“Мичидийн зургаан гялаан”-аар төсөөлсөн асрамжийн газрыг зорилоо

“Мичидийн зургаан гялаан” гэдэг нэртэй ахмадуудын асрамжийн газрын тухай өгүүлдэг Монголын уран сайхны кино бий. Энэ киногоор төсөөлж явдаг улсын гэх тодотголтой Асрамжийн газрыг сэтгүүлч миний бие зорьж сурвалжиллаа.

Picture 714Улаанбаатар хотоос 2 цаг гаруй, ихэнхдээ шороон замаар давхисаар Төв аймгийн Батсүмбэр сум Ахмадын асрамжийн газар ирэв. Сумын төвөөсөө бас хэдэн км-ын зайд байдаг аж. Энэ асрамжийн газрыг дагаад тэр хавьдаа жижиг тосгон үүссэн гэж харагдахаар хашаа хороо, айлууд харагдаж байлаа.

Нэг талд нь 3 давхар барилга, асрамжийн газартайгаа зэрэгцээд өргөтгөл барьж байгаа аж.

Picture 7533 давхар оюутны дотуур байр шиг хуучны цагаан байрны үүдэнд ирэхэд тохьтой, цэмбэгэр орчин угтан авсан юм. Үүдэндээ “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв” гэх хаягтай аж. Биднийг очиход гадаа нь хүн үзэгдсэнгүй. Учрыг тодруулбал энд байгаа ахмадууд өдрийн хоолондоо орсон гэнэ.

Picture 660“Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-ийн даргаар Л.Төмөрчөдөр гэдэг залуу ажилладаг байна. 2013 оны 02 сард томилогдож иржээ.

1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж үүх түүхээ эхэлж байсан энэ газар 90 жилийн ойтойгоо золгожээ. “Ойгоо угтаад хийх ажил их байна. Энэ хэдэн ахмадууддаа дээл хувцас оёулж байгаа. Манай хэд чинь шинэ хувцсаа цааш нь хийгээд хуучин хувцсаа л өмсөөд байж байдаг хүмүүс шүү дээ” хэмээн инээмсэглэн ярих шинэхэн даргатай цөөн хором хөөрөлдлөө.

 

Л.Төмөрчөдөр: 120 гаруй ахмад, 50 гаруй ажилтантай

Picture 759-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр гэдэг. Энэ байгууллагад ирээд 2 жил 6 сар даргаар нь ажиллаж байна даа.

-Нэрээ өөрчилсөн бололтой. Би ахмадын асрамжийн газар гэж бодож байлаа шүү. Үүх түүхээс нь товч хуваалцана уу?

-Манай байгууллага байгуулагдах эрхзүйн акт 1924 онд Маршал Чойбалсангийн санаачилгаар гарсан юм байна лээ.  1925 онд үндсэн үйл ажиллагаагаа эхэлсэн гэж хэлж болно. Анх Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдсан. 1957 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байршаад 1967 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр суманд ирж байршсан. 2013 оныг хүртэл улсын асрамжийн газар гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 3 сараас ХАХНХ-ын сайдын тушаал гарч “Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Ихэвчлэн ямар хүмүүс зорьж ирдэг вэ? Хичнээн ажилчидтай вэ?

-Манайх 120 гаруй ахмадуудтай, 50 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Хуульд заасны дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хороо хорины тодорхойлолтын дагуу авдаг. Манайд хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэлээдгүй байдаг учраас эмнэлгийн алба 24 цагийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.

-Энэ байртайгаа залгаад өргөтгөл барьж байгаа бололтой. Улсын хангамж, төсөв хэр хүрэлцээтэй байна?

-Тиймээ, Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгаас гадна ахмадын нөхөн сэргээх сувиллын барилга барьж байна. Орчин үеийн шийдэл бүхий, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм сайхан барилгууд удахгүй босно доо. Сая та нөхдийг үүдээр орж ирэхэд баахан бараа овоолсон байсан даа. Энэ бол яамны хэлэлцээрийн хүрээнд Японоос ирсэн тоног төхөөрөмжүүд байгаа юм. 2 багц 60-аад нэр төрлийн тоног төхөөрөмжүүд ирсэн.

