Дуртай үедээ Ерөнхий сайдыг утасдаж загначихаад зургаан сайдаа огцруулах бичгээ хурдан оруул гэж шахаж суусан З.Энхболд дээр "намын даргаа өг, үгүй бол өөрөө Ерөнхий сайд бол" гэсэн шулуухан шаардлага аваад орсон Ч.Сайханбилэгийн үйлдэл АН-ынханыг нэлээд сандаргаад авсан билээ.

 

Том биетэй цээжнээс  180кг шахдаг эр үргэлж дээрэлхүүлнэ гэж юу байхав. Хуулийн дагуу сайд чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Гэвч хэдий хугацаанд зөвшилцөх ёстой талаар хуулийн ганц ч заалт байхгүй гэнэ. Харин З.Энхболд нарын тайлбарлаж байгаагаар Ерөнхийлөгчтэй 5 хоногийн дотор зөвшилцөнө гэдэг нь Ерөнхий сайд УИХ-д тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн тохиолдолд тооцогдох хугацаа ажээ. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч тогтоолын төсөл УИХ-д өргөн бариагүй байна.  Тиймээс Ерөнхийлөгч асуудлыг яаж ч сунжруулж мэдэхээр болоод байгаа юм. УИХ-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийг 5 хоногийн дотор зөвшилц гэх мэтээр дайралт хийвэл түүний бүрэн эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл болж харагдана. Ийм нөхцөлд байнга хууль зөрчдөг гэсэн шүүмжлэлээс салдаггүй З.Энхболдод байдал ашиггүй тусна. Үндсэн хуулийн цэцэд очих өргөдөл нэгээр нэмэгдэж ажлаа өгөхөд ч хүрч мэднэ.

 

Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хугацаа авснаар ҮЗХ-г хуралдуулах шаардлага улам бүр тодорно. Харин З.Энхболдын хувьд ҮЗХ-г хуралдуулах сонирхол байхгүй тул аль болох хурдан асуудлыг шийдэхийг хичээж байна. АН-ын дүрмээр бол намын дарга ҮЗХ-г зарлан хуралдуулах эсвэл ҮЗХ-ны гишүүдийн  1/3 -ийн шаардлагаар хуралдах ёстой.  Хэрвээ АН-ын дарга ҮЗХ-ны хурлыг зарлахгүй бол Ч.Сайханбилэг ҮЗХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах гарц бий. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хэдийн гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн гэх.  Хэрвээ тэдний шаардлага амжилттай болж ҮЗХ хуралдвал намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хувь заяа туйлын бүрхэг болох бөгөөд АН-ын хүчний харилцаанд онцгой өөрчлөлт гарна гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.

Д.Идэр

www.24tsag.mn