг үзэл санаа өргөжиж байна. Орос орон хүч тэнцүүлэх, стратегийн паритет нөхцөлөө сэргээн хадгалахын төлөө байна. АНУ-ын жанжлалд гол саад нь хүчирхэг Орос. Горбачёвын үед ЗХУ задарч, Ельциний үед Оросыг тараачих шахсан эмгэнэлт явдлыг В.В.Путин засч залруулж чадлаа. 
 
Гэвч Орост Оросоос баруун тийшхи славянууд нь үргэлж гай тарьдгийн үлгэр давтагдав. Ураг садны хол нь дээр гэж мөн ч мэргэн үг шүү. Крымын хойг бол үнэндээ Оросын нутаг. Хрущевын балаг, Украины өөрийнх нь урагшгүйтэл Оросыг хөлдөө чирч байна. Москалиудад удамшлын харшилтай хохлуудаар Англи, Герман, АНУ-ын тусгай албад тоглож даажигнасаар тооцсон үр дүндээ 50 хувь хүрээд байна. 100 хувь хүрэхийн тулд хориг цээр тавих арга хэмжээгээр Оросын эдийн засгийг сөхрүүлэх хэрэгтэй. 
 
Энэ нөхцөлд Путиныг дотоодын бослогоор зайлуулна гэж тооцож байна. Путингүй Орос оронд Шойгу шоронд хатаж, бэлэн зэлэн биеэ бэлтгээд яваа хэдэн жүүд олигархиудын дэглэм тогтсоноор Оросыг тав хуваах төлөвлөгөө нэг жилийн дотор хэрэгжинэ. Бялуу хүртэгчдийн дотор Япон, Хятад тооцогдож яваа учраас Өрнө, Дорнын хавсарсан хуйвалдаанд Орос тэсэхгүй гэж харцгааж байна. 
 
Барууныхан шунал тачаалдаа тэсч ядаад Путинд хараал жатга хийхдээ хүрсэн нь чухам хөгжингүй улсуудын гүн далдад чулуун зэвсгийн үеийн сэтгэлзүй хэвээр явааг харуулна. Харин манай бөө удгад 21-р зууны соёлтой хүмүүс юм.
 
Барууны ертөнц Украины далимаар Оросын эсрэг нэн шаргуу тууштай бодлого баримталж байна. Ийм шалтаг шалтгаан дахиад гарахгүй гэж тооцож байна. Энэ нөхцөлд Орос орон цэрэг-стратегийн бэлэн байдлыг тэргүүн зорилт болгож, цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэх газаргүй гэж ойлгуулах болов.
 
Оросын асуудлын хамгийн ноцтой эгзэг нь юу вэ гэвэл, нэг бол Орос орон АНУ-тай хүч тэнцүү хүчирхэг их гүрэн байна, нөгөө бол нэгдмэл Орос оршин тогтож чадахгүй юм. Гурав дахь зам байхгүй. Саяхан зартай баруунсаг манай нэг нийтлэлч Орос дайнд бэлтгэлээ гээд хэд дахин хүчирхэг Баруунд ялагдана гэж урьдаас бахархжээ. Гэтэл орчин үеийн халуун цөмийн дайнд ялагч ч, ялагдагч ч байж чадахгүй гэдэг математик тооцооны дүгнэлт дээр олон улсын улс төр зогсож байгаа шүү дээ. Сибирь хуйхлагдаад, дайны хөлөөр хятадууд зүг зүгт түрсэн байхад энэ өөрөө хаана хоргодож үлдэх монгол юм бэ бүү мэд.
 
Энэ сацуу саяхнаас Хятад улс Торгоны зам төслөөрөө Рах Мongolica хийх гэж байна гэсэн цуу мэдээлэл цацагдах болов. Рах Мongolica-г залгамжилсан удаахь нэр томьёо нь 1904-1905 оны Орос-Японы дайнаар үүссэн “Шарын аюул” юм. Энэ нь одоо эргээд Рах Мongolica-гаар нэрших бололтой.
 
