Үндсэрхэг үзэл бидэнд хэрэгтэй юү?

Үндэсний үзэл.

Монголчууд бидний хувьд энэ нэр томьёог чөлөөтэй хэрэглэдэг болоод нэг их удаан хугацааг өнгөрүүлээгүй байна. Социалист нийгмийн 70 жилд бид үндэсний үзлийн талаар ярих битгий хэл бодох ч эрхгүй байсан бол одоо байдал арай өөрчлөгджээ. XXI зуун гарсан өнөө үед улс, үндэстэн бүр өөрийн өвөрмөц онцлогийг хадгалах, үндэсний соёл, уламжлалаа сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэх болж, тэр ч утгаараа үндэсний үзэл урьд өмнөхөөсөө илүү ихээр сэргэх хандлагатай болж байна. Бид хэдийгээр энэ нэр томьёог чөлөөтэй ярих эрхтэй болсон ч цаад утга агуулгыг нь нарийн ойлгоогүй хэвээр... Арга ч үгүй, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч үзэл, нутгархах үзэл зэрэг олон төстэй ойлголтууд байхад эрдэмтэн, судлаачид л биш бол ажил хөдөлмөрөө хийгээд, амьдралаа залгуулах гэж яваа ард түмэн өөр яах ч билээ.

Тиймээс үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэсэн сонсоход хоорондоо ижил агуулгатай, ялгаагүй мэт 2 ойлголтын талаар цухасхан ч болов авч үзье. Юун түрүүнд үндэстэн оршин тогтнож буй цагт үндэсний үзэл байх нь зайлшгүй. “Өөрөө өөрийгөө танигтун” гэж Эртний Грекийн гүн ухаантан Фалес өгүүлсэн байдаг. Энэ нь тухайн хүнд төдийгүй бүхэл бүтэн үндэстэнд хамаатай асуудал юм. Угсаатан үндэстнүүд үүсэн бий болсноос хойш өөрсдийгөө мэдэрч ухаарсан хэсэг нь өөрийн газар нутгаа тэлж, төр улсаа төвхнүүлэн, түүхэнд гүн ул мөрөө үлдээж ирсэн бол үндэсний үзэл багатай нь төрийн тусгаар тогтнолоо алдаж, үндэстний хувьд мөхөж, бусдад уусан алга болж байсныг түүх гэрчилнэ. Үндэсний үнэт зүйлс, удам, угсаа гарвал, төрийн тусгаар тогтнол, ахуй соёл, түүх уламжлалаа танин мэдэж, соёл уламжлалаа сэргээн хөгжүүлснээр үндэсний үзэл бий болох ч улс үндэстнийхээ түүхийг танин мэдэхгүйгээр үндэсний үзэл хэзээ ч төлөвшихгүй. Ер нь үндэсний үзэл гэдэг тухайн үндэстэн төрөө байгуулан, бататган бэхжүүлэх улс төрийн нэгэн томоохон хүчин зүйл, нийгмийн хөдөлгүүр гэж ойлгож болно.

Монгол нутагт төр улс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс монгол үндэстэн газар, ус, цаг уурын тодорхой орон зайд оршин, Монгол гэх нэртэй, эх орон нэгтнүүдийн нийтлэг нэгдлийг бий болгож ирсэн. Монголчуудын хувьд эл үзэл нь XIII – XIV зуунд ялан дийлэхийн үзэл байсан байж магадгүй ч XVII зуунаас тусгаар тогтнолоо олж авах үзэл болон төлөвшсөн байна. Өнөөдөр ямар ч монгол хүн төрөлх сумандаа манай багийнхан, аймагтаа манай сумынхан, нийслэлд ирэхээр манай аймгийнхан, хилийн чанадад манай улс хэмээн ярьдаг. Энэ бол тухайн хүний үндэсний үзлийн нэг илрэл. Тийм ч учраас үндэсний үзэл гэдэг тухайн улс үндэстний оршин тогтнож буйн баталгаа бөгөөд бусад улс үндэстнээс ялгарах гол онцлог нь тул зайлшгүй чухал ойлголт юм. Харин үндсэрхэг үзлийн хувьд асуудал арай өөр байна.

Үндэсний үнэт зүйлс, удам, угсаа гарвал, төрийн тусгаар тогтнол, ахуй соёл, түүх уламжлалаа танин мэдэж, соёл уламжлалаа сэргээн хөгжүүлснээр үндэсний үзэл бий болдог.

Үндсэрхэг үзэл гэдэг үндэсний үзлийн өрөөсгөл, нэг талыг барьсан, хэтэрхий туйлширсан хэлбэр юм. Энэ нь гол төлөв их гүрнүүдийн бодлогод тод илэрдэг. Өөрийн улс үндэстнээ бусдаас дээгүүр тавих, сайрхах илрэл нь XX зуунд Германы нацизм, Оросын их гүрний дээрэнгүй үзэл, Хятадын их хан үндэстний үзлийг бий болгожээ. Үндсэрхэг үзэл нь их гүрний дээрэнгүй үзэл, цөөнх үндэстний гоморхох үзэл гэсэн хоёр туйлтай. Өнөө үед монголчууд бидний дунд түүхээрээ хоосон бардамнах, бусад улс үндэстнийг дорд үзэх буюу басах, доромжлох хандлага ихээхэн гарч, түүнчлэн өнгөрсөн үедээ түүхэн зүхлийн үүднээс хандах зэрэг явуургүй байдлууд ч хэсэг бүлэг хүмүүсийн дунд ажиглагдсаар байгаа нь нөгөөх л үндсэрхэг үзлийн илрэл.

Бидний өвөг дээдсийн бүтээсэн түүх, соёл, уламжлал гайхалтай гэдэгтэй ганц ч монгол хүн маргахгүй нь тодорхой. Гэхдээ бидэнд өнөө үед бахархах бахархал минь өнгөрсөн үеийн түүх, уламжлал, соёлоос өөр зүйл үнэндээ алга байна. Бид хэдий болтол худал хоосон үндсэрхэг үзэл гарган, цээжээ дэлдэж амьдрах юм бэ?, өөрсдөө юу ч хийж бүтээгээгүй байж харь үндэстнүүдийг басамжлан дорд үзэж, тэнгэр заяат хэмээн өөрсдийгөө өргөмжлөх юм бэ? Бид түүх, соёл, уламжлалаараа бахархдаг ч түүнийгээ сэргээн хөгжүүлье, ахуй соёлоо бусдад таниулъя гэсэн ямар ч дорвитой алхам хийдэггүй. Биднийг юу ч хийхгүй дэмий сууж байхад бидний өмнөөс, бидний түүх, соёл, зан заншлыг харь орнууд өөрсдийн мэт болгон сурталчлан таниулж, хөгжүүлж, аялал жуулчлалын томоохон хэрэгсэл хүч болгон ашиглаж байна. Тийм ч учраас бидэнд тусгаар улс үндэстэн гэдгийг минь батлах, бусад улс үндэстнээс ялгарах онцлогийг бий болгох ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ хэрэгтэй болохоос хоосон хий бардамнал ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ хэрэггүй. Хий хоосон бардамналын оронд бодит алхам бидэнд хэрэгтэй...

Б.Сарангуа