Ярилцлагын өмнө уг армийн талаар цухас дурдая. 1831 оны 3 сарын 9 нд Франц улсын Батлан хамгаалах яамны шийдвэрээр байгуулагджээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед "Алдар гавъяа ба үнэнч шударга" уриан дор нэгдсэн 50 гаруй орны 42000 гаруй сайн дурын цэрэг алба хааж байсан бол өдгөө 136 орны 7700 хүн цэргийн алба хааж байна.

Үүнд Монгол улсаас 50 орчим залуус ногоон дүрэмт хувцас,цагаан китель малгайны эзэн болоод байгаа билээ. Өнөөдөр уг арми нь НҮБ,НАТО болон Европын Холбооны улсуудын бодлогын хүрээнд Франц улсын ашиг сонирхолыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл францын иргэд, жуулчдын амь насанд заналхийлэл учруулсан Зааны Ясан эргийн улсад дэгдсэн үймээнийг легиончуудын хүчээр дарсан юм. 1831 онд францын хаан Луи Филиппийн мэдэлд байсан цагаас өнөөг хүртэл ганцхан хүн удирддаг механизмыг өөрчлөөгүй бөгөөд армийн бүх эрх мэдлийг францын ерөнхийлөгч гартаа атгаж байдаг. Одоогоор легионы арми нь дайтахаасаа илүүтэй энхтайван тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулах чиг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дүрвэгсэдийг шилжүүлэн байршуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх, дэд бүтцийн эвдрэл сүйрлийг нөхөн сэргээх зорилгоор Босни, Косово, Афганистан, Ливан мөн цунамид хохирсон Зүүн өмнөд Азийн орнуудад тусалж иржээ.

.........................................................................................

- За сайхан зусаж байна уу, хоёулаа бие биенээ эчнээ танидаг болоод нэлээн хугацаа өнгөрчихөж, чамаас жижигхэн ярилцлага авмаар байна гэж дуулгаж байсан сан, одоо уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач!
- Сайн сайн, сайхан зусаж байна. Та сайн биз дээ? Өнөөдөр гэр бүлтэйгээ хамтаар далайн эрэг дээр амраад л сууж байна. Намайг Жалбаасүрэнгийн Батбилэг гэдэг. 1977 онд төрсөн. Уугуул нутаг Архангайнх.

- Анх энд ирсэн түүхээ сонирхуулаач!
- Хилийн дээс алхаж гадаад оронд ажиллаж ар гэртээ нэмэр болох зорилготой 2008 оны эхээр европ тивд анх хөл тавьж байлаа. Франц улсад ирээд ажил төрөл санааны зоргоор олдохгүй байсан л даа. 50 мянгатын Баяраа гэдэг ахаас анх легионы армийн тухай сонссон. Би монголдоо цэргийн алба хаачихсан байсан болохоор өөрийгөө сорьж үзмээр санагдаад тийшээ зүглэсэн. Тэгээд л шалгуулсан, тэнцсэн дээ.

- Энд тэндээс очсон залуус маань шивээс, сорви, шүд муутай болохоор хасчихлаа, тэнцээгүй, авсангүй гээд ярьж явах нь дуулдаж байдаг. Миний сонсоноор бол ганц монгол гэлтгүй бусад орны залуусын ихэнхи нь IQ шалгах тест, худал өгсөн ярилцлаганаасаа болж хасагддаг гэсэн, энэ хэр үнэний ортой вэ?
- Аль аль нь л байгаадаа.

- Одоо албаа хааж байна уу? Ямар цол хэргэм хүртэв?
- Анхны гэрээ 5 жилээр хийгддэг. Дараа нь хүсвэл 6 сараас тэтгэвэрт гарах хүртэл гэрээгээ сунгуулж болдог. Би гэрээгээ дуусгаад албаа орхисон, бага даргын тушаалтай халагдсан.

