Цагаатгалын судалгааны ажил хэвийн үргэлжилнэ
2015/07/31
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш эдүгээ 25 жил болж байна.
Улсын комисс байгуулагдсанаар хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төдийгүй хэлмэгдэгчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах зэрэг олон ажлыг зохион байгуулсаар байна.
Улсын комисс өнгөрсөн 25 жилийнхээ ажлыг дүгнэх, үйл ажиллагаагаа олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах энэ хүрээнд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр- 9 дүгээр сарын 10-ныг тэмдэглэн өнгөрүүлэхийн сацуу байгууллагынхаа товч танилцуулга, Улсын комиссын 25 жилийн ажлын тайлан ном, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн түүхийн талаар ном, фото зургийн альбом хэвлүүлэх, баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, өдөр тутмын сонинд мэдээ, мэдээлэл нийтлүүлэх, олон нийтийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нөхөх олговор олгох ажлын тухай мэдээллүүдийг цагаатгалын салбар комиссоос нэгтгэн авч дүгнэлт хийх юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны дараа улс төрийн хэлмэгдүүлэлтийн бодит үнэнийг тогтоох, хор уршгийг арилгах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг гүйцэтгэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг 1991 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн дэргэд байгуулсан билээ. Судалгааны төв улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг судалж цуврал боть хэвлүүлэх, хэлмэгдүүлэлтийн талаар нэвтрүүлэг хийх, ном хэвлэн гаргах зэрэг олон ажлыг гүйцэтгэж байгаад өнгөрсөн онд татан буугдсан билээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын удирдлага байгууллагынхаа 25 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд тус төвд ажиллаж байсан ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү уулзалтад тус судалгааны төвд ажиллаж байсан 30 орчим ажилтан уригдаж оролцов.
Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, тус төвийнхэн өнгөрсөн хугацаанд асар хүнд ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд тэдний хүч чармайлт, оролцоогүйгээр цагаатгах ажлыг төсөөлөхийн аргагүй гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Судалгааны төв татан буугдсан ч улс төрийн хэлмэгдүүлэлт, хэлмэгдэгсдийг цагаатгах талаарх судалгааны ажил цаашид гэрээний үндсэн дээр хэвийн үргэлжилнэ гэдгээ мэдэгдлээ.
Тус төв нь цагаатгагдсан иргэдийн талаарх мэдээлэл бүхий 4 боть нийт 700 гаруй хэвлэлийн хуудас “Улс төрийн хэлмэгдэгсдийн цагаан ном”-ын цуврал бүтээлийг хэвлэн гаргасны зэрэгцээ тэдгээрийг цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгоход анхаарч ажилласан байна
Түүнээс гадна хэлмэгдэгсдийн талаар намтарчилсан 18 цуврал ном, 100 орчим төрөлжсөн судалгааны ном, товхимолоос гадна сонин хэвлэлд улс төрийн хэлмэгдүүлэлт, хэлмэгдэгсдийн тухай олон нийтлэл бэлтгэж нийтлүүлж байжээ.