Сүүлийн жилүүдэд барилгатай холбоотой асуудал тасрахаа байсан. Хөдөлмөр аюулгүй байдлыг хангахгүй ажилчдыг ажлын талбарт гардаг. Үүний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа алдах эмгэнэлт явдлууд гарсаар байгаа юм. 

Барилгын компаниудад шалгалт хийхэд тэнцэх компани олддоггүй. Тэгвэл сайд нь шалгалт хийгээд ч тэнцэх газар алга бололтой. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар барилгын компаниудаар орж  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, хэрэгжилтийн байдалтай танилцахаар “Номин” констракшны  “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view“, иргэн н.Төмөр-Очирын  барилгын  талбайд очиж  шалгалт хийв.

“Барилгын  ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх наймдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжих гэж байгаатай холбогдуулан хийсэн уг шалгалтаар компаниуд зөрчил дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдлоо. 

 

 "River garden” аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангаж ажиллаж байгаа ч туул голын сав газар барилга барьж байгаа учраас урт хугацааны чанар, баталгаандаа анхаарч ажиллахыг санууллаа. “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдсэн, удахгүй батлагдах болно. Тус хуулинд барилгын баталгааг гурван жил байсныг 40-60 жил болгож өөрчилсөн учраас иргэдийг  чанартай, эдэлгээ даах байраар  хангах  ёстой.

“Park view” хотхон барилгын аюулгүй байдал зөрчигдсөн хэд хэдэн дутагдал байгааг сануулж, долоо хоногийн дотор зөрчлүүдээ арилгаж шалгуулах үүрэг даалгавар өглөө. Гэнэт хийсэн энэхүү шалгалтанд бүдэрч байгаа нь барилгын талбайн аюулгүй ажиллагааг огт мөрдөхгүй байгаагийн илрэл, тиймээс ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэж байгаа “Барилгын  ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг мөрдөж, бүх ажилтан, албан хаагчид дээрх журамтай танилцаж, мөрдлөг болгохыг сануулав.

Иргэн н.Төмөр-Очирын барилга сар гаруйн өмнө барилга дээр нь ажиллаж байсан ажилчин эмэгтэй барилгын чанар аюулгүй байдлыг мөргөж ажиллаагүйгээс болж амь насаа алдсан хэрэг гарсан учраас  зөрчил дутагдлаа арилгаж ажиллаж байгаа эсэхийг шалгасан юм.  Гэвч байдал өмнөхөөсөө ч дордсон байдалтай байлаа. Ажилчид нь аюулгүй байдлыг мөрдөх нь бүүхэл инженерүүд нь ч аюулгүй байдлын тухай хомс мэдлэгтэй болохоо харуулсан. Барилгын талбай дээр наад зах нь каск өмссөн ажилтан хуруу дарам  цөөн,  хийгдэж байгаа ажлууд нь бүгд аюулгүй байдал хангаагүй байлаа. Тиймээс сайд тус барилын ажлыг өнөөдөр ч зогсоож болохоор байдалтай байна гэдгийг нь анхааруулаад долоо хоногийн хугацаанд яамнаас ажлын хэсэг гаргаж ажиллуулна, энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн дээрх барилгын компаниудад мэдэгдсэн юм.

Ийнхүү барилгын компаниудад хийх гэнэтийн шалгалтыг цааш үргэлжлүүлнэ. Олон арван хүний эдийн засгаар тоглож байгаа барилгууд ч бий. Сүндэрлэсэн хойноо оршин суугчдаа хохироож байгаа барилгын компаниуд ч байна. Үүний тод жишээ нь  Барилга угсралт, үйлдвэрлэлийн хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж гүйцэтгэлийг нь  хийсэн “Хилчин” хотхон нь 700 айлын орон сууцны томоохон хотхон бөгөөд өнөөдрийг хүртэл дөрөв хоногийн турш усгүй болов. 700 гаруй өрх айл амьдардаг тус хотхоныг гүний усны ундарга дээр барьсан учир барилгад нь суулт өгч гараашнууд нь нуур мэт байнга устай байдаг талаар оршин суугчид нь олон нийтэд мэдээлсэн. Ус тасарсан учир оршин суугчид нь гараашид тогтсон уснаас авч бохиртоо хэрэглэж, ундны усаа зөөврийн худаг болон дэлгүүрийн цэвэр ус авч хэрэглэж байгаа нь иргэдийг хохироож буй хэрэг. Энэ мэтчлэн барилгын компаниудын асуудал ар араасаа хөвөрнө үү гэхээс тасрахгүй ээ.

 

Х.Даваа