"Сэтгүүлчийг сулла" цуглаан Чингисийн талбайд дөнгөж сая боллоо. Тодруулбал info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байгаад бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж, "Сэтгүүлчийг сулла" чимээгүй цуглаан 2015 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт Чингисийн талбайд болов.  

 Цуглаанд Монголын сайтын холбоо болон  жиргээчид, хуульч, сэтгүүлчдийн төлөөлөл ирсэн юм.  Энэ үеэр Монголын сайтын  холбооны  Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан: С.Баттулгыг оргон зайлахгүй болохоор  цагдан хорихоо зогсоогооч ээ.  Хоёр жил  хилээр гарах эрхээ хаалгаад,  дарамтан доор ажиллаж байгаа болохоор заавал хорих шаардлагагүй тул  сулла гэсэн шаардлагыг  өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчид  тавьсан ч  үр дүнд хүрэхгүй байна. Баасан гарагт  өмгөөлөгчийн хүсэлтэд Шүүхээс  хариу ирүүлэхдээ бидний шаардлагад хариу тайлбар хийх  шаардлагагүй  гэсэн. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  ерөнхий шүүгч  тухайн шүүгчийн шийдвэрт бид нөлөөлөх боломжгүй гэдгийг  мэдэгдсэн байгаа. Өнөөдөр сэтгүүлчид бид энд ямар нэг жагсаал цуглаан хийгээгүй.  Чингисийн талбай дээр бид цайны цагаараа чимээгүй суулт хийж, сэтгүүлчийг цагдан хорихгүйгээр сулла гэсэн шаардлагаа хэвээр байгаа гэдгээ илэрхийлж байна.  Энэ чимээгүй суултыг  Монголын сайтын холбооноос  зохион байгуулж байгаа.  С.Баттулга Сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүд бөгөөд түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр ар гэрийнхэнтэй нь эргэж очихоор төлөвлөөд байна.    Одоогоор хандив цуглуулаад байна” гэв.  

Суултад  УИХ-ын гишүүн асан , хуульч Ж.Сүхбаатар оролцсон.  Тэрбээр цагдан хорих нь бодит байдалтай нийцэхгүй байна. Таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн хүний байр байдлыг харгалзан үздэг.  Тэгтэл шүүгч  бодит байдалд нийцэхгүйгээр хэтрүүлсэн.  Сайт ажилуулан, эрхэлсэн тодорхой ажилтай сэтгүүлчийг оргон зайлна, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж  байна гэдгээр хорьж байгаа нь буруу.  Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад  дахин гэмт хэрэг  гэсэн ойлголт байхгүй.  Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болно гэсэн бодит үндэслэл байхгүй.  Эрүүгийн хуулийг буруу ашиглаж байна.  эрх зүйт төрийн энэ үед  хэн ч хуулийн өмнө хариуцлага.  Сэтгүүлчийг гүтгэсэн гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулиар шалгахаа болих ёстой.  Тиймээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцэж байгаа. Сэтгүүлч ч бай, иргэн ч бай  Иргэний журмаар,  хүний амь настай холбоотой бол эрүүгийн хуулиар шийдэх хэрэгтэй.  Гаднын улс орнууд  энэ төрлийн хэргийг иргэний хуулиараа шийддэг.  Хүний нэр төр, алдар хүндийг иргэний журмаар буюу эдийн засгийн замаар шийддэг байх үүнийг хэрэгжүүлэх  шаардлагатай байна. Энэ удаад  шүүгч бодит байдлыг  үнэлж С.Баттулгыг суллаасай гэж бодож байна.  Би С.Баттулгыг  сэтгүүлч хүнийх нь хувьд мэднэ.  Намайг төрд ажиллаж байхад шүүмжлээд ажиллаж байсан.  Хувь хүнийхээ үүднээс бусдыг хилсдүүлдэг явдлын талаар хэлдэг, ярьдаг байсныг нь би мэднэ.  Тиймээс  С.Баттулга болон цаашид олон хүний эрх зөрчигдөж магадгүй бөгөөд  үүнийг болих ёстой  гэж  үзэж байна.” гэдгийг тэрбээр энэ үеэр онцлон хэлж байлаа.  

 

С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл боломжтой бүхий л арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан юм.