Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг бэлэглэлээ.
 

Ёслолын үйл ажиллагаа Чингисийн талбайд боллоо. Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Ард түмний маань сэтгэгдэл ч сайхан байгаад баяртай байна. Нийслэлтэй хамтран ажилладаг Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд өөрийн шинэ загварын автомашиныг бэлэглэж байгаад нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс  талархаж байгаагаа илэрхийлье. Энэ нь манай тамирчдад урам зориг өгсөн үйл явдал болж байна. Э.Оюунболдынхоо гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олонд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аварга болоорой” гэлээ.