Манайд 2014 онд улсын төсвийн 9,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол урьд өмнөх 90 жилийн түүхэнд хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. ХАХНХЯ, Нийгмийн халамж үйлчилгээний газраас нийгмийн зорилтот бүлэг болсон энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийж байгаа нь байгаа олсон алхам юм. Ахмадуудад хэрэгтэй үйлчилгээг сайжруулах, байр сууцаар хангах, хоол унд, эм тариа, хувцас хэрэглэлээр хангахад хуучин байснаас 2 дахин төсөв нь нэмэгдсэн.

Picture 666

/Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлийн барилга/

Picture 631

/Япон улсаас ирсэн асаргаа, оношилгооны тоног төхөөрөмжүүд/

 

Дутуугаа нөхдөг амьдардаг хүний заяа

Ийн энэ газрын талаар тодорхой ойлголт мэдээлэл авсны дараа үүдэнд гарахад хэсэг ахмадууд салхилж суугаа харагдав.

Picture 670Хэдэн биенийхээ бараа харж суудаг энэ хэдэн хотоос ирсэн зочид сонин байгаа бололтой. Эдэн дундаа хамгийн дуу шуутай нэг ахтай уулзлаа.  Түүнийг Пүрэвсүрэнгийн Энхбаяр гэдэг аж.

“Ах нь энд ирээд 10 гаруй жил болж байна. Ээжтэйгээ байж байгаад ээж маань бурхан болсны дараа Хан-Уул дүүргээс энд ирсэн” гэв. Тэрбээр тэргэнцэртэй бөгөөд яагаад хөлөө гэмтээсэн талаар асуухад “1974 онд цэргийн алба хааж байхдаа үерийн дайчилгаанд оролцон 2 хөлгүй болсон хүн дээ. Дарханы цэргийн эмнэлэгт ухаангүй байж байгаад хотын цэргийн эмнэлэгт ирж ухаан орсон гэдэг” гэв. Тэрбээр бичиг баримтныхаа бүрдүүлэлтийг хийлгэсэн, он гараад тэтгэвэрт гарах гэнэ.

Picture 672Бие биенийхээ зовлон жаргалыг эгээ л хань нөхөр шиг, аав ижий шиг дэндүү сайн мэддэг болцгоосон эд хотоос сурвалжлагч ирсэн гэсэн болохоор тэгсэн үү, хажуудаа суугаа нэг эгчийн талаар ам уралдан ярьцгаав. “Багадаа айлд өргөгдсөн. Эцэг эхээ алдаад харж хандах хүнгүй болсон энэ маань энд ирээд бүр овоо болж байна. Уул нь ч хөөцөлдөөд ах дүүгийнх нь сургийг гаргаад өгчихвөл аштай юу? Өөрөө сайн ярьж чаддаггүй юм” гэв.

Гадаа салхилж суугаа хэсэг ахмадуудаасаа хамаагүй дүү учраас яг л охиноо гэж боддог бололтой. Хүний хорвоод ингэж л дутуу хоосон орон зайгаа нөхөж явах нь хүн болж төрсний утга учир мэт.

Энэ эмэгтэйн талаар дараагийн удаад тусгай нийтлэл хүргэнэ.

 

Өөрсдөө тарьсан шинэхэн ногоогоо хүнсэнд хэрэглэдэг

Эднийх боломж бололцоогоо ашиглан төмс хүнсний ногоог өөрсдөө тарьж, туслах аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа гэнэ. Бид хажууханд нь баригдаж байгаа ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөл болон, ахмадын нөхөн сэргээх төвийн барилга, мөн төмс хүнсний ногооны талбайтай нь танилцахаар хөдөллөө.

