Намар, өвлийн бэлтгэлтэй холбоотойгоор Ерөнхий сайд танхимын сайдууд болон, аймгийн Засаг дарга нарт тэмдэглэлт ой, аймаг, сумдын наамдыг наймдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулж дуусгахыг үүрэг болгосоэ. Зарим аймгийн хувьд баяр наадмаа долдугаар сарын эхээр хийсэн бол үлдсэн аймгууд баяраа өнөөдрөөс эхэлж байна. Ингээд доорх мэдээллээс орон нутагт болох ой, наадмын хуваарийг үзнэ үү.

Архангай аймаг

Архангай аймгийн наадам улсын их баяр наадмын өдрүүдтэй давхцаж 10-11-ний өдрүүдэд тохиожээ. Харин Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн баяр наадам мөн улсын их баяр наадамтай зэрэгцэж долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиосон бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.

Баянхонгор аймаг

Баянхонгор аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болжээ. Харин Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.

Булган аймаг

Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд дөрвөн түмэн адууны баярыг тэмдэглэхээр болоод байгаа юм. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймаг баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй юм байна.

Говьсүмбэр аймаг

Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр Ерөнхий сайд наймдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах мэдэгдэл гаргасан учраас энэ сард багтаан наадмаа зохион байгуулах юм байна.

Дорноговь аймаг

Тус аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ. Тус аймгийн Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дорнод аймаг

Дорнод аймгийн наадам 10-11-ны өдөр болсон. Тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойн наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байгаа ажээ.

Дундговь аймаг

Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэжээ. Тус аймгийн Хархорин суманд долдугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадам болох билээ.

Өмнөговь аймаг

Тус аймгийн наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадах юм

Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурд болох юм байна.

Увс аймаг

Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.

Ховд аймаг

Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглсэн. Тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

Хөвсгөл аймаг

Хөвсгөлийнхөн долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадамласан. Харин тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойгоо долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж.

Хэнтий аймаг

Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Дадал сум ирэх 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм.