Төв цэвэрлэхийн ажилчид ялгадсыг гараараа цэвэрлэж байна
2015/08/01
Улаанбаатар дэд станцад ганц шувуу орсноос үүдэж нийслэлчүүд тэр аяараа тоггүй болсон цаг саяхан. Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг Төв цэвэрлэх байгууламжид засвар шинэчлэл, техник технологийн шинэчлэл хийгдэлгүй хэдий нь 25 жилийн нүүрийг үзэж, барилгууд нь балгас болж, техникүүд нь ажилчдын гар аргаар дөнгөн данган өнөө маргаашийг аргацааж байна.
Сарын өмнөхөн сүр бадрааж, аэротенкийн тунгаагуурыг өөрийн хөрөнгөөр засварлана, хот гурав хоног бохиртоо живнэ хэмээн айлгаж байгаад ажлаа хийсэн ч үнэндээ Туул голруу бохироо шууд цутгалаа хэмээн Нийслэлийн нэгэн иргэний хувиар ихэд зэмлэнгүй бодож билээ.
Тэр ч утгаараа тэр үү, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах зөвлөлийнхөн өнгөрсөн лхагва гарагт Төв цэвэрлэх байгууламж дээр шалгалт хийнэ гэхэд нь ихэд сонирхон хамт явах боломж олдож, Улаанбаатар хотын хүн амын бохирыг зайлуулах Төв байгууламжтай газар дээр нь танилцлаа. Гэтэл биднийг юу угтсан гэж санана?
Төв цэвэрлэх байгууламж танилцуулга:
1964 онд Шүүх талбай нэртэйгээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгуулагдаж ашиглалтад орсон.
1969 онд механик цэвэрлэгээний байгууламж
1979-1986 онд биологи цэвэрлэгээний байгууламжийг тус, тус ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ч 1990 он гарснаар Орос ах нартай холбоо тасарч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хомсдолд орж, энд тэнд ганц нэгээр орж ирэх төслийг эс тооцвол шинэчлэл засварт оролгүй хэдий нь 50 жилийн нүүрийг үзээд буй.
Хэрэгжсэн төсөл
Төв цэвэрлэх байгууламж анх ашиглалтад орохдоо 200 мянган м3 усыг хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байгууламж хэмээн тооцоо нь гарч байсан ч өдгөө хүн амын нягтаршил ихэссэнээс өдөр бүр ачааллаа хэтрүүлж, аваарын байдалтай ажиллаж байгаа.
1998 онд Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор төслийн хүрээнд 4 ширхэг насос Дани улсаас оруулж ирсэн. Цэвэрлэх байгууламжтай танилцуулахад нүүрээ тахлах ганц хэрэгсэл боловч ашиглалтын хугацаа нь дуусаад 5 жилийн нүүр үзэж байгаа.
2000-2001 онд “Туул 2000” төслийн хүрээнд тоолуурууд суурилуулсан. Хуучин насосныхоо чадлаар бохир усаа хэмждэг байсан бол хэт ягаан туяагаар бохир усныхаа хэмжээг гаргаж ирэх бололцоотой болгосон.
2003-2009 оны хооронд Испанийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2 шатны төсөл хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн. Үүнд филтер фрийз буюу лаг усгүйжүүлэх байгууламж дээр технологийн шинэчлэл хийсэн.
Лампны хүрэлцээгүйгээс халдваргүйжүүлэлт дутуу хийгддэг
Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх байгууламж. БНСУ-ын Доха гэх компаниас уг ажлыг хийж гүйцэтгэсэн ч ашиглалтын зардал өндөртэй. Түүнчлэн нөхдүүд бүрэн ашиглалтанд оруулж өгөлгүй явснаас гүйцэд ариутгал хийж чадахгүй байгаа.
БНСУ-ын уур амьсгал монголын эрс тэс уур амьсгалаас ихээхэн ялгаатай учир UV туяаны ламп долоо хонолгүй шатдаг байна. Гэвч тухайн ламп нь өндөр үнэтэй учир 166 ламп хэрэглэх ёстойгоос 76 ламптай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс халдваргүйжүүлэлтийг байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин бага ариутгаж байна гэсэн үг юм.
Шугам хоолойн насжилт өндөр байгаагаас хөрсний ус нэвчиж, ачаалал ихэсгэдэг
1964 онд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, түүнээс хойш томоохон бүтээн байгуулалт хийгдээгүйгээс бохир усны шугам хоолойнуудын насжилт өндөрссөн. Олон жил шинэчлэлгүй ашигласнаас хагарч, цоорох, их барилгажилтын явцад гаднаас нь хагалах, түүн дээр хөрсний ус нэвчсэнээс Цэвэрлэх байгууламж руу ирэх усны ачаалал нэмэгдэж байна.
Угтаа цэвэрлэх байгууламжийг анх барихдаа 200 мянган м3 ус хүлээж авна гэсэн тооцоог гаргаж байсан ч өдгөө хоногт 190 мянган метр куб ус хүлээн авдаг болсон байна.
Цэвэршүүлэх тал дээр аргагүй хүчин мөхөстдөг
Улаанбаатар хотоос ирж байгаа бохир усан дахь бохирдлын хэмжээ маш өндөр. 1997 онд батлагдсан дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг баримталж явдаг ч тэндээс өгсөн нормыг барьж явахад хүндрэлтэй. Биологийн рэцит 200-400 кг литр байх ёстой бол цэвэрлэх байгууламжид 2000-3000 мл литрээр цохиж орж ирдэг байна.
Түүнчлэн цэвэрлэх байгууламжийг анх ашиглалтад оруулж байхад хотын хүн ам 200 мянга орчим, хэрэглэж байгаа усан дахь химийн найрлага барааны савангаар л хэмжигддэг байсан бол өнөө цагт хотын хүн ам хэдий нь сая даван талийж, хүчтэй ариутгагч бодисууд хэрэглэдэг болсон нь насжилт өндөртэй, технологийн шинэчлэлт хийгдээгүй байгууламжид ихээхэн дарамт учруулдаг болжээ.
Тухайлбал 1964 онд айл өрх хувцсаа ч, толгойгоо ч ялгаагүй барааны савангаар л угаадаг байсан бол өнөө цагт аягаа нэг юмаар, толгойгоо хоёр, гурван юмаар, шалаа, нойлоо гээд тус бүрт нь тухайлан маш хүчтэй химийн бодисоор цэвэрлэж байгаа. Цаашдаа ч бүр хүчтэй бодис хэрэглэдэг болно. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн технологи хэвээрээ, жилээс жилд насжилтад идэгдэнэ.
Мөн 2001 онд хагас боловсруулсан арьс ширийг хилээр гаргана гэдэг хууль тогтоомж баталснаас манай арьс, ширний үйлдвэрүүд хамаг л болохгүй бүтэхгүй хүчтэй хорыг хэрэглэж эхэлсэн учраас тэндээс ирсэн усанд химийн цэвэрлэгээ хийхээс өөр гарцгүй болжээ. Гэтэл энэ байгууламж анхнаасаа химийн цэвэрлэгээ хийхэд зориулагдаагүй, ямар ч технологи байхгүй учраас цэвэрлээд гаргаж байгаа усанд химийн бохирдлын хэмжээ маш өндөр байдаг аж, ялангуяа хүнд металийн хэмжээ өндөр байдаг.
Нийслэлээс суурилуулсан сараалж ашиглалтын шаардлага хангаагүй
Хамгийн эхний цэвэрлэгээний байгууламж болох том хогнуудыг шүүж авах сараалжин байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас шинээр дөрвөн сараалж суурилуулсан байна. Гэвч Нийслэлээс суурилуулж өгсөн эдгээр сараалжнуудад хогоо буулгах горим байдаггүй учраас, эмэгтэй ажилчид өөсрдөө орж гараараа хог малтдаг болжээ.
