ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.


4

“Уралмаш” бүлгийн толгойлогч Константин Цыгановыг ЗБГХ-тэй тэмцэх албаныхан баривчлан хорилоо. “Уралмаш” гурав хоног дүнсгэр царайлан чимээгүй байснаа хариу барилаа.

1993 оны тавдугаар сарын 2-ны шөнө Михайловскийн оршуулгын газрын загалмайнууд дунд биеийн тамирын хувцастай хүн бий боллоо. Тэр шарил дундуур сүлжин чимээгүй хотын өмнөд захад хүрээд өрөөсөн хөл дээрээ өвдөглөн сууж, мөрөн дээрээ гранатомёт тавиад оршуулгын газрын хажууд байх барилгын цонх руу хашаан дээгүүр буудлаа. Энэ байшин нь Мужийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын байр байв. Гранат архивыг зад цохин хоёр ч өрөө галд автав.

-Уралмаш” төр болоод ЗБГХ-тэй тэмцэх газарт алгадуулсныхаа хариуг ингэж өглөө. “Уралмаш” бүгд рүү довтоллоо. Цагдаа нар, “Төв”-ийнхөн, “Цэнхэрүүд”, “Афганд алба хаагсад”, чөтгөрүүд, Бурханд хүртэл халдав.  Хотын захын үйлдвэрийн биеийн тамирын хувцас, савхин хүрэм өмссөн эдгээр залуус зоригтой, өрөвдөх сэтгэлгүй desperado-нууд байлаа.

Зургадугаар сарын 10-нд гэгээн цагаан өдрөөр Октябрийн талбайн дэргэдэх бутанд (буудлага хийсэн тэр газарт нь одоо  Hyatt зочид буудал байгаа) гранатомётын бас нэгэн буудлага нүргэлэв. Энэ удаад мужийн зөвлөлийн өндөр барилгыг сум оножээ. Дэлбэрэлтийн улмаас түлэнхий хар мөр гадна ханын өнгөлгөөний гантиган дээр үлдэв. Екатеринбургийн “Уралмаш”-ийн мэргэн бууч дараахан нь Оросын ерөнхийлөгч, мөн л екатеринбургийн гаралтай  Борис Ельцин Цагаан ордныг яасантай бараг адилхан үйлдэл ийнхүү хийв.


Буудсан этгээд Загор гэдэг хочтой Олег Загорулько гээч байв. Тэрээр 1995 оны зун дархлагдсан хулгайч Тимур Мирзоевыг отож байгаад өөрийнхөө тавьсан минаны дэлбэрэлтэд өртөнө. Гэдэс дотор нь цувсан мина тавигчийг эмнэлэгт хүргэснээр амьд гарч, мэдүүлэг өгч эхлэнэ. Мөрдөн байцаагчид бөөн баяр болцгоолоо. Загорулькогийн өрөөний үүдэнд “Альфа”-гийн дайчид харуулд гарсан ч уралмашийнхан түүнийг хулгайлж авна. Загорыг үүнээс хойш хэн ч хаана ч хараагүйг бодоход түүнийг чимээ аниргүйхэн цаазалсан биз.

Загорулько ЗБГХ-тэй тэмцэх газрын байр, Цагаан ордон руу буудахдаа ашигласан  гранатомётыг 1998 онд мужийн амбан захирагч Росселийг хороохоор оролдсон  халдлагыг зохион байгуулагчийн байрнаас олно.


Бүлгүүдийн тулалдаан үргэлжилсээр байлаа. Константин Цыганов хоригдож байгаа ч хотын энд тэндгүй автоматын дуу тачигнаж, “Уралмаш”-ийнхан –Төв”-ийнхнийг буудсаар байв.

“Төв” шинэ толгойлогчтой болжээ. Тэр бол урьд  нь боксчин байсан, одоо бол Европод маргад эрдэнэ, зэс нийлүүлж, Африкийн хаа нэгтээ хуучин онгоцнууд түрээсэлдэг “Урал-регион” нэртэй сэжигтэй компанийн ерөнхий захирал Николай Широков. Широков их ажлын дараахи ядаргаагаа “Калининец” усан сангийн саунд орж тайлдаг. 1993 оны аравдугаар сард уралмашийнхан тэнд нь цагийн удирдлагатай тэсрэх бөмбөг тавьжээ. Дэлбэрэлт өчнөөн хүнийг эрэмдэг болгосон ч Широков тэр өдөр усанд орохоор очоогүй аж. Тэрээр 3уралмаш” өөрийг нь ониллоо гэдгийг ойлгоод яаралтай Будапешт нисч “Урал-регион”-ыхоо оффист бүглээ.

