БНСУ-ын Гванжу хотноо болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдыг  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр хүлээн авч уулзаж, Засгийн газрын мөнгөн шагнал олголоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн том универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье” гэж онцолж хэллээ.

Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулсан юм.

Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиад тэмцээний буудлагын  төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүү: Амижлт гаргахад тусалж дэмждэг  хамтарч ажилладаг байгууллага,  гэр бүл, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.  Мөн  хөдөлмрийг маань үнэлж, урам зориг өгсөн төр засагтаа баярлалаа.  Цаашид өшөө хичээх болно.  Олимпийн эрх авахын төлөө  тэмцээн уралдаануудад  явахаар бэлтгэлээ хийж эхлээд байгаа.  

 



 

А.Баярмаа