Анх суурилуулна хэмээж байхад нь авахгүй хэмээн гүрийсэн ч Нийслэлээс өгч байгаа учир нэг л өглөө ажилдаа ирэхэд нь хүчээр суурилуулчихсан байсан гэх.
Түүнээс хойш усны хэмжээ ихэсч халилт үүсдэг болсон учраас ажилчид гараараа малтлага хийхээс гадна насосоо хамгаалж, өөрсдөө бетонон хамгаалалт хүртэл хийсэн байна.
Станцууд нь актлагдсан ч өөрсдөө торгоогоод ажиллаж байгаа
Барилга байгууламжууд актлагдсан. Урд нь техникийн их сургуулийн багш байсан н.Эрдэнэтуяа гэх хүн энд жил болгон хэмжилт хийгээд, зураг гаргана гээд явдаг ч хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгөхгүй байгаагаас өнөө хүртэл актлагдсан барилгууддаа үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Уг станцтай танилцаж явахад бидэнд хөтөч хийж явсан инженер Б.Гэрэлзаяа “Одоохондоо ч гайгүй ээ, өвөл болохоор л цантаж, толгой дээрээс тоосго сугарч унаад байдаг юм. Энд дөрвөн удаа засвар хийж үзсэн. Сетка барьж байгаад наанаас нь хөөсөнцөрдөж байгаад л заслаа. Хүчил, шүлт, бохирдолт ихтэй, уур цан ихтэй болохоор мянга засвар хийгээд хөндийрч ховхроод байдаг юм байна” хэмээн толгой сэгсэрч явлаа.
Энэ хэвээрээ өвөлтэй золговол өвлийн эхэн сарыг үзэлгүй барилга нь нурж унаад, насосууд нь дарагдаж, Нийслэлчүүд бохиртоо живж, өвөл, хаврын зургаан сарыг давахаас аргагүйд хүрэхээр болжээ.
Үйлдвэрийн бохир усыг хүлээн авах станц бүхэлдээ зэвэрч, бетонууд нь бутарч эхэлжээ
Станцын ээлжийн машинист н.Энхчимэг: Гараараа малтдаг учраас урдаас нь зулгаах тороосны сам суурилуулах гэж байгаа
- Манай станц хоногтоо 80-110 мянган метр3 ус хүлээн авдаг. 2015 онд хийгдсэн ажил бол салхивчны хоолой. Өвлийн улиралд бохирдолт, уур цан ихтэй учир заавал салхивчны хоолойтой байхгүй бол болохгүй учраас агааржуулалтын хоолой суурилууллаа. Сараалж бол ойлгомжтой бид нар гараараа малтдаг.
Барилгын хувьд хүчил, шүлт, бохирдол ихтэй учраас бүх юм нь зэвэрчихсэн, бетонуудад бутралт үүссэн байгаа. Үйлдвэрийн бохир ус ирэхээр том, том хогуудыг шүүж авч байгаа энэ сараалжнууд бохирдол ихтэй. Тэрийг нь гараараа ухаж, цэвэрлэдэг нь хэцүү байдаг. Өвөл бол нөхцөл байдал бүр хүндэрдэг. Бид нар өөрсдөө санаачилж хийж байгаа юм. Дандаа гараараа малтахад хэцүү учраас хог буулгагч болох нь уу, үгүй юу гээд зураг схем гаргаж, янз бүрээр л үзээд байна.
Эхний ээлжинд савар шиг юмаар хийж үзсэн. Баруунд сараалжны хог буулгагч нь ирмен учраас тэрийг дуурайлгах гэж үзлээ. Урдаас орж ирж байгаа юмнууд ирменээ даадаггүй юм байна. Одоо сараалж эргэж байхад урдаас нь зулгааж байх тороосон самтайгаар хийж үзэх гэж байна.
