Буриадууд монгол дотроо нүүсэн болохоос дүрвээгүй
2015/07/31
Бариахай Харгана овогтой Гүрбазарын Амар миний бие 1933 оны хоёрдугаар сарын 15-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Их Өвөлжөөн уулын өвөрт төрсөн бөгөөд чухмыг хэлбэл нохой жилд төрсөн нь үнэн тул 1934 оны эхээр буюу хоёрдугаар сарын 22, 23-ны орчимд төрсөн шиг байгаа юм. Гэвч монголчуудын баримталсаар ирсэн эртний заншил ёсоор эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон цагаас хойш нас тоолдог учраас 1933 онд төрснөөр бүртгэгдэн явсаар өдийг хүрлээ. Энэ нь дан ганц монголчуудын ч биш, бүхий л Дорно дахины ард түмний дагаж мөрдсөөр ирсэн маш зөв ёс болов уу гэж бодогдоно. Намайг төрөхөд манай ээж дуншаад үхдэгийн даваан дээр байх үеэр нутгийн алдартай бариач Цэвээний Бүтэв гэгч залагдан ирж ээж бид хоёрын амь аварсан юм билээ. Амар гэдэг нэрийг бас л нэртэй бөгөөд ууртай гэгддэг Даваадагва гэдэг лам өгсөн гэдэг. Нэр гуйсан манай ээж Амар нэрийг голж “Халхчууд Амарсайхан гэх мэтийн гоё нэртэй байдаг. Иш мухаргүй Амар гэдэг нь юү вэ” гэж бодоод ламтнаас “Хэн гэнээ?” гээд асуучихсан чинь яах ийхийн зуургүй уурлаад “Амар” гэж бадчисан гэдэг. Өмнө нь манайхан Халх голд нутаглаж байсан болохоороо тэндхийн олон “Сайхан”-д дассан байсан бололтой. Ийнхүү Улз нутаг миний унасан газар, угаасан ус мөн. Манай сумынхан дотор “билетийнхэн” буюу Зөвлөлтийн харьяат гэгддэг айл тэр үед хэд хэчнээн байсныг мэдэхгүй. Манайх чухам хэдэн онд албан ёсоор дагаар орсныг мэдэх юм алга. Ээж ч мэддэггүй байсан. Бодвол гучаад оны эхээр, шууд Монголын харьяат гэж бүртгэсэн болов уу. Халх голд байхад Монголын харьяат болчихсон, Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөө явуулж байсан гэхэд их л эрт дагаар орчихсон баймаар. Зарим айлыг Зөвлөлт рүү гаргасан гэнэ билээ. Манайх ч гэсэн хойшоо гаргагдвал намайг Шоохолон Доржийнх гэдэг айлд өргүүлчихээд явна гэлцэж байсан гэдэг. Тэр айлын эзэгтэй Дулам намайг эх барьж авсан тул хачин сайхан харагддаг түүнийг би “Дулам ээж” гэдэг байсан. Дорж өвгөн ч намайг дандаа ерөөж “Энэ хүү ер наслах хүн байгаа юм” гэж суудагсан. Яагаад ганц хүүгээ айлд орхих бодол төрөв гэвэл хойно хамтрал коммун болж, хамаг хөрөнгө хураасан учир хөгшид, хүүхэд хоёрт маш хэцүү болсон гэнэ гэж сонссонтой холбоотой байсан гэдэг. Хэрэв би айлд үрчлэгдээд үлдсэн бол хувь заяа шал өөрөөр эргэх байсан байх. Хүн болдог юмаа гэхэд ямар ч боловсролгүй, багаар өнчрөх нь гарцаагүй байсан гэж бодогддог.
Захидал илгээх бол энд дарна уу !

Батхүү · 2015/08/04
Энэ хэдий шилжилт байсан боловч оросууд дургүй байсан тэгээд л их гүрний бодлого үргэлжилж 1937-39 оны хэлмэгдүүлэлтэнд их өртүүлсэн юм даа
Зочин · 2015/08/03
Амар танд урт насалж буриад зоныхныхоо тухай дахин сайхан дурсамж бичээрэй гэж ерөөе.
Алс нутгаас мэндэлсэн
урлаг судлаач Р.Бат-Очир