Picture 678Ахмадын нөхөн сэргээх төвийн барилгыг Оффис Констракшн ХХК барьж байна. Тус компанийн барилга хариуцсан инженер С.Баасансүрэн хэлэхдээ: “Манайх энэ төслийг 2014 оны 04 сард эхэлсэн. Ашиглалтанд 2015 оны 10 сарын 10-нд хүлээлгэн өгөх ёстой. Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай, талбай дээр 40-өөд хүн ажиллаж байна” гэв.

Ахмадуудыг нөхөн сэргээх сувиллын барилга учраас дотор зохион байгуулалт, орчин нөхцлийг нь ахмадуудад тохируулан хийж байгаа аж. Ашиглалтанд ороод нэг дор 108 хүнийг хүлээн авах хүчин чадалтай байна.

Ингэснээр хуульд заасан ирэх ёстой хүмүүс хороо хорины тодорхойлолтоор бус, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хэн хүссэн бүхэн тодорхой хугацаагаар төлбөрөө төлөөд ирж сувилуулдаг болох боломжтой болох юм.

Picture 687Дараагаар нь эдний ногооны талбайг үзэж сонирхов. 3 хүлэмжинд помидор, огурци зэрэг нарийн ногоо хажууханд нь гадна талбайд сонгино, кимчины байцаа, салатны ногоо зэргийг тарьжээ. Одоо бол өдөр болгон шахуу өөрсдийн тарьсан огурцигаа таслаад хүнсэндээ хэрэглэж байгаа аж.

Picture 701“Манайх урьд өмнө нь хүний газар дээр хүний тоног төхөөрөмж ашигладаг, зардал мөнгө их гардаг байсан тал бий. 2013 оноос хойш туслах аж ахуйг хөгжүүлж ахмадуудынхаа хоол ундны хэрэгцээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах чиглэлээр багагүй ажлууд хийгдэж байна. 2014 онд өөрийн гэсэн газартай болж, трактор тоног төхөөрөмжтэй болсон. Бид энэ жил 20 га газарт төмс, хүнсний ногоо, 1 га орчим талбайд нарийн ногоо тариалж байна. Ингэснээр ахмадууд маань өөрийн гараар бий болгосон, өөрсдөө тарьсан хөдөлмөрлөсөн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хоол хүнсний орц норм нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр хамгийн эрүүл хүнсийг хэрэглэж байгаа давуу тал олон” гэж Л.Төмөрчөдөр дарга ярив.

Мөн ногоо тарихын зэрэгцээ хажууханд нь гахайны аж ахуйг хөгжүүлж байгаа аж.

Picture 708

/Төмс, хүнсний ногооны талбай/

Picture 698

/Хүлэмжиндээ нарийн ногоо тариалдаг/

 

“Нулимсаа залгисан” агшин

Ийнхүү баригдаж байгаа барилга, туслах аж ахуйтай танилцсаны дараа ахмадуудынхаа амьдардаг өрөөгөөр орж сонирхлоо.

Picture 7183 давхар барилгын нэг давхарт өрөө тасалгаандаа байгаа нь цөөхөн аж. Учир нь нэг давхрын энэ хэсэгт бие даан амьдрах чадвартай хүмүүс байдаг учраас гадаа сүүдэрлэх, шатар даам, тоглоом тоглох, зарим хэсэг нь алхах зугаалахаар гол явдаг аж.

Picture 728Харин 2 давхарт асаргааны биш хэдий ч эмчилгээтэй хүмүүс байдаг байна. Яг л хүүхдийн цэцэрлэгт орсон мэт сэтгэгдэл төрөв. Өрөөнийхөө үүдний өмнө суугаа ганц нэг хүмүүс, коридорт цуглан зурагт үзэж суугаа хэсэг буурай, өрөөндөө шатар даам тоглож байгаа гээд урт хонгилын хэсэг бүр дуу шуугиантай.

