МӨРГҮЙ ХҮН.....
2015/07/31
Ард кино театрын өмнөх автобусны буудал дээр хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй, энд ч тэнд ч тамхи баагиулсан, шүлсээ хаяж, ийш тийш сониучирхан харах эр эм хөгшин залуу хүмүүс нозоорон зогсох аж. Бүгчим халуунд унаа хүлээнгээ өөрийгөө хар эрээн дэвүүрээр сэвж зогсох гуч орчим насны бүсгүй дээр эр эм хөгшин залуугүй нүд унагана. Бүсгүйн өмссөн бариу жинсэн өмд, цагаан цамцны цаанаас бумбайх хөх, урт хүрэн үс, цагаан царай, бас гартаа тохойвчлон барьсан хар цүнх бүгд дэгжин агаад чамин гайхалтай гоё харагдуулах аж. Автобусны буудал дээр нөхрөө сугадан зогсох бүдүүн хөх хүүхэн, байсгээд сэмхэн сэмхэн залуу сайхан хүүхнийг шохоорхон ширтэх нөхөрлүүгээ цэхэс цэхэс сэлбэлзэж, мөн адил сайхь бүсгүйг ч таагүй харцаараа намжирдана.Ганц нэг залуус хүүхний ойр хавиар хий дэмий л нааш цааш холхивч хүүхний харц гагцхүү ирж зогсох автобус бүрийг нэгжинэ. Зуны халуунд ялаархсан морьд шиг бүгд л алга дарам сүүдрэвчийг бараадан унаа хүлээнэ.Зарим нэг нь хир буртаг ханхлуулж, зарим нэг нь хүдрийн заар үнэртүүлж, бас заримынх нь амнаас өчигдрийн бололтой уусан архины эхүүн үнэр пүнхийнэ. Харин гагцхүү тэр бүсгүйгээс тийм гэхийн аргагүй гоё зөөлөн үнэр анхилах аж. Янз бүрийн автобус, микронууд ирсээр, явсаар байсан ч бүсгүй суусангүй. Буудал дээрх хүмүүс солигдсоор, явсаар, буусаар. Дамбадаржаа гэсэн бичигтэй автобус ирж зогсоход бүсгүй хэн нэгнийг олж харсан бололтой . Автобуснаас хүмүүс бууж дуусахад үл ялиг доголондуу бас харваас муу хувцастай бидний хэлдгээр "өвгөнтийн" гэх тодотголтой дөч орчим насны халтар хар нөхөр бууж ийш тийш хараад, уранхай гутлаараа тоос алгадан урт цагааны чигтээ алхаж одов. Харин бүсгүй түүний араас нуугдасхийгээд дагаж байхыг хармагц миний сониуч зан дийлж автобусандаа суулгүй араас нь мөшгөсөн юм.Дотроо би ямар гэгчийн сонин юм үзэх бол гэж инээд хүрэн, хэрэгт дурлан бүсгүйг дагав. Арай энэ архичин нөхөр нь биш байгаа даа, хаха. Аав нь гэхээр арай бишээ гэх мэтээр таавар таан хоцролгүй алхсаар. Би дотроо залууг шууд өвгөнтийн гар гэж цоллосон юм. Өвгөнтийн гар эргэн тойрноо үл анзааран уранхай гутлаа чирэн, тоос шороо татуулан манаргана . Урт цагаан дөхөж ирэхэд бүсгүй алхаагаа түргэсгэн өвгөнтийн баагийд ойртон очиж
.