Тэгж байж ажлын обьеом гаргаж, хэчнээн төгрөгөөр ийм юм хийж болох нь вэ гэсэн санал оруулах гээд байгаа юм.
Бохир орчинд ажиллахаар арьс салстан дээр тууралт гарч, элэг ходоод, уушгины өвчнөөр өвчилдөг
Ажилчид нь байнгын бохирдол дунд хүчил, шүлт, метаны хий ихтэй газар ажиллаж байгаа учраас уушги, зүрх, элэгний өвчлөлд ихээр нэрвэгдэхээс гадна дүлийрэх үзэгдэл түгээмэл байдаг байна.
Түүнчлэн бохир ус, үйлдвэрийн ноос ноолуурын бохирдол харшил үүсгэж, багтраатай болгодог ажээ.
Одоогийн байдлаар тус байгууламжид ахиж Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж болохгүй гэсэн эмчийн хоригтой хоёр ажилтан байгаа боловч орных нь хүмүүс цалин багатай, орчин нөхцөл хүнд хэмээн ирэхгүй байгаагаас, тушаал гартал ажилласаар байгаа аж.
Лагийн талбай
96 хувийн чийгшилтэй лагийг 75 хувийн чийгшилтэй болгож гаргаж байгаа. Хоногтоо манайх 2-4 рес гаргаж, өдөртөө 20 мянган метр куб лаг ялгадаг. Гэвч лагийн талбайд лагийг ил задгай хаяснаас доошоо нэвчиж хөрсний бохирдол ихээр үүсгэж, аюултай түвшинд хүрчээ.
Энэ талаар Технологийн инженер Ю.Эрдэнэжаргал “манайх техник төхөөрөмжийн дутагдалтай байгаагаас лагийг их хэмжээгээр лагийн талбайд хаяж байгаа. Хэчнээн байгалиараа нөхөгдөж байгаа ч доогуураа олон жилийн хур лаг хөрсөндөө шингэж, бохирдол үүсгэж байгааг үгүйсгэх аргагүй. Угтаа лагийн талбайд хаяхаар бол доороо хальс дэвсэж байж хаявал хөрсний бохирдол үүсгэхгүй.
Газгольдор, Метантенкийн балгас
Газгольдор, метантенкийн барилга Монголд байдаг гэвэл та итгэх үү. Метантенк гэдэг байгууламж нь лагийг дахин боловсруулж, хий /газ/ гарган авч, ашиглах байгууламж юм. Хэдийгээр эдгээр байгууламж Төв цэвэрлэх байгууламж дээр байдаг боловч Орос ах нар анхнаасаа дутуу барьсан учраас өнөө хэр ашиглалтад оруулж чадалгүй балгас болтлоо урууджээ. .
Энэ талаар тус байгууламжийн мэргэжилтнүүд “Хэрвээ энэ газгольдор, метантенкийг гүйцээж бариад ашиглалтанд оруулчих аваас бид газаа шугамаар аваад чөлөөтэй ашиглах боломжтой болно. Тухайн үеийн Оросуудын тооцоогоор хотын хүн амыг бүрэн хангах боломжтой байсан.
Гэхдээ янз бүрийн асуудал гараад орхисон байх. Яагаад дутуу орхисон нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч ашиглаад эхэлчихвэл газын төвлөрсөн систем бий болж эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай болж ирнэ.
Магадгүй Орос, Хятадыг холбосон газын шугам манайхаар дайрах боломжтой ч болох байсан юм билүү, яаж мэдэх вэ. Солонгост гэхэд газгольдор, метантенкийн байгууламж гэж жижигхэн авсаархан газар байдаг. ОХУ-ын газгольдер, метантенк л манайх шиг ийм нүсэр байдаг. Уул нь газар байна. Гэвч сайжруулах хөрөнгө санхүү, ийш чиглэсэн бодлого алга байна, үндсэндээ мартагдсан гэж болно" гэлээ.