Ер нь бол Дорно, Өрнийн глобаль стратегийн өрсөлдөөн хэзээнээс байсан. Македоны Их Александр хаан байлдан дагууллынхаа явцад Өрнө, Дорнын соёл иргэншлийг харилцан ойртуулах бодлого барьсанд дургүйцсэн түүний багш Аристотель хор өгч алсан түүхтэй. Аристотель гэж хэн болохыг хүмүүс мэднэ. Наад зах нь логикийн ухааныг үндэслэгч шүү дээ. Өрнө ба Дорно ямагт хоёр тийшээ харж байх нь дээр гэсэн логикийг үндэслэгч нь Аристотель.
 
Дорно, Өрнийн халз тулгаралт манай эриний эхний зуунуудад Ромын ба Хүннү империйн хооронд болсон билээ. Шийдвэрлэх аугаа их тулалдаан өнөөгийн Францын умардын Каталауны талд болж хайнцаж салсан. Сэтгэлзүйн ялалтыг Аттила хаан хангаж чадсан боловч хүннү хүмүүжил, боловсролт Ромын жанжин Аэциус халз тулалдаанд ялагдаагүй юм. Энэ бол 451 оны үйл явдал.
 
Монголын Их хаадын үеийн стратегийн үйл явцыг уншигчид өөрсдөө сэргээн санаж сэтгэх биз.
 
Орос-Японы дайны үеийн нэрт нийтлэлч Окакура Какузо “Шарын аюул”-ын тухай Барууны номлолын эсрэг “Цагааны сүйтгэл”-ын тухай ойлголт дэвшүүлсэн юм. Стратегийн цар төвшнөөр авч үзвэл, Цагааны сүйтгэл нь Шарын аюулаас үлэмж илүү давамгайлж ирсэн нь маргах зүйл биш байх.
 
Соёл иргэншлийн өнөөгийн өндөрлөгт Шарын аюул, Цагааны сүйтгэлийн тухай ярих нь зүй бус зүйл. Харин Рах Мongolica нэр томьёо сэргээд ирсэн нь байгалийн зөн. Стратегийн төвшний өрсөлдөөнд өнөөгийн Монгол Улс 103-р байрт явна. Гэхдээ монголчууд та бид ерөөс өрсөлдөгч байхыг байгаль хориглоогүй. Түүгээр үл барам, түүх маань өрсөлдөгч байхыг шаардаж буй.
 
Өгүүлбээс, манайх том Сенбернар (Хувилгаан Saint-Bernard үүлдэр) нохойтой. Хөрш нэг айл хав биш ч гэсэн жижигхэн нохойтой байв. Нөгөө жижигхэн нохой нь манай нохойд маасагнаж тоглоё гэж урих байдал үзүүлнэ. Манай нохой хууртаж дальжигнаад очихоор нь чихнээс нь шуртхийн зууж гаслуулаад зугатаж орхино. Стратегийн энэ тоглоом олон удаа давтагдсан.
 
Томчуул гэнэн тэнэг байх нь элбэг. Хүн төрөлхтөний туйлын зорилт, Мянганы сорилт нь суурь физикийн эцсийн нэгдсэн онолын асуудал. Түүхэн чухал шийдвэрлэх энэ асуудлаар их гүрнүүд логик-математикийн хувьд манай муу нохой шиг гэнэдэж тэнэгтээд тавиад туучихсан. Асуудлыг жижиг гэж үзэгдэх нохой чихнээс нь зууж гаслуулаад шийдтэй нь чирээд ирсэн.
 
Тиймээ, Рах Мongolica-ХХI бодит түүхэн үйл явц болж өрнөнө.
 
Хүн төрөлхтөнд хэлэх сонин сайхантай, дэлхийд хүртээх өгөөмөр бэлэгтэй, соёл иргэншлийг хөтлөх хүчирхэг жолоотой ганц улс маань өнөөдөр Монгол маань.
 
Тэнгэр мэдэж Монголын цаг ирснийх. Дэлгэрэнгүйг улс үндэсний их баяр наадмаар хэвлэлээс гарах “Чинад Нууцын Монгол Орон” номоос үзэхтүн.
 
Судлаач Ч.Эрдэнэ