Гавьяат Т.Ариунаа "Хатан хаан Сисси"-гийн сонирхолтой түүхийг найзууддаа хуваалцлаа
2015/07/29
/ Хатан хаан Сисси-гийн ордны өмнө /
МУГЖ Т.Ариунаа Бүгд Найрамдах Чех улсын Праг хотноо тоглолтоо хийсэн. Тэрбээр Хатан хаан Сисси-гийн амьдралын түүхээс ийн хуваалцсан юм. "Хүүхэд байхдаа "Хатан хаан Сисси" киног үзэж үсээ дуурайж янзлаагүй, ээж эмээгийнхээ урт юбка даашинзыг өмсөж тоглоогүй охид манайд ховор доо. Австри, Унгарын хатан хааны амьдралыг бид тэр романтик гурван ангит киногоор л төсөөлж, бодит амьдрал дээрээ Диснейн гүнж шиг аз жаргалтай амар сайхандаа жаргасан гэж боддог шүү дээ. Тэгээд бодит түүхийг нь бага сага уншаад үзтэл бас тийм ч сайхан аз жаргалаар бялхаж амьдарсан биш юм аа.
Ямартаа ч хатан хаан Сисси буюу Элисабет амьдарч асан цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан нь үнэн бөгөөд түүнийгээ ч мэддэг байсан гэнэ. Эгчид нь очих тавилантай байсан титмийг гоо үзэсгэлэнгийнхээ ачаар хүртсэн боловч хатан хаан болсондоо насан туршдаа сэтгэл дундуур байсан аж. Тэрбээр бие даасан байдал эрх чөлөөнд үргэлж тэмүүлж эрх дураараа тайван амьдралыг хүсдэг байсан учраас ордны амьдрал алтан тор шиг санагддаг, түүнийгээ ч маш олон гунигт шүлэгтээ илэрхийлэн бичдэг байжээ.
Бидний кинон дээрээс мэддэгчлэн Сиссигийн эгч Хелен буюу Ниниг төрсөн цагаас нь үеэл Франз Жозефтой ураг барилдуулахаар эгч дүүс тохирч ухаан орохоос нь хатан хаан болох бэлтгэлийг хийн зааж сургаж хүмүүжүүлж иржээ. Харин Сиссиг дураар нь эрх танхи өсгөсөн бөгөөд анхнаасаа эзэн хаантай танилцуулах ч ёсгүй байж. Харин 15-тай байхад нь эзэн хаан ирээдүйн нөхөр 23-тай Франз харцаа тусгасан даруй дурлаж гэргийгээ болохыг гуйсан байна. Эзэн хааны гэрлэх саналаас татгалзах эрх байхгүй учир Сисси хүссэн эс хүссэн ч 16-тайдаа Австрийн хатан хааны титмийг зүүжээ. За тэгээд хадам эх, нагац эгч Софиатайгаа ямар харьцаатай байсан нь кинон дээр гардаг хойно би нурших шаардлагагүй биз.
Өөрчилж чадахгүй ордны олон дүрэм журмаас залхсан Сисси бүрэн эрхшээлдээ байлгаж чадах ганц зүйл болох өөрийнхөө бие хаа, гадаад төрх гоо сайханд онцгой их ач холбогдол өгч, нэг байдлаар гоо үзэсгэлэнд хэт автсан байжээ. Нөхөр нь өдрийн тэмдэглэлдээ Сиссиг "зөөлөн хайр татмаар нүдтэй, гүзээлзгэнэ шиг улаан уруултай" гэж магтсан байдаг аж. Нэгэн язгууртан хатан хааныг дүрслэхдээ "Өндөр, үзэсгэлэнтэй галбиртай, өтгөн сайхан үстэй, өргөн магнайтай, гэрэлтсэн нүдтэй, час улаан уруултай, сайхан инээмсэглэдэг, хөгжим шиг уянгалсан хоолойтой, даруухан бөгөөд сүр жавхаатай" гэсэн байдаг. Тэрбээр 50 см бэлхүүстэй түүгээрээ ч маш их бахархдаг байсан. Жирэмсэн болоход биед гардаг өөрчлөлтүүд, хөгшрөлтөөс маш их айдаг байв. (Гэсэн ч тэр 4 хүүхэд гаргасан). Харин тэр хэзээ ч, бүр 60 хүрчихээд ч 30 наснаас хөгшин харагддаггүй байсан гэдэг! Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд этгээд сонин туршилтуудыг шантрахгүй хийдэг байлаа. Тэр маш бага идэж маш их дасгал хийдэг байж. Алхах маш дуртай байсан бөгөөд бараа бологчдынхоо гуйх ятгах ядарч гомдоллохыг үл тоон өдөрт 10 цаг ч алхдаг байжээ. Мөн маш их шүүмжлэл дагуулан байж ордондоо гимнастикийн өрөө байгуулсан бөгөөд цагирган дээрээс зүүгдээд байж байх хэвийн үзэгдэл байж.
Арьс арчилгаандаа байнга шинэ бүтээгдхүүнүүдийг туршдаг байсан ба нэг зүйлийг удаан хэрэглэдэггүй байсан ажээ. Ордны авхай нарын бэлдсэн гүзээлзгэний тос, эмгэн хумсны зуурмаг, хүйтэн халуун улиралд хүртэл түрхэх тостой байсан бөгөөд заримыг нь бүтэн 12 цагийн турш тасралтгүй хутгаж байж бэлэн болгодог байсан гэнэ. Мөн тугалын махаар бэлдсэн зуурмагийг ойр ойрхон түрхдэг байж. Оройдоо оливын тостой онгоцонд орж, бэлхүүсээ нарийхан болгохын тулд цуунд норгосон даавуугаар хэвлий ташаагаа ороож унтдаг байжээ.