- Алба хаасан ангийн чинь тухай асуувал нууцад халдсан болчих болов уу? Дайн байлдаанд оролцов уу?
- Би хуурай замын явган цэргийн тойрогт уулын ангид алба хаасан. Алба хаах хугацаандаа Африк тив мөн Өмнөд Америкт очиж даалгавар биелүүлж байсан. Бид бэлтгэл сургуулилтын хүчинд заасан эрдмээ эзэмшсэн болохоор тушаал ирвэл ямарч тулаанд орох бэлтгэлтэй байдаг. Манай анги минжүүлсэн талбай цэвэрлэх, тэсэрч дэлбэлэх бодис суулгах ёстой уулын явган цэргийн мина генийн анги тул хэд хэдэн удаа дайны талбар луу явсан, харин надад тийшээ явах тушаал ирээгүй.

- Монгол улсдаа амиараа хүчин зүтгэе гэсэнтэй адилхан шахуу утгатай тангараг өргөдөг байлгүй дээ. Хүний нутагт хүний хүний төлөө амиа алдвал би лав өмнөөс чинь харамсах юм байна, ойлгоно биз дээ.
- Тэр тал дээр ч тийм л дээ. Тангарагны хувьд мэдээж утга ойролцоо л доо.

- НҮБ-ийн цэнхэр дуулгатнуудаас онцгой гавъяа байгуулсан монгол цэргийн талаар дуулаа биз дээ.Легионд гавъяа байгуулсан монгол цэрэг бий юу?
- Манай уулын ангид Эрдэнэбулган гэдэг нэг дүү хүү байсан. Афганистанд үүрэг гүйцэтгэж байх үед танк эсэргүүцэгчийн сум хажууд нь тусаж дэлбэрэхэд каск нь хагараад цустайгаа холилдсон чигтээ дайснууд руу галлаж байсан тохиолдол бий. Эмчийн дүгнэлт гарч, дарга Францад очиж эмчлүүлэх шаардлагатай болсонг дуулгахад нөхөдтэйгээ хамт үлдэнээ гэж байсан хөөрхөн бор хүү байдаг.

- За хэл хэр зэрэг сурав даа, мат, хими, физик, геометр гэх мэт хичээлүүд заадаг биздээ?
- Өө, энэ тал дээр боломжийн болчихсон байх гэж боддог. Сургалт сайн. Хүчээр л сураад явчихдаг. Ямар ангид очсоноосоо шалтгаалаад их бага ямар нэгэн хэмжээгээр төрөл бүрийн хичээлүүд ордог.

- Цалин мөнгийг тань шохоорхвол?
- Сард бүх татвараа төлөөд гар дээр бэлнээр 1200 евро авдаг. Байгуулсан гавъяа шагнал, цол хэргэмээс шалтгаалж илүү авах боломжтой. Франц жирийн иргэний амьжиргааны хамгийн доод төвшингөөр бидний цалин тогтоогдсон байдаг.

- Амийг чинь их л бага үнэлж байна даа франц улс. 
- Ах битгий мушгиад байл даа.

- Хил залгаа Швейцар улсын Жөнэв хотод ганц бие бүсгүйчүүд их болсон, танайхан ч "бүрэн бүрэлдэхүүнээрээ" л наашаа хошуураад л...
- Хуулиараа бол бид эхний 5 жилийн хугацаанд өөр улс руу зорчих эрхгүй. Шенгэний орнуудын хил гааль нээлттэй болохоор асуудал үүсээд байдаггүй л дээ. Манай залуус хэрэг төвөг тариад байдаггүй болохоор Швейцарийн хилийнхэн юм хэлдэггүй. Ажлын 5 өдөртэй, хоёр хоног амардаг. Олон залуус хоорондоо танилцан үерхэж найзладаг, зарим маань сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хань ижилтэй болж байгаа.

- Хоорондоо хэр зэрэг эв найртай байдаг вэ?
- Манай анги хамгийн их монголтой нь байлаа. Дотроо өөрсдийн гэсэн хуримтлалтай. Бие биенээ сэтгэл санаагаар дэмжиж явцгаадаг. Хуримтлалаараа эх орныхоо ямар нэгэн баяр ёслолын үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх, эх орноо сурталчлах арга хэмжээ зохиох, хэрвээ хэн нэгэнд маань хэлж ирдэггүй хийсэж ирдэг зовлон гачлан тохиолдох үед үргэлж тусалж дэмжиж байдаг. Ер нь легионы бүх залуус эх орныхоо нэр хүндийг ямар нэгэн хэмжээгээр өндөрт өргөж явахыг хичээж зүтгэж явдаг шүү гэдгийг хэлмээр байна.