-Ахаа, хүүе ах гэж хүн амьтанд дуулдахгүй шахуу шивнэв, өвгөнтийн гар гайхаж буй бололтой эргэн харснаа учиргүй зугтах гэж оролдов. Бүсгүй гараас нь шүүрэн авч ах минь ингэж ч явах гэж дээ, би таныг хичнээн өдөр хайв, алив наад гутлыг чинь солиод өгье, эндээс гутал авъя, бас бас хоол авч өгье. Та даанч яав даа ямар сайхан залуу, ямар мундаг инженер явлаа даа, юу дутлаа гэж ингэж явна вэ гэхэд өвгөнтийн эр, саарал хоолойгоор инээд алдмар болоод
-Өө, миний ганц хайртай дүү Эрка, дүү минь. Ээж ааваасаа бид чинь тавуулаа . Гэтэл ганцхан чи, дүү минь л намайг гэх юм даа.Өндөр цалинтай сайхан явахад минь бүгд л ах минь, хүү минь гэдэг байж билээ. Одоо бол намайг чамаас бусад нь нохойноос дор үздэг гэж мөр нь чичигнэсэн ч нулимс гарсангүй.
-Агаадаа зүгээр л ганц юмны мөнгө өгчих, ах нь хоол идчихсэн бас энэ гутал зүгээр ээ. Чиний дээр авч өгсөн гутлыг агаа нь дээрэмдүүлчихсэн, Ах нь хэнд ч хэрэггүй шүү дээ, ингэж яваад л дуусна.
За ахдаа гялс ганц юм аваад өг гэж шүлсээ үсчүүлэн шавдуулах аж. Өвгөнтийн баагийд аман дотор нь бараг шүд гэхээр юм харагдсангүй. Бүсгүй цүнхээ ухан түрийвчээ гаргахад нүдний үзүүрт нэг их сайхан залуу, хөөрхөн охин хоёрын тэврэлдээд авахуулсан зураг. Хачин сайхан, өндөр цагаан сэтгүүлийн хавтсанд гардаг шиг залуу.Хүүхнүүдийн хэлээр тасархай эрийн зураг харагдав.
Өвгөнтийн эрийн сүүмгэр харц нэгэнтээ гэгээ татаж,
-Дүү минь одоо болтол энэ зураг чамд байдаг юм уу, дөчин мянгатын гоё залуу, хүүхнүүдийг хуйлруулж явсан юмаа гэвэл одоо надад нэг ч хүн итгэхгүй дээ гэж мушийв . Өвгөнтийн эрийн нүд бүсгүйн тоолох мөнгөн дээр сум шиг онилов. Бүсгүй гурван 10 000-тын дэвсгэрт сугалан авч ах минь ингэж ч явах гэж дээ, энэ мөнгөөр эхлээд заавал хоол авч идээрэй.
Одоохон би танд гутал аваад ирье, наанаа суугаад хүлээж байгаарай гэчихээд гүйхээрээ гутлын лангуу уруу чавхдав.
Бүсгүй төд удалгүй гартаа пүүз барьсаар ирэхэд, хэн ч байсангүй, ийш тийш хараачлан хайсан боловч гучин мянган төгрөг атгасан өвгөнтийн данстай ах нь аль хэдийн чавхдан одсон байлаа.Уранхай гуталтай ахаа хаа одсоныг хайж буй мэт зам ширтэн ийш тийш хараачлах хөөрхөн бүсгүй гутлаа барьсан чигтээ тэндээ удаан гэгч нь зогссоор л. Тийшээ, ийшээ одож гэж таах ямар ч мөр би ч тэр, бүсгүй ч тэр олж хараагүй. Яагаад ч юм бэ эргээд автобусны буудал уруу би сажилж байхдаа түрүүчийн их баяр хөөр үгэнд дурлалт үгүй болж яг үнэндээ өөрөө ч тэр бусдын хэрэгт дурлахаас өөр үлдэх мөргүй амьдарч яваа юм шиг дотор минь хоосон санагдахад гишгэсэн мөрөө эргэн харвал өөр нэгэн дээрээс нь гишгэсээр аль хэдүйн баларсан байлаа.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2009 Чикаго хот.(Номын хэсгээс авав)
(Өгүүллэг . Миний бичсэн өгүүллэг, нийтлэл, шүлэг танд таалагдаж байвал хэвлэгдэн гарах номноос минь илүү ихийг унших боломжтой юм шүү )