Өнгөрөгч долоо хоногт улс төрд өрнөсөн хамгийн томоохон асуудлуудын нэг нь АН ах нам болох МАН-ыг хамтарсан  Засгийн газраас гаргах тухай мэдэгдсэн нь улс төрчдийг цочроосон гэхэд болно. Харин үүнийг МАН-ын дарга,  УИХ-ын дэд дарга М.Энхболд "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн  эрхийнхээ хүрээнд МАН-аас томилогдон ажиллаж байгаа сайдуудын асуудлыг өөрөө УИХ-д оруулж шийдүүлэх ёстой. Мөн хоёр намын хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талаас бус хоёр тал бодитой дүгнэсний эцэст цуцлахад бэлэн байна" хэмээн хариу мэдэгдэл хийсэн юм. Мөн тэрбээр "АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон Засгийн газар кабинетаар ажиллах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхэнд халдсан. Монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэсэн сэтгэл сэтгэгдлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж намар, өвлийг даван туулдаг ард түмэн. Байгаль дэлхий ган гачигтай, эдийн засаг төдийлөн сайжирч чадаагүй, ялангуяа орон нутагт амьдрал улам хүндэрч байгаа үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд төдийлөн оновчтой бус" гэж дүгнэж буйгаа хэлээд авсан. 

Түүнчлэн улс төрд нэгэн шуугиан дэгдээсэн уулзалт болж эрх мэдэлтнүүдийн харыг төрүүлээд авсан гэхэд болно. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэхгүй хилийн чанадад намынхныгаа дуудаж уулздаг болсон юм. Сар гаруйн өмнө МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва БНСУ-д очиж түүнтэй уулзаад ирсэн. Тэр үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, Ч.Сайханбилэгт алдаагаа засах үүргийг хугацаа зааж өгсөн, хэрвээ хүлээж авахгүй бол Шударга ёс эвсэлийнхэн дуугүй хараад суух уу гээд улстөрийн тактикийнхаа талаар мэдээж ярилцсан байгаа. Шударга ёс эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг засч сайжруулах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй, шаардлагад ч хариу өгөхгүй байна хэмээн дахин бичиг илгээж  огцруулах сануулгыг өгчихөөд байгаа. Энэ үйл явдал өрнөсний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр гэргийтэйгээ Улаан-Үдэд очиж амрахдаа намынхныгаа дуудцгаасан байсан. Тэр үеэр Д.Тэрбишдагватай  нэлээд олон цаг уулзаж зөвлөлдсөн гэж ойрын эх сурвалж мэдээлсэн. 

Ийнхүү улс төрчдийг сандал суудлын төлөөх тэмцэл хийж байх хойгуур эрхэм Ерөнхийлөгч асан яаж эх орноо хөл дээр нь босгох талаар ярилцаж явна. Угтаа бол тэрбээр монгол улсын иргэн гэвч энд ирэх л юм бол хэсэг нөхдүүд барьж хорин ирэх сонгуульд гаргаж ирж болохгүй хэмээж байгаа гэх юм билээ. Харийн нутгаас намын нөхдөө удирдана гэдэг бас л ухаан зарж байна учир мэдэх хүмүүс хэлэлцэх юм. 

Нийгэмд баяр наадмын өдрүүдэд тав хоног амарсан. Харин үүний гай юу эсвэл амарч чаддаггүй бидний буруу юу гэлтэй сэтгэл сэрдхийлгэсэн хэргүүд гарсан байна. Төв аймгийн Зуунмод хотод  52 настай эрэгтэй Б, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т-г хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан хэрэг бас гарчээ. Сэжигтнийг одоогийн байдлаар байцааж буй учир цагдаагийн газраас илүү мэдээлэл өгөөгүй. Талийгаачид үеэл дүүгийнхээ гарт амиа алдсан гэнэ. 

Согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргаж олон хүний амь эрдсэн, Алтай таван богд ууланд авиралт хийж байсан таван хүн цасны нуралтанд дарагдаж алтан амиа алдсан гээд олон хүн хорвоог орхисон эмгэнэлт хэргүүд гарсан нь харамсалтай. 

