Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах онцгой комиссыг байгууллаа
2015/07/28
Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байна.
Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг байгууллаа. Монгол Улсын Шадар сайд тус комиссыг даргалж, орлогч даргаар нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд ажиллана.
Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэнд, спортын сайд, БОНХАЖ-ын сайд, Зам, тээврийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох байгууллагуудын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гишүүдээр ажиллах юм.