“Цралмаш”-ийн тусгай баг, Сергей Курдюмовын бүлэгтэй байлдахын тулд “Төв”-ийнхөн Первоуральскийн эх захгүй дээрэмчдийг хөлсөллөө. Тэд хуурамч архи зарж, машин хулгайлж, булаан дээрэмдэж, аллага үйлддэг хог шаарнууд байв. Тэдэнд пуужингийн  гар удирдлагатай төхөөрөмж хүртэл байдаг байлаа. Энэ сүргийг эрүүгийн хэрэгтэн Георгий Архипов удирдана.

Курдюмовынхон Широковын араас Унгар явж, архиповынхон курдюмовынхны араас нэхлээ. Курдюмовынхон Будапештэд очоод Широковын амраг бөгөөд нарийн бичгийн дарга Елена Романенког дэгээдээд авчээ. Айсан бүсгүй боссоо барьж өглөө. 1993 оны арванхоёрдугаар сарын 5-нд Курдюмов өөрийн дайчидтай цуг “Люнер” гар буу барин Широковын гэрт нэвтэрч хамгаалагч нарыг нь цааш харуулж, “Төв”-ийн толгойлогчийг бараг л амрагтайгаа орондоо хэвтэж байхад нь шахам нухчихжээ. “Уралмаш”-ийн оноосон ял Эринийгийн өшөө авалт (Эриний гэж эртний герегийн өшөө авалтын бурханыг нэрлэдэг –Орч.) мэт эргэлт буцалтгүй хэрэгждэг байв. Чиглүүлж өгсөн аз муутай нарийн бичиг бүсгүйг ЗБГХ-тэй тэмцэх хэлтэс  баривчилж, 2001 онд шүүх түүнийг цагаатгана.

Ам дамжсан яриагаар бол Широковын данснаас “Уралмаш”-ийн дансанд 100 орчим сая доллар урсан оржээ.  “Төв”-ийнхний хөлсөлсөн архиповын шаарнууд курдюмовынхонд саад хийж чадаагүйдээ хорсон, тэдний гарт оруулахгүйн тулд  Балатоны нисэх буудал дээр зогсож байсан Широковын Ил-76 онгоцыг дэлбэлжээ. Гэмт хэргийн “Төв”  бүлэглэл дахиад л толгойлогчгүй боллоо.

“Глобус” бизнес клубын ээлжит үхдэл нь “МиКуч” ББХК-ийн захирал Михаил Кучин болно. Тэр бүр Вагины үед л Төв захыг “эзэмшдэг”, татвар өгөхийг хүсээгүй наймаачдыг зовоодог “тарчлаах газар” хүртэл өөртөө бий болгосон нэгэн. 2004 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Волгоградская гудамжин дахь хувийн байшингийнхаа орцноос Кучин гарч ирээд “Бумер”-аа халаахаар түлхүүр түлхлээ. Яг энэ үеэр дэргэдүүр нь ес загварын лада машин нисэн өнгөрч, онгорхой цонхоор нь автоматаар галлав. “Төв”-ийн нэвт шүршүүлсэн толгойлогчийн цогцос замын хажуугийн цасан дээр үлдлээ.

Яг энэ үеэр  мөрдөн байцаагч, шүүгчид Константин Цыгановт ял өгчих санаатай хий эргэцгээж байв. Гэрч нар алга болно. Хамгийн аюултай гэрч нь  мөрдөн байцаагч руу очиж явахдаа мэргэн буучийн суманд өртөн зам дээр уналаа. Шүүгч Довгийг арматурын төмрөөр зодов. Цыгановыг шүүх хурал болох ёстой байсан Верх-Исетскийн шүүхийн байранд дээрэмчид 1994 оны дөрөвдүгээр сарын  12-нд бөмбөг дэлбэллээ. Тийм болохоор Цыгановыг арай хол Пермь рүү шилжүүлж, дөрөвдүгээр сарын 29-нд Лениний дүүргийн энэрэнгүй шүүх “Уралмаш”-ийн толгойлогчийг тэр үеийнхээр хоёр “Жигули” машины үнэ болох 150 сая рублийн барьцаан дор суллаж орхив.

Цыганов амар тайван сууж төвдсөнгүй. Долдугаар сарын 6-нд Декабристуудын гудамжин дахь “Алтан Пегас” казинод Цыганов дагуулуудтайгаа орж ирлээ. Энэ казино “Төв”-д харьяалагддаг байв. Уралмашийнхан тэндхийн эзэдтэй юу наймаалцсаныг бүү мэд, ямартай ч Цыгановын “бухнууд” төд удалгүй “Төв”-ийн нэр нөлөөтэй этгээдүүдийн нэг Фларит Валиевыг казиногоос чирч гаргаад тэр дор нь автоматаар шүршиж орхижээ.

Цыгановыг тэр дор нь эрэн сурвалжилж эхэллээ. Тэр ч бас хувь заяагаараа тоглоё гэсэнгүй, “Уралмаш” бүлгийн үйл хэргийг найдвартай хамтрагчдаа даатгаад  шуудхан Израйль руу гараад явчихжээ.