Үргүйдлийг эмчилж буй Монгол эрдэмтэн шагнал хүртлээ
2015/07/18
Цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн монгол эрдэмтэн Б.Баасансүрэн энэ сарын 18-нд Австри Улсын Вена хотноо орших алдарт Хофбургийн ордонд шагнал гардлаа.
Монгол Улсын ШУА-ын төлөөлөгчөөр 20 орчим жил Сахад ажиллан эрдэм шинжилгээний ажил эрхлэн буй доктор Б.Баасансүрэнгийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Европийн Бизнесийн Ассамблейн чуулган болон Сократын хорооны шийдвэрээр ийнхүү шагнасан байна. Тэрбээр энэхүү шагналыг хүртсэнээр дэлхийн нэр хүндтэй эрдэмтдийн тоонд зүй ёсоор багтах болжээ.
Б.Баасансүрэн нь цаа бугыг шинжлэх ухааны үүднээс нарийн судлаж, түүний эд эсийг монгол, түвдийн уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашиглах талаар олон жилийн туршид судалгаа хийсэн бөгөөд Вена хотноо болсон олон улсын эрдэмтдийн хурал дээр “Цаа буганы цусан эврийг монгол шар тостой холбон төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьсан байна.
“Өнө эртнээс нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд бид байгаль дэлхий, ургамал ногоо, ан амьтантай илүү ойр харьцан өгөөжээс хүртэж ирсэн юм. Нүүдэлчдийн энэхүү давуу тал нь монгол эрдэмтэдийг эх дэлхийгээ сайтар судалж хүн төрөлхтөнд тустай зүйл бүтээх, ингэснээр Монгол Улсаа сурталчилж, өөрсдөө ч дэлхийд танигдах үндэс болж байна” гэж доктор Б.Баасансүрэн шагнал авахдаа онцоллоо.
Тэрбээр мөн “Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан эрдэмтэн” хэмээх шагналаар өнгөрсөн жил шагнуулжээ. Эмчилгээний дүнд үр хүүхэдтэй болсон 177 айлын 70 хувь нь европ гэр бүл бөгөөд тэдгээрийн гурав нь австри гэр бүл байдаг аж.