Эрүүл мэндийн салбар эл­гээрээ мөлхөж, эх бо­лохоор эм­нэлэг бараадсан эмэг­тэй­­чүүд гэдсээрээ эвхэрч бай­­­даг жишиг олон жил үр­­гэлж­лэв. Энэ нь инээд муу­тай С.Ламбаа сайдын, бэл­гэв­чийг бренд болтол нь тараасан Л.Гүндалай сайдын үед ч байсан асуудал.

Харин эмнэлгийн хариуцлагагүй бай­дал Н.Энхбаярт эхээс нь илүү анхаарал тавьдаг Н.Удвал сайдын үед бүр ч дордсон гэхэд болно.

Тэрбээр эл салбарт бугшисан байсан олон асуудлыг өлгийдөн авч, өөрийн арга барилаараа өсгөн хүмүүжүүлэх байсан ч эрхэм Намбарын хүүд хошуу дэвсэн гүйсээр эх үрийн эндэгдлийн тоог тэнгэрт тултал нь өсгөсөн. Өдгөө тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд эхийн нэр барьж, эмэгтэйчүүдээ уриалсаар явна. Элдэв янзын тохиролцоо, эрх мэдлийн төлөө хийж байгаа түүний ээлжит тэмцэл эрүүл мэндийн салбарт тэнцэхгүй гэх энгийн бөгөөд оновчтой тодорхойлолт болно.

Харин энэ хугацаанд хариуцаж байсан салбарынх нь шарх сэдэрч сэхээнд орох төлөвтэй байна. Мэдээж энэ нь гэдсэнд марль үлдээгээд оёчихдог, буцлам халуун усанд балчир үрийг болтол нь “чанадаг” тохиолдлыг даруй өсгөх магадлалтай.  Хүрэлцээ муутай төрөх эмнэлэг, төрүүлэх дуртай төр хоёрын шүтэлцээ өдий хүртэл авцахгүй байгаа нь энэ салбарт их шинэчлэл хэрэгтэйг өдөр бүр сануулсаар буй.  Тиймээс эзэнгүй хаягдсан энэ салбарт ирээдүй байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн сайд салбартаа анхаарал хандуулах сөхөөгүй байна. Харин дэд сайд Ж.Амарсанаад Н.Удвалын эрх, үүрэг нь бүхлээрээ шилжсэнээр “орлон тоглогч” болох уу. Аль эсвэл гол дүр болох уу гэсэн сонголт үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Удвалыг яг таг даган дуурайж сайн орлон тоглогч болох аль эсвэл дүрийг нь булааж, ирээдүйд эрүүл мэндийн салбар гэсэн энэ том өрхийг толгойлох сонголт түүнд бий. 1996 онд Оточ Маарамбын сургуулийг дүүргэсэн тэрбээр 1998-2006 онд Наран улсад суралцаж, элэгний өвчинг эдгээхдээ элдэвтэй нэгэн болсон гэдэг. Тиймдээ ч “Хаппи веритас” гэх элэгний эмнэлгээ эх орондоо нээж, “Элэгний Амарсанаа” гэх нэр “эзэмшсэн” байдаг. Гэхдээ тэрбээр эрүүл мэндийн салбарт өндөр дээд албан тушаал сахих болсноор өөрийнхөө эмнэлгийн нэрийг ээжийнхээ нэр дээр бүртгүүлж, ашиг сонирхлын зөрчлөө өдгөөг хүртэл нуун далдалж байна. Тиймээс ч түүнийг эрдэм боловсролтой гэхээс өөр элдэв янзын асуудал ороогоод байдаггүй. Сүүлийн үед тус эмнэлгийн томоохон хөрөнгө оруулагч Японы тал түүнээс хүртэх ёстой хувиа нэхсэн ч өндөр дээд албан тушаалтай болсон мань хүн тэднийг тонгойж ч харах хүсэлгүй болсон аж. Түүнчлэн түүний хувийн бизнес ашиг ихтэй гэдэг. Нэг хэсэг эрүүл мэндийн байгууллага элэгний В, С вирүсийг тархааж байна. Эмнэлгийн байгууллагаар дамжих нь элбэг болсон хэмээж, өөрийнхөө эмнэлгийн давуу талыг танилцуулж явсан мань хүн магтах, матахыг хослуулахдаа гойд. Богино нэрэндээ хэтэрхий урт гуншинтай түүнийг хэн ч харсан ашиг сонирхлын зөрчилтэй хэмээхээр. Жишээлбэл, тэрбээр 2012 онд “Интерферон Альфа” эмнэлэгт ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны тэргүүн, “Гарваа” сангийн тэргүүн, Ази Номхон Далайн Элэгний Эмгэг Судлалын Холбооны Зөвлөх зэрэг тоймгүй олон гуншинтай байв. Гэтэл дэд сайд болсон даруйдаа эмнэлэггүй, эрх мэдэлгүй нэгэн болоод хувирчихав бололтой.

Түүнчлэн тэрбээр хариуцсан ажлаа орхиод, эрх баригч намынхаа лидерээс зүүгдэж хөдөө, орон нутгаар хэсүүчилж яваад ирсэн сурагтай. Хэдийгээр сонгуулийн уур амьсгал орсон ч хүний амь насыг дэнсэлдэг хамгийн хариуцлагатай байх учиртай тус яамны удирдлагууд намчирхдаг үзлээ намнаж чадахгүй л явна. Энэ талаараа Ж.Амарсанаа нь Н.Удвалтай адил төстэй ч юм шиг. Олны нүдэн дээр дарга гээд долигоноод байдаггүй ч өөрийг нь өндийлгөж өгсөн хүмүүсийн тусыг эрүүл мэндийн салбараас илүүгээр үнэлэх эмч хүний хувьд тангаргаа зөрчсөн хэрэг. Алтан гар, цагаан нөмрөг, ачтан зэрэг үг өнөөгийн эрүүл мэндийн салбарт ахдаж байгаа нь энэ салбарын “эзэд”-ийн эхлүүлсэн үлгэр дуурайл ч юм шиг.

 А.ЧИЛҮГЭН