Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн бүтээлийн чимэг болсон туслах дүрийг бүтээж, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмэдийг сайн танина. Түүний бүтээсэн дүр болгон сэтгэлд нийцтэй элгэмсэг дүр байдаг.

 

Тэрбээр өөрийн амьдралынхаа талаар "жүжигчин хүн өөрийнхөө бүтээж байсан дүрүүдэд их шүүмжлэлтэй ханддаг. Зарим нь сэтгэл хангалуун явдаг л байх. Миний хувьд эрэгтэй хүүхдийн дүр бүтээж байснаас сайхан бүсгүй, хатан, эмэгтэй хүний гол дүр цөөн бүтээсэн байдаг. “Анхны яргуй” кинонд л гол дүр бүтээснээс бусад нь туслах дүр байгаа юм. Гэхдээ л телевизийн болон уран сайхны бүрэн хэмжээний кинотойгоо нийлэхэд тоо нь 50 шахаж байна. Тооны хувьд ийм ч би хэзээ ч өөрийгөө бүрэн дүүрэн уран бүтээл хийсэн гэж бодож байгаагүй. Ер нь гурван зүйл дээр миний амьдрал 360 градус эргэсэн. Зах зээлийн давалгаанд манай Хүүхэд залуучуудын театр өртөөд алга болсон. Би оршин сууж байсан орон гэрээ зальт этгээдэд алдчихсан. Бас хань ижилгүй болсон нь миний амьдралын хүрдийг өөрчилсөн" хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ. 

 

Гадны орныг ямар байдаг, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөдгийг судлахаар Польш улсыг зорин тэндээ 15 жил болоод эх орондоо ирсэн. Ид хийж бүтээх насандаа гадаад амьдарсандаа харамсдаг ч гэлээ тэрбээр уран бүтээлийн арвин олз омогтой яваа. Өнөө жилийн "Академи авардс"-аас Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг "Хүдэн" кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн. 

 

 

Энэхүү баярт мэдээг хүлээн авахдаа Холливудын "Марко Поло" кинонд тоглохоор тэнцсэн гэдэг мэдээгээ давхар дуулгасан юм. Тэгвэл түүний кино зураг авалт эхэлжээ. Унгарт анхны зураг авалтаа хийж эхэлсэн байна. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван дүр байгаа юм. Олон хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг одоогийн байдлаар шалгаруулж дуусчээ.

 

 

 

 

Д.Ана