Газгольдор
метантенкийн барилга
Хангамжаар сард ганцхан бээлий ирдгээс ялгарсан өөх тос, ялгадасыг нүцгэн гараараа цэвэрлэдэг
Улаанбаатар хотын нийт хүн амын бохир усыг цэвэрлэдэг ганцхан төвлөрсөн байгууламжид сард 1ш резинэн бээлий, 2ш нэг удаагийн маск өгдөг ажээ. Гэвч өдөр болгон сараалжны хог гараараа малтаж байгаа ажилчдад энэ нь нэг өдрийн ч нормыг хангаж чаддаггүй гэх.
Эмэгтэйчүүд нь сараалжны хог малтаж, ухдаг бол эрчүүд нь тунгаагуурын бохир усан дээгүүр хөвсөн тос өөх, ялгадсыг гараараа хамдаг. Зарим нэг нь яаж ийж байгаад резинен бээлийгээ хувиасаа болгодог бол эрчүүд улаан гараараа тэр их бохирыг хамж байж, цэвэрлэгээ хийх энүүхэнд.
Биднийг очиход яг тэр дүр зураг давтагдаж байсан бөгөөд тийш орж байгаа хүмүүсийг харах битгий хэл бодохын төдийд л дотор муухайрч зүрх үхэж байсныг нуух юун.
Бохирыг гараараа хамж буй ажилчид. Тэд сард 1ш резинен бээлий, 2ш нэг удаагийн амны хаалтны нормтой
Тэд сард 400 мянган төгрөг авдаг
Өнөөдөр томоохон дэлгүүрийн шалыг өдөртөө хоёрхон угаадаг үйлчлэгч 500 мянган төгрөгний цалин авч байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл жинхэнэ ориг бохир үнэр, танартай, байнгын аваартай хүнд нөхцөлд ажиллаж байгаа мэргэжлийн инженер, техникчдийн гар дээр сард ердөө 400 мянган төгрөг очиж байна.
Аваар гарсан үед нийслэлчүүдийг бохирт нь живүүлчихгүйн тулд тэдгээр инженер техникчид шөнө орой 21, 22 цаг хүртэл ажилладаг ч илүү цаг боддоггүй. Урамшуулал, 13-р сарын цалин, үр дүнгийн нэмэгдэл ч байхгүй.
Энд ажиллаж байгаа ажилчид ердөө ажилдаа сэтгэлтэй, би хийхгүй бол өөр хүн хийхгүй гэсэн хариуцлагаа мэддэг учраас энэ олон жил хэл амгүй явж ирчээ. Эндэхийн ажилчид дүлий болж байна, уушгины өвчтэй болж байна, эхнээсээ эмчийн дүгнэлтээр цэвэрлэх байгууламжид ажиллаж болохгүй боллоо. Гэтэл залуу боловсон хүчин авъя гэхээр хүнд нөхцөлтэй, цалин бага гээд ирдэггүй гэх.
Тиймээс Төв цэвэрлэх байгууламж насжилт өндөртэй ажилчидтай газар болжээ. Учир нь залуучуудыг урамшуулах цалин урамшуулал бага, байнгын үнэр танар, ажлын хүнд нөхцлөөс шалтгаалан залуучууд энд удаан тогтохгүй.
Цагтаа Цэвэрлэх байгууламж, цалин урамшуулал, хамгамж хамгийн сайтайгаараа шагшигдаж байсан ч чөлөөт тогтолцоонд шилжсэнээс хойш тэдний хангамж багасч, үйлдвэр технологийн доройтолд оржээ. Ямартай л Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэчлэсэн гэх сараалж нь зориулалтын малтуургүйгээс ажилчид өдөр бүр хог бохирдол, ялгадсыг гараараа цэвэрлэж байх вэ дээ.
Ээлжийн инженер Б.Гэрэлзаяа: Урдаас оруулж ирсэн тоног төхөөрөмж авмааргүй байна
Бид болж өгвөл урдаас тоног төхөөрөмж авмааргүй байгаа юм, саналаа ч хэлдэг. Манай бохир усны нөхцөл байдал, байгалийн нөхцөл байдал зэрэг бүхий л нөхцөл байдалд урдаас ирж байгаа тоног төхөөрөмжүүд ерөөсөө тохирдоггүй, насжилт байдаггүй. Амархан эвдрэх юм. Дээр нь сэлбэг материалыг нь заавал урдаас очиж авчрах болох юм.
Энэ станц дээр гэхэд анх 1998 онд Данийн тусламжаар дөрвөн насос суурилуулсан. 1998 оноос өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна, ашиглалтын хугацаа дуусаад таван жил болж байгаа шүү.
Гэтэл урдаас оруулж ирсэн төхөөрөмж гуравхан жилийн нүүр үзэж байгаа хэрнээ шатаж байна, доторх ороомог нь хайлж байна, ус нь кабелаа дагаж ороод л шатаачихаж байна.
Бид нар техник төхөөрөмжийнхөө судалгааг хийгээд захихаар урдаас оруулж ирчихээд, суурилуул гээд өгчихдөг. Аргагүй нөгөөдөхийг нь суурилуулахаар амархан шатаж, эвдрээд, ёстой юмханаар юм хийгээд л явж байна.
Дээр нь манайх бүтцийн өөрчлөлтөд орсноос хойш станцууд дээр ганц, ганцхан машинист ажилладаг болчихсон. Нэг ёсондоо нэг хүн хоёр станцыг хамтад нь авч явж байна гэсэн үг.
Төв цэвэрлэх байгууламжийн машинист:
- Барилга байгууламжийн хувьд юуг шинэчилчихээсэй гэж хүсч байна вэ?
- Барилга байгууламж, тоног төхөөрөмж гээд бараг бүх л юмаа нэн даруй шинэчлэх шаардлагатай байгаа. Үнэр танар гэхэд арай л биш. Залуу хүмүүс, ирээдүйн боловсон хүчнээ татахад төрөөс анхаарах шаардлага ч тулгамдаад байна.
- Яг энэ байгууламж дээр хэзээ шинэчлэл хийгдсэн бэ?
- Хамгийн сүүлд сарын өмнө нөөцийн насос авчирч суурилуулсан. Түүнээс өмнө эдврэл гэмтэл гарлаа гэхэд ганц насосоороо таг зогсоод, яаралтай түргэн авдаг байсан.
- Тоног төхөөрөмж дээр ажиллаж байхад хүндрэл бэрхшээлтэй юм юу байна вэ?
- Манай бүх тоног төхөөрөмж гар аргаар байдаг. Терм явагдаад гарсан хог бохирдол, өөх тос бүгдийг гар аргаар цэвэрлэж, аваачиж хаядаг. Автомат нэг ч төхөөрөмж байхгүй.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Зочин · 2015/08/02
:like
Батхүү · 2015/08/02
Тусгаар улс байна даа болохгүй бол ард түмэндээ үнэнээ хэлээд хандив аваад ч болов шийдээч дээ зуны улирал дулааны үнэ төлөхгүй байрны үнэ жаахан буурсан үед орон сууцны өрх бүр 10000 өгчихөд л асуудал шийднэ шүү дээ
Зочин · 2015/08/01
Horongo mongiig ne shiidej chadahgui bol horigdluudiig avchirch ajilluulah heregtei. Ulsaar zugeer tejeelgej bsnaas bohir tseverleed bj bval heregtei yum
Зочин · 2015/08/01
за даа юу гэж л 400000 мянган төгрөгний цалин авчил байв гэж дээ
Зочин · 2015/08/01
:like
erka · 2015/08/01
Olon bayar temdeglej bhaar tseverleh baiguulamjaa anharmaar ym yadahdaa end ajillaj bga humuisdee tsaling nemej ajiliin huvtsas avch ugmuur ymaa