Долдугаар сар монголчуудын хувьд амралт зугаалга, наадам цэнгээний цаг хэмээн бичигдэлгшй хуульчлагдсан. Өнгөрсөн долоо хоногт бүс бүсийн хурд, даншиг наадмууд үргэлжилж ёстой дэнж хотойтол наадсаар л. Баяр наадмын уур амьсгал энэ долоо хоногт ч үргэлжилнэ.

Наймдугаар сар гарахаас өмнө баяр наадмаа амжуулж хийх ёстой. Хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа ч гэлээ нутаг усныхаа наадам монголчууд гар татдаггүй. Үүний нэг жишээ нь Увс амйгийн 90 жил, Монгол бөхийн баярт нутгийн зон олон, тус нутгаас төрсөн улстөрч, бизнес эрхлэгчдийн өргөсөн хандиваас харж болно.

Увсынхан нутгийнхаа наадамд 400 саяаас 50 хүртэл хандив өргөсөн байлаа. Тэгэхээр энэ  нутгаас төрсөн алдартнууд нь бэл бэнчин зузаантай сайн яваа аж. Үүнийхээ хэрээр нүнжигтэй наадам хийж улстөрч, бөхчүүд, хандивлагчдад өгч буй бэлэг сэт нь чамгүй том байлаа. Улсын цолтой бөхчүүд, хандивлагч нартаа мөнгөн эмээл хазаартай морь бэлэглэж байв. Мөн Х.Баянмөнх аваргад зориулан босгосон хөшөө нь үнэхээр сүр хүчийг илтгэсэн байв. Наадмын зохион байгуулалт гээд яриад байх юм ихтэй наадам болсон байлаа. Өвөрхангайчууд өндөр гэгээнийхээ наадмыг ч хэнээс ч дутахааргүй хийх гэж хичээв. Өмнөговь, Дундговийнхон наадамлаж, Сүхбаатарт зүүн бүсийн  хурд гээд наадмын уухай үргэлжилсэн юм.

Амгалан дулааны станц намраас бүрэн ажиллаж эхэлнэ

 

Өнгөрч буй долоо хоногийн тоймоо  таатай мэдээллээр эхлүүлж байна. Цахилгаан дулаан, усны хомсдолд орлоо хэмээн үргэлж таагүй мэдээлэл сонсч байдаг нийслэлчүүдэд таатай мэдээлэл хүргэхэд Амналан дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтанд орно.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 348 МВт – ын хүчин чадалтай “Амгалан дулааны станц” – ын барилга угсралтын ажлын явцтай өнгөрсөн долоо хоногт  танилцсан юм. Энэхүү станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ – ын “CMEC” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 75.9 сая ам долларын төсөвт өртөгтэй юм. Уг станц нь 348 МВт буюу тус бүр 116 МВт-ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-н диаметртэй хойд, урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам, 110 кв-ын хоёр хэлхээт 350 метр цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулсан. Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13,14,15,16 дугаар хорооллын дулаан хангамж сайжрах юм. Есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд үндсэн хоёр зуух галлагаа хийж эхэлнэ. Гурав дахь зуух нь өвлийн ачааллын үед нэмж ажиллахаар зохицуулалт хийсэн. Ирэх жилийн тавдугаар сар хүртэл мэргэжлийн багтай ажиллаж, үүнээс хойш монгол инженерүүд станцаа ажиллуулах юм. Уг станц ашиглалтад орсноор 40 мянган орчим айл өрхөд шинээр дулаан түгээж, 20 мянган айл өрхийн дулааны нөхцөл сайжрах юм. Одоогоор станцын үйл ажиллагаанд саад болсон айл өрх байхгүй. Харин өндөр хүчдлийн шугам дор, дулаан дамжуулах шугам хоолойны ойр орчимд 10 айл байна” гэв. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эдгээр айлын зарим нь газрын зөвшөөрөлгүй байна. Тэдгээрийг хуулийн дагуу албадан чөлөөллөхөөс өөр аргагүй. Харин дулаан дамжуулах шугам тавих зам дээр байгаа гурван айл нэг нь 400 сая төгрөгөөр газраа чөлөөлнө гэж байгаа юм.

 

Цахилгааны суурь хураамжийг 1000 төгрөгөөр нэмлээ

 

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгож өөрчиллөө.

Өмнө нь суурь тариф 1000 төгрөг байсан юм.

Үнэ нэмэх болсон учир нь Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ, тарифт зохицуулалт хийсэнтэй холбоотой аж. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Харин ОХУ-ын талаас цахилгааны үнийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нэмсэн. Иймд оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжиж, системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулсан тухай Эрчим хүчний зохицууулах хорооноос тодотголоо.