- Би легионы армид таатай ханддаггүй болохоор цэвэр өөрийнхөө өнцөгөөс харж асуулт тавьж байгаа шүү. Ойлгоорой .Ямар нэгэн хэмжээгээр чамайг болон бусад алба хааж буй залуусаа гомдоох гэсэн зорилго өвөртлөөгүй. Уг нь дандаа сүүдэртэй талыг нь олж хатгахыг чармайсан ч чи жинхэнэ цэрэг хүний буурь зааж муу үг унагаахгүй байна даа. Дэг, яргалал амссан тохиолдол бий юу?
- Цэргийн амьдралыг гадарлаж байгаа байлгүй дээ та. Хаа ч газрын цэргийн амьдрал бол нялуурал биш. Бага зэргийн дэг байх тохиолдол гарна. Гэхдээ энэ асуудал цэвэр цэрэг хүний тэсвэр хатуужлыг л шалгасан уур амьсгал дээр болдог зүйл.

- За орхиё доо одоо энэ сэдвийг. Цэргээс халагдаад юу хийж байгаа талаараа ярьж өгөөч!
- Армид алба хаасан эхний 3 жилийн дараа иргэншил хүсэж болдог хуультай юм байна лээ. Би иргэншил хүсээгүй. Хуулийн дагуу олгогдсон 10 жил оршин суух эрхийн үнэмлэхтэй. Одоогоор усан үзмийн талбайд ажиллаад 2 жил орчим болох гэж байна, энэ тал дээр их ч зүйлийг сурч мэдэж авлаа. Ирээдүйд Монголдоо очихоороо Ховд ч юмуу эсвэл Булган аймагт усан үзэм ургуулж тариалах бяцхан мөрөөдөлтэй. Бодоод байхад их л боломжтой санагддаг.

- Эцсийн асуулт . Танайхны нэг залуу энэ армийг магтан дуулсан өнгө аястай ярилцлага нэгэн сайтад саяхан өгсөн байсан. Монгол залуусыгаа ирж энэ армид алба хаа гэж уриалмаар санагддаг уу?
- Би уншаагүй юм байна. Миний хувьд гэж асууж байгаа бол би залуустаа тийм уриалсан зүйлийг хэлмээргүй байна. Санааны зоргоор ирээд орчихдог газар биш, сонголт хийгээд ирэх хүн байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн мөнгийг нь бодоод энд алба хаачих сонирхолтой гадаад залуус ч их ирдэг. Удахгүй шантардаг. Оргодог, босдог. Дайны үед урвах ч тохиолдол гарч байсан. Юм юм л байдаг газар.

- Ямарч байсан бусдыг уриалаагүйд үнэн голоосоо баярлаж байна чамд. Дүү хүүгийн хүссэн мөрөөдөл биелж Монгол нутагт усан үзмийн мод цэцэглэн түүнээс нэрсэн дарсыг чинь амсах нэгэн өдөр тохиог хэмээн хүсэн ерөөе!
Гэр бүлээрээ аз жаргалаар дүүрэн байг.

- Баярлалаа.

Жич: Үг хэлний найруулгыг засалгүй, утсаар холбогдсон ярианыхаа хэлээр шууд уншигчдад дамжууллаа. Тиймээ бидний мах цусны тасархай болсон хэсэг залуус маань хүний нутагт өөрсдийн хүсэл зорилгоор легионы армид алба хааж байдаг юм. Тэсвэр хатуужлын "их сургуульд" суралцахын зэрэгцээ шинэ шилдэг зэвсэг техникийн онол практик эзэмшиж, хэл соёлд нэвтэрч яваа эдгээр залуусыг маань хөх тэнгэр нь ивээж явах болтугай! 
"Өчигдөрийн легионер өнөөдөр бичиг баримтгүй гудамжинд" гэдэг монгол залуугийн тухай бичсэн нийтлэл олж уншсан юм. Залуус минь нэгэнтээ легионд хөлөө тавьсан бол хожмын нэгэн өдөр харамсаж үлдэхгүйн тулд хууль дүрмийг сайн судалж байхыг захъя.

http://www.armee-media.com/…/hier-legionnaires-dans-larmee…/

‪#‎Өгөөмөр‬

Ярилцсан: Ж. Зоригт