Хэдийгээр ядартлаа дасгал хийж, өөрийгөө өлсгөж гоолиг биеэ хадгалдаг, арьсаа маш олон янзаар арчилж залуу сайхан харагддаг боловч хатан хаан Сисси нүүрээ буддаггүй, будгийг хүлээн зөвшөөрдөггүй, байгалиараа төрхийг илүүд үздэг байсан аж. Өөрөө буддаггүйгээс гадна будсан эмэгтэйчүүдэд шүүжлэлтэй ханддаг ч байсан гэнэ.
Элисабет газар шүргэсэн өтгөн хүрэн үстэй байсан бөгөөд үс нь түүний бахархал, бахдал нь байсан ба үсээ арчилахад өдөр бүр 2-3 цагийг зарцуулдаг байсан. Хатан хаан өрөөний голд суугаад цагаан хувцас цагаан бээлийтэй үсчин үсийг нь зөөлнөөр самнаж янзлах бөгөөд хатан хаан дараа нь саман дээрх унасан үсийг тоолж, хэт олон ширхэг унасан байвал сэтгэлээр унадаг байж. Үс янзлах урт хугацааг дэмий өнгөрүүлэхгүй гэсэндээ унгар, грек хэл сурдаг байсан байна. Мөн орой бүр үсээ конъяк өндөгний шараар угаадаг байсан гэнэ.
Хэдийгээр гоо сайхандаа туйлын анхаарч сайхан харагдахын тулд бүхнээ зориулдаг байсан хэдий ч Сисси ичимхий, олон түмний өмнө ил гарах дургүй, нууцлаг амьдрах дуртай байж. Нэгэн удаа хадам ээжтэйгээ ээлжит нэгэн маргааны үеэр "Би эзэн хааныг эзэн хаан биш болсон үед нь л жинхнээсээ дэндүү их хайрлах болно" гэж орилсон байдаг. Сисси сайхан сэтгэлтэй хайр татмаар ч гэсэн заримдаа хамт байгаа хүмүүстээ төвөгтэй гэмээр гутранги зан гаргадаг байсан гэнэ. Нэгэн бараа бологч авхай "Хатан хаан бүх хүнд аз жаргал болох зүйлсийг ч өөрөө өөртөө дарамт болгон хувиргах чадалтай. Яг л гунигтай үлгэр шиг. Түүнийг төрөхөд шидэт дагинууд ирж гол үзэсгэлэн, оюун ухаан, эрх мэдэл гээд сайн сайхан бэлэг бэлэглэсний дараа шулам ирж тэр бүх сайхан зүйлс чамд хэзээ ч бүү аз жаргал авчираг. Чи хэзээ ч юунаас ч аз жаргал олохгүй. Гоо үзэсгэлэн чинь хүртэл чамд гуниг, гай авчираг. Хэзээ ч бүү тайван байг гээд хараасан юм шиг санагддаг" гэсэн байдаг.
Тэрбээр Унгар-Австрийг нэгтгэж хадам эхийн хавчлагаас холдсоноосоо хойш ихэнх цагаа европ тивээр аялж, шүлэг зохиож, зураг зурж өнгөрөөдөг болсон ажээ. Тэрбээр гурван гүнж, нэг ханхүү төрүүлсэн бөгөөд бага охиноос нь бусдыг хадам ээж нь өсгөж, нэг өрөөнд ч хамтад нь байлгадаггүй үргэлж сахидаг байсан байна. Ууган охин нь хүүхэд байхдаа нас барсан бөгөөд цорын ганц угсаа залгамжлах ханхүү нь эрийн цээнд хүрснийхээ дараа эмгэнэлтэйгээр эцэслэсэн билээ. Австрийн ханхүү Рудольф 1889 онд 30 насандаа Мейрлинг дэх ангийн харшдаа өөрийн нууц амрагтай хамт амиа хорлон нас нөгчсөн байдаг. Үүнээс хойш Сисси улам зожиг болж нэг газарт удаан тогтохоо больсон бөгөөд байнга аялдаг болсон байна. Энэ аяллын төгсөл нь Женев байсан ба язгууртнуудын алуурчин итали эр түүнийг хутгалж, тухайн үед хатан хааны корсетыг маш чангалсан байсан тул хэн ч шархыг нь олж хараагүй байна. Тэгээд хатан хаан завиндаа ирж ухаан алдаад нас нөгчжээ. Тэр 60 настай байсан байна. Ийнхүү түүхийг гавьяат маань өөрөө бичээгүй бөгөөд Via: Агиймаа Бүргэдийн бичсэнийг сийрүүлэн буулгажээ.
Хэдийгээр ийм гунигтай түүхтэй ч, гайхамшигтай үзэсгэлэнтэй хатны дурсгалыг эх оронд нь очиж үзлээ гэсэн юм.
Д.Ана
Зочин · 2015/07/29
Nuhur ni shorond hataj l bdag shunal zugaalj l bdag
Зочин · 2015/07/29
Nuhur shorond haraj l bdag shunal zugaalj l bdag