Нийслэлчүүд цахим автобусаар үйлчлүүлдэг боллоо

 

Нийтийн тээвэрт өнгөрсөн долоо хоногоос эхлэн  ухаалаг картаар үйлчлүүлдэг боллоо.  Иргэдэд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллах юм байна. Нийтийн тээвэрт дунджаар 800 гаруй автобус үйлчилдэг байна. Эдгээр нийтийн тээврээс 700 гаруйд нь ухаалаг карт уншигч суурилуулсан байна. Түүнчлэн карт түгээх цэнэглэх 250 цэгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор 400 мянган ухаалаг картыг цэгүүдэд тараасан байгаа гэнэ. Уг цэгүүдээр карт борлуулах, карт цэнэглэх машинаар 1000, 5000, 10000 гэх мэтээр цэнэглэж, иргэдэд зөвөлгөө өгч ажиллана. Цэгүүдээр зөвхөн энгийн карт л борлуулагдах юм байна. Карт дөрвөн төрөлтэй Нийслэл хотын Ухаалаг автобусаар үйлчлүүлэхийн тулд та дөрвөн төрлийн цахим картаас нэгийг сонгон, худалдан авах ёстой. Үүнд:

- Энгийн,буюу Normal

- Хүүхдийн буюу Child

- Хөнгөлөлттэй зорчих – Free

- Оюутны - University student гэсэн төрлүүд байгаа бөгөөд та өөрт тохирох картыг худалдан аваарай. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд хороогоороо, оюутан бол сургуулиасаа, цагдаа бол харьяа байгууллагаараа дамжуулан холбогдох материалыг бүрдүүлэн картаа авах юм. Картын үнэ 3600 төгрөг. Харин та цэнэглэх бол 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Банкны картууд шиг хүчинтэй хугацаа гэж үгүй аж. Нэг удаа худалдан аваад насан туршдаа ашиглах боломжтой. Одоогоор картыг БНСУ-д үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх оноос эх орондоо үйлдвэрлэх юм байна. Дээрх хөнгөлөлт эдлэж буй иргэдийн картыг бүртгэсэн учир хаясан тохиолдолд хэрэглэгчдийн төвд хандаж хүчингүй болгох боломжтой аж. Харин энгийн буюу цэгүүдээр худалдаалж буй картыг үрэгдүүлсэн тохиолдолд хаалгах боломжгүй гэнэ. Хэрэв таны картанд 90 мянган төгрөг байсан бол түүнийг хаясантай адил гэнэ. Албаныханы хэлж буйгаар энгийн картыг цаашид  бүртгэлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Бэлэн мөнгөөр үйлчлүүлж болно. Хэрэв та уг картыг авч амжаагүй байгаа бол бэлэн мөнгөөр үйлчлүүлж болно. Бэлэн мөнгөөр нэг жилийн турш давхар үйлчлэх бөгөөд харин жилийн дараа зөвхөн картаар үйлчлэх юм байна. 

 

Үргэлжлэн орсон бороо Улаанбаатарыг усанд автуулав

 

Наадмын маргаашнаас хур бороо үргэлжилэн орж ган гачиг тайлагдаж малчид, тариаланчдын сэтгэл тэнийж байна. Тэгвэл улаанбаатарчуудын хувьд хур бороо айдас дагуулж байгааг өнгөрсөн долоо хоногт орсон их устай бороо харууллаа.

15 минутын хугацаанд дуу цахилгаантай ааддар бороо орсноор нийслэлийн гудамж талбай усанд автаж, гэр хорооллын зарим гудамж, айл өрх үерт усчих дөхөв. Онцгой байдлынхан цаг наргүй ажиллаж айл өрхийг усны аюулаас аварч байгаа дүр зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар. Мөн хэвлэлийнхний онцолсон сэдэв нь хур бороо нийслэлийн замын чанарыг шалгалаа. Ус зайлуулах хоолойгүй зам тавьснаас  төвийн зам талбай усанд автлаа гэж байв. Цахим хуудсаар Улаанбаатарын гудамжинд завьтай явж байгаа, хотын захирагч ерөнхийлөгчтэйгөө усанд сэлж байгаа зургийг нийтэлж шүүмжлэл өрнөв. Нийслэлийнхэн ч үүнд дуугүй суусангүй. Удаан хугацаагаар халалт үүссэнээс хөрс ангаж гэнэтийн их усыг шингээж чадаагүй, ямар ч сайн зам байсан доогуур нь ус орвол ховхордог  гэж байв.

 

Ган тайлагдсан ч ургац, хадлан сэтгэл зовоосоор

 

Наадмын өмнө нийт нутгийн 60 гаруй хувь гантай үр тариа, ургац алдах аюул нүүрлээд байсан. Тариаланчид  үр тарианыхаа 80 гаруй хувийг алдлаа хэмээн халаглах болсон. Үүнийгээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж нийгэмд түгшүүр төрүүлсэн. Мөн малчид газрын гарц тааруу байгаа болохоор хадлан тэжээл базаах боломжгүй болно хэмээн эмээж байв. Тэгвэл наадмын дараагаас хур бороо нийт нутгийг хамарч орж ёстой л нар хур тэгширсэн зуныг авчирав. Салбар яамныхан бороо  үргэлжлэн орсноор газрын гарц сайжирч үр тариа сэргэж байгаа. Мөн хадлангийн нутгууд сэргэсэн гэж байна. Ийм байдлаар цаашид үргэлжилвэл  ургацын хэмжээ нэмэгдэж, хадлангийн талбай сайжирна гэж байна.

Зуншлага гантай тааруу байгаа учир ирэх сарын нэгнээс наадам хийхийг хориглож өвлийн бэлтгэл ажилдаа орохыг Засгийн газрын хуралдаанаар даалгасан.

Ерөнхийлөгчийн зарлигаар зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргүүдийг энэ жил хадлан, тэжээл бэлтгэхэд дайчлахаар болсон байна.