Өнгөрч буй долоо хоногт дотоодод болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Долоо хоногийн тоймд улстөрч, эдийн засаг, спорт, нийгэмд өрнөсөн үйл явдлыг онцлов.

-Н.Энхбаяр Германд амьдарч байна.-

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 онд ял сонсон хоригдож байгаад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  уучлагдан, суллагдсан. Өдгөө тэрбээр Солонгос улсад амьдарч байгаа юм. 

Түүнтэй холбоотой хэргийг дахин сөхсөн. Үүнтэй холбоотойгоор түүнийг яаралтай ирж мэдүүлэг өгөх хэд хэдэн бичгийг явуулсан ч Н.Энхбаяр огт хариу өгөөгүй. Иймээс  Монгол улсын холбогдох  хуулийн байгууллагууд Сөүл хотын прокурорын байгууллага зэрэг холбогдох байгууллагууд руу Н.Энхбаярын байрлаж буй хаягийг албан ёсоор мэдэгдэх зэргээр хамтарч ажиллах санал явуулсан байна. Үүнийхээ дараахан ОХУ-ын Буриадад намынхантай хуралдаад  Сөүл рүү буцсан Н.Энхбаяр  эхнэрийн хамт  маш хурдан ХБНГУ-ыг зорьжээ. 

Одоогоор түүнийг Германд яг хаана байрлаж буйг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ. Н.Энхбаярыг МАХН-ын төв байрыг бусдаас залилж авсан, “Bly sky tower”-т хууль бусаар олсон хөрөнгөө оруулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа ажээ. 

 

 

-Автобусанд хөнгөлөлттэй үнээр зорчих иргэд дүүрэгтээ өргөдлөө өгнө-

Энэ сарын 24-нээс эхлэн нийслэлчүүд ухаалаг смарт картаар /“U money”/ автобусаар зорчих болсон. Тус картыг 280 гаруй цэгүүдэд борлуулж байгаа юм. Харин нийтийн тээврийн автобусанд хөнгөлөлттөй үнээр зорчдог иргэдийн хувьд харъяалагдах хороо дүүрэгтээ өргөдлөө өгөх хэрэгтэй. Ингэснээр  арилжааны аль ч банканд картны мөнгө болох 3600 төгрөг тушаах дансны дугаараа авна. Мөнгө тушаахдаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, цагдаагийн албан хаагчид тус бүр өөр өөр дансанд хийх юм байна. Тухайлбал: иргэд дүүргээсээ, оюутнууд сургуулиасаа, цагдаа нар байгууллагаасаа картын төлбөр хийх дансаа авна.

Ухаалаг карт нь:

  • Энгийн карт
  • Хүүхдийн карт
  • Хөнгөлөлттэй зорчих карт гэсэн төрөлтэй. Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд цаашид 500-90000 төгрөгөөр цэнэглэн хэрэглэх боломжтой юм.

 

 

-Орлогоосоо зарлага нь давж, өр ДНБ-ээсээ хоёр дахин их боллоо-

Улсын нэгдсэн төсөв нь орлогоосоо зарлага нь давж орхижээ. Энэ оны 6 дугаар сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 542.3 тэрбум төгрөг, зарлага 729.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас тэнцвэржүүлсэн орлого 119.4 тэрбум төгрөг буюу 28.2 хувь, зарлага 203.7 тэрбум төгрөг буюу 38.8 хувиар өслөө.

Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 187.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 84.4 тэрбум төг буюу 82.0 хувиар өсжээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 19.9 тэрбум төг буюу 0.9 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 126.0 тэрбум төг буюу 19.8 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 23.9 тэрбум төг буюу 13.6 хувиар буурсан хэдий ч нийгмийн даатгалын орлого 72.3 тэрбум төг буюу 15.9 хувь, онцгой албан татварын орлого 44.2 тэрбум төг буюу 20.1 хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 42.5 тэрбум төг буюу 14.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Монгол банкнаас манай улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 20.9 тэрбум ам.доллар буюу 41.4 их наяд төгрөг болоод байгаа юм. Энэ нь манай улсын өнгөрсөн оны Дотоодын нийт бүтээгдэхүүнээс /ДНБ/-ээс 1.9 дахин их тоо гэсэн үг.  ДНБ-ээсээ бараг хоёр дахин их гадаад өртэй байна гэдэг нь дан ганц уул уурхайн салбараас хэт хамааралтай, эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засгийн дотоод потенциал муутай манай орны хувьд маш хурдан хугацаанд гадаад өрийн дарамтад орох боломжийг нээж өгч байгаа нь энэ. 

Зээлжих зэрэглэл нь таагүй байгаа манай улсад хөрөнгө оруулалт хийхэд тун бэрх байгаа гэдэг. Үүн дээрээ нэмээд их өрөөсөө болж дампуурах магадлалтай орны наймдугаарт бичигдэж дэлхийн даяар зарлаж орхилоо. Хэзээ мөдгүй дампуурч мэдэх улсад хэн хөрөнгө зарах уу гэдэг нь бас л бүрхэх. 