Алтай хотхоны оршин суугчид наадмын өдрүүдэд зэвтэй усаар ундаалжээ. Энэ байрны оршин суугчид бараг л кетчуп гэмээр улаан хүрэн өтгөрсөн зэвтэй усаар гэр орноо мялааж байгаа талаар нэгэн хэрэглэгч өөрийн олон нийтийн сүлжээ сайтнаа зураг нийтэлсэн байна. Ер нь бол хүний хамгийн чухал хэрэглээний нэг ундны ус нь энэ мэтээр зэвтэй ус гоожоод байвал иргэдийн эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.  Хотын А зэрэглэл гэх дөвийлгөсөн үгтэй сүржин байрандаа зэвтэй ус уугаад байвал тэнд амьдарсны хэрэг байна уу даа ер нь.

Эдийн засаг   Орон сууцны үнэ огцом буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани энэ оны зургаадугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Уг судалгаагаар ОСҮИ 6-р сард 14.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна. Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Орон сууцны үнэ огцом буурч байгаа нь сайшаалтай мэдээний хажуугаар Манай улс дампуурах эрсдэлтэй орнуудын наймдугаарт бичигдсэн таагүй мэдээтэй. 

 Их Британийн эдийн засгийн шинжилгээний "Jubilee Debt Campaigns" байгууллагын шинжээчид Грек шиг өрийн асуудалд орох эрсдэлтэй орнуудыг нэрлэсэн тухай www.businessinsider.com мэдээлэв.

Шинжээчид Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нь өндөр, эрсдэл дагуулах 14 орныг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтад орсон орнуудын Засгийн газар хэдийнэ зээлдэгчдээс их хэмжээний зээл авч, өрөө барагдуулах санхүүгийн эс үүсвэргүй болсон гэдгийг онцолжээ. 

Дампуурах эрсдэлтэй орнуудын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 30 хувиас давсан, өнөөгийн төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас давсан, өрийн эргэн эрэлт Засгийн газрын орлогыг 10 хувиас  давсан гэж шинжээчид тооцоолсон байна. Эдгээр орон 1-2 жилийн дотор өрийн асуудалд орсны улмаас зээл авах, цаашлаад дампуурлаа зарлах эрсдэлтэй болжээ.

Дээрх жагсаалтад Баруун Африкийн Кабо-Верде улс, Доминика улс, Этиоп улс, Гана улс, Лаос улс, Мавритани улс, Монгол улс, Мозабик улс, Самоа улс, Сан-Томе болон Принсил улс, Сенегал, Танзани улс, Уганда улс багтсан байгааг та анзаарсан биз.  Шинжээчид 40 хуудас бүхий уг тайлангаа "www.jubileedebt.org.uk" сайтад байршуулжээ.

Тус тайланд  “Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Монгол нүүрс гэх мэт баялагтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байна. Тус улсын Засгийн газар ирэх онд нэг тэрбум ам.долларын зээл авах төлөвлөгөөтэй байгаа.  Гэвч сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд тогтворгүй болж, төгрөгийн ханш унасан” хэмээн манай улсын тухай дурджээ. 

Спорт “Универсиад” наадамд Монгол улсын нэрийг гаргасан ах дүүс эх орондоо ирлээ. Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “АПУ” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер  Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер  О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртсэн. Мөн “АПУ” ХК-ийн тамирчин, ОУХМ Энхнтайваны Даваахүү 10 метрийн Хийн гар бууны төрөлд 575 оноогоор шигшээ 8-д шалгаран финалдаж Универсиад наадмын Аварга боллоо.

Эрэгтэй буудлагын багийн тамирчид болох  Э.Даваахүү болон  Э.Бадамгарав нар нь  ах дүүс бөгөөд тэд олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа Монгол улсын шилдэг тамирчид юм. Тэд баяр наадмын хоёр дахь өдөр буюу 12-ны үүрээр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг гэр бүлийнхэн нь тоссон юм. Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн тамирчддаа баяр хүргэе.

Урлаг  Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн "уран дүр"-ийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн "МУГЖ" цол тэмдгээр шагнах тушаал гарч баяр наадмын өмнөх өдөр гардан авсан юм. Түүнийг гавьяат болсонд ард түмэн нь төдийгүй урлагийн залуус маш их баярлаж нүдээ олсон шагнал хэмээж байлаа. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа