АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүх гаргасан бөгөөд үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ.

Албаны хүний яриагаар, Г.Дэнзэн нь долдугаар сарын 21-нд өлсгөлөн зарлах өргөдлөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаанд өгч байсан юм байна. Ангийн захиргаа түүнийг өлсгөлөн зарлахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн хариу өгч, зөвшөөрөөгүй ажээ. Учир нь, тэрээр элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушигны удамшлын сүрьеэтэй байсан гэнэ. Иймээс хорихын эмч нар биеийн эрүүл мэндийг нь харгалзаж, энэ тухайгаа ангийн удирдлагад мэдэгдсэн юм байна.

 

Гэвч Г.Дэнзэн өчигдөр өлсгөлөн зарлах тухай өргөдлөө дахин өгсөн байна. Түүнийг өргөдлийг хорих ангийн удирдлагууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өнөөдрөөс Г.Дэнзэн хоол идэхгүй байхаар шийдсэн бололтой. Тэрээр хэд хоногийн өмнө гурван байгууллагад нийтдээ зургаан заалт бүхий шаардлага тавьсан байна. Энэхүү шаардлагыг нь биелүүлж, өөрийнх нь эрхийг хангахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.