Нийслэлд 7 ослын улмаас 2 хүн нас барж, 12 хүн гэмтлээ
2015/07/30
2015 оны 07 дугаар сарын 29-ний “Лхагва” гарагт нийслэлийн хэмжээнд 294 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 211 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 7 осол гарч, ослын улмаас 2 хүн нас барж, 12 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 6 гарсан.
2015.07.29-ний 09.50 цагийн үед ХУД-5 хороо, Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд “Бичил Глобус” ББСБ-ын Hyundai Accent автомашины жолооч “Т” нь “Живэртийн оргил” ХХК-ний Hyundai HD55 маркын “Б” жолоочтой бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж жолооч “Т” /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн.
2015.07.30-ны 00.30 цагийн үед СХД-20 хороо, Товчооны зам, Хуучин 22-ын ШБТ-ны замд амины Toyota Prius автомашины жолооч “Т” нь Хүннү Контрект ХХК-ний Sinotruck, Nord Benz автомашинуудтай мөргөлдөж, зорчигч нэр хаяр тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, 4 хүн гэмтсэн. Жич: Жолооч Т.Түвшинтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Шүүхийн шийтгэврээр 10 хүнийг баривчлуулсан байна.
Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 2 байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын тоо буурахгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1442 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Өнгөрсөн “Баасан” гаригт гэхэд 135 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн.
Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.
2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал, Хуулийн 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох: 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.