Эдийн засагчдын дүгнэж буйгаар, Зөвхөн Засгийн газрын өрөнд тогтоосон хязгаар яриад байна. Гэтэл манай улсын хувьд хувийн хэвшлийн өр үүнээс илүүтэй чухал. Тиймээс эдийн засагт чухал нөлөөтэй хувийн хэвшлийн өрийг орхигдуулж байгаа үед Засгийн газрын өрийг хэчнээн яриад өнөөгийн бодит дүр төрх, эдийн засагт учруулж байгаа өрийн эрсдэлийг харж чадахгүй гэж эдийн засагч Х.Батсуурь хэлсэн. Ийнхүү улсын гадаад өр өсөх тусам гадаадын хамаарал нэмэгдэж, дарамт ихсэх нь тодорхой. 

 

-“Чингис бонд” -ыг төлж чадахгүй бол юу болох вэ?-

 

 

 

 

-Дэлхийн оюутны спортод улсынхаа нэрийг гаргасан тамирчдад мөнгөн шагнал гардуулав-

БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн том универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье” гэж онцолж хэллээ.

 

-70 саяын усан хөшиг эвдэрчээ-

 

...70 саяын үнэтэй усан хөшиг...

 

Өчигдөр нээлтээ хийсэн Сүхбаатар дүүргийн хамаг л эрхтэй дархтай эвэртэй туурайтай хүмүүс очиж улаан тууз хайчлан нээсэн "Усан хөшиг" 24 цаг ч бололгүй эвдэрчээ. Үүний талаар Facebook чид ийнхүү бичжээ.

 

"...7 биш 70 сая шүү дээ. Яг ийм усалгааны системийг Эрдэнэтийн Цагаанчулуут багийн нэг өвөө хашааныхаа ногоог услах гээд хийчихсэн байсан юмдаг. 2011 онд амьжиргааг дэмжих зээлийн үр дүнг сурвалжилж явахдаа харж, солонгорон ус цацаж байгааг нь гайхаж явлаа гэж. Мань өвөөгийн "шинэ санаачлага" 70 саяын өртөгтэй байсныг мэдсэн бол уу. Өдийд цулайж байхгүй юу. Тэр өвөө лав үүнийгээ 70 саяар хийгээгүй, 7 саяар ч бүтээгээгүй. Түүний авсан бүх зээл нь ч 70 байтугай 7 саяд хүрэхгүй, /3 билүү 5 сая гэж байсан байх/. Хоёр талдаа дугуйтай, алгуур түрж урагшлуулаад хашааныхаа бүх ногоог усалчихдаг хэрэндээ догь эдийг сая хүрэхгүй төгрөгөөр бүтээсэн гэж байсан санагдана. Одоо харахнээ үүнээс лав хамаагүй дээр цацарч, солонгорч байсан юм шүү. "-Төсөв хүрэхгүй нь, түмэн олон минь хамаг юмны чинь үнийг нэмэхгүй бол болохгүй нь" гэж гөлийх эрх баригчид ичихээ байчихжээ. Хэдэн турба холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулаад л 70 сая. Хүүхдүүд нь эмнэлэггүй, эмнэлэг нь эмгүй, түргэний машингүй, түргэний машин нь ядаж амьсгалын аппаратгүй, бөөрний дутагдалтай хүмүүс нь цусаа цэвэршүүлж чадахгүй үхэж байхад... Ийм зүйл хийж, тууз хайчлаад зогсож байгаа "нөхөд"-ийг одоо яах вэ. Эрчим хүчээ авч дийлэхээ байлаа гээд үнээ нэмж байгаа хэрнээ үргүй зардлаа танах тухай өчүүхэн ч бодохгүй байгаад л олон түмэн бухимдаж байна. Ийм цоорхой труба шиг даралттай "гоожиж" байдаг "улсын сан"-тай байж ядарсан, чадарсан олноосоо юм нэмж татахаа болиоч ээ... Угаасаа дүүрэх байтугай амсар уруугаа дөхөх ч үгүй нь дэндүү тодорхой шүү дээ засаг баригчид минь... гэжээ.

                                                                                                                           /Эх сурвалж: www.tsag.mn/

 

-Цэрэг байлдааны тэсрэх бодис ил гарч ирэх болжээ-

 

Энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөгийг иргэд олжээ. Гэвч тэд хууль хүчний байгууллагыг дуудаж шалгуулахаасаа урьтаж мэдэн оролдож, өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж, 3 хүн гэмтсэн. Өдгөө бэртсэн хүмүүсийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг  Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тэсрэх бөмбөг хаанаас гарч ирсэн, хэн хаясан зэрэг асуудлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэг гараад 10 хонож байхад дахин  Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олджээ. Уг гар бөмбөгийг цагдаагийн байгууллагын зүгээс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болгосон байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж тэсрэх бөмбөгийг хөдөлгөхгүйгээр цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэйг сануулья.