2 давхрын коридорын нэг  хэсэгт зурагттай бөгөөд өрөөндөө зурагтгүй хүмүүс цугладаг бололтой. Намайг очиход тэргэнцэртэй 2 өвөө, буйданд зэрэгцэн суух 3 эмээ байв. Амар мэндийг нь мэдээд хамгийн ахмад нь бололтой “шавилхан” биетэй эмээд тонгойн үнсүүлэхэд бусад эмээ, өвөө нар гараа дэлгээд суулаа. Зарим нэг нь чимээгүйхэн гараагаа нүдээ сэмхэн нударч байгаа харагдана. Харцанд нь гуниг хургасан энэ буурай нарын сэтгэлийн цангааг хоромхон хугацаанд тайлсандаа миний бие баяртай байвч, арайхийн нулимсаа залгилаа.

Picture 736Эдгээр буурайнуудад сайхан эцэг эх, хань ижил, үр хүүхэд байсаан. Гэхдээ бурхан “булаагаад” авчихаж. 2 сайхан охиноо үерт урсгаад өдгөө амьдын хагацал үзэж яваа аав, сайхан ханиа алдаад ирсэн эхнэр, газар дээр ганц хүү нь гадаад яваад сураггүй болсон ээж, төрүүлсэн үр нь тэтээж тэтгэж чадахгүй архинд “живэхэд” аргаа баран суугаа эцэг эх эдэн дунд олон бий.

Гэвч улс энэ хүмүүсээ “хайраар” дутаагаагүй. Залуу насандаа улсдаа хийдгээ хийж, хөдөлмөрлөдгөө хөдөлмөрлөсөн азай буурлууд хань ижил, үр хүүхдээр өнчрүүлсэн ч 90 жилийн түүхэнд улс “өнчрүүлээгүй” байна.

Picture 735

Ийм сайхан бодол тээсээр хамгийн ахмад настай ямар хүн байгааг сурагласаар өрөөнд нь ороход цагаан цамц, хар өмд өмссөн, 92 насыг зооглож яваа гэхэд ануухнаараа харагдах эмээ намайг угтсан юм. Түүнтэй хөөрөлдлөө.

-Таны алдар нэрийг хэн гэдэг вэ? Нас сүүдэр хэдийг зооглож байна?

-Би Базарын Жаргал гэдэг хүн байна. 91 настай.  Эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан тэргүүний ажилтан цолтой.

-Хаанаас ирсэн бэ?

-Миний уг гарал Увс аймгийнх. Гэхдээ Улаанбаатарт хотын Сүхбаатар дүүрэгт ажиллаж амьдарч байгаад харж хандах үр хүүхэд, ач зээгүй учраас энд ирсэн. Миний хань 1976 онд нас барсан. Ганцаараа болчихоод гэрээ бариад 5, 6 жил амьдарч байгаад сүүлдээ чадал тэнхээ ч барагдсан. Хорооны ажилтан намайг та улсад ажиллаж байсан, харж хандах хүнгүй юм чинь улсын ийм сайхан газар байдаг гэж хэлсэн. Энд биднийг өөрийн аав ээж шиг сайхан асарч харж ханддаг юм. Бидний дунд эрүүл мэндийн хувьд ч, сэтгэцийн хувьд ч янз бүрийн хүн байна. Тэр хүмүүст тохирсон сайхан яриа хийдэг, сэтгэл санаагаар биднийг маш их дэмждэг.

-Хэдэн онд энд ирсэн бэ?

-2013 оны 09 сард ирсэн. Ирээд 2 жил болох гэж байна. Эмээ нь Есүс шүтдэг байхгүй юу. Дахиад хэдэн жил амьд байхыг залбираад л сууж байна даа.

Эмээ нь нэг юм хэлчих үү. Би эмнэлэгт 43 жил ажилласан. 1960 хэдэн онд анхны тэргүүний ажилтан авсан. Одоо удахгүй манай газрын 90 жилийн ойн баяр гэцгээгээд л бужигналдаж байна. 90 жилийн ойгоор одон медаль, гавьяа шагналаа энэ сайхан байгууллагын ажилчдад заавал толгойны  үсэн бууралтаж хөгширхөөс нь өмнө гэж өгч, урамшуулж байх хэрэгтэй. Миний хүү цааш нь дамжуулаарай.

Picture 738Ийн бидний яриа тасарлаа. Учир нь эдэн дундаа залуухан харагдах 60 шахам насны ах “Дэлгүүр явлаа. Танд захих юм байна уу” гэсээр орж ирэв. Жаргал эмээ 1400 орчим төгрөг тоолж өгөөд “жаахан масло аваад ирээрэй. Мөнгө үлдвэл миний хүү тамхиа ав” гэхэд яг л ээждээ эрхэлж буй хүүхэд шиг таны маслийг мартчихвий дээ гэсээр гарсан юм. Хэсэгхэн хормын энэ дүр зургийг ажиглан зогсоход эд маань яг хүүхэд шиг санагдаж билээ.

Хүнээр дутаж амьдардаг хорвоод хүслийг нь биелүүлж амьдрах шиг сайхан зүйл хаа байхсан билээ.

 

 

Ийн бодол тээсээр 3 давхарт буюу байнгын асаргаанд байдаг хүмүүсийн тусгаарласан хэсэгт зөвхөн их эмчийг нь олж уулзах зорилгоор гарлаа. Энэ хэсэгт гараад нэг ч зураг дарсангүй, нэг ч өрөөгөөр шагайсангүй.

“Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв”-ийн

Эмнэлгийн албаны их эмч Г.Билгүүн: 

Picture 742-Би Шинэ анагаах ухааны дээд сургуулийг төгсөж эмч мэргэжил эзэмшээд энэ байгууллагадаа ирээд 2 сар гаруй болж байна.  Манай эмнэлгийн алба 1 их эмч, 2 бага эмч, 4 сувилагч, 8 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 120 гаруй асруулагч бий. Манайх 1, 2, 3 давхраар тусгаарласан. 1 давхарт өөрийгөө дааж амьдрах чадвартай хүмүүс, 2 давхарт асаргаа их шаардлагатай биш ч эмчилгээтэй, 3 давхарт байнгын асаргаа сувилгаатай хүмүүс байдаг. 24 цагаар сувилагч, асрагч ажилладаг гэсэн мэдээллийг өгсөн юм.

Энд улсын хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар эмчилгээ, оношилгоо явуулах боломжоор хангагдаж, тоног төхөөрөмж сайжирсан байна.

 

 

Ийнхүү ажил нь хүнд ч сайхан энерги хуримтлуулсан газарт сургуулиа төгсөөд ирж ажиллаж буй шинэхэн эмчтэй уулзлаа. Тэрбээр ажлын эрхэнд нөхөр хүүхдээ дагуулан ирсэн. Энд хавьдаа айлын байр түрээсэлж амьдардаг гэнэ. Тоног төхөөрөмж сайжрахын хэрээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн сургалт дамжаанд хамрагдья гэхэд ажлын маань боломж болохгүй юм даа. Энэ хэдээ орхиод 7, 10 хоног яваад өгөлтэй биш гэсээр бидний яриа өндөрлөв.

Учир нь 2 давхрын нэг өрөөний нээлттэй хаалганы цаана нэг өвөө асрагч эгчээр сахлаа хусуулж байгаа харагдсан юм. Сэтгүүлч хүн сонин содныг сонирхож шохоорхож явдагдаа ч тэрүү, эндхийн асрагчдын өдөр тутам хийдэг ажлыг хэсгээс гэрэл зурагт буулгаж үлдэх гэсэндээ яаран очсон юм.

Picture 734

Ийн “Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв”-д хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шинэхэн дарга, хамт олны сэтгэлээ гаргаж ажиллаж байгааг, асруулагч, ахмадуудын баяртай сэтгэлийг тээсээр Улаанбаатарын зүг хүлгийн жолоо заллаа.

Гэхдээ яагаад ч юм цээжинд “бяцхан” гуниг хургасаар байсан юм.

90 жилийн түүхийг хадгалж, олон олон ахмадуудын гэр орон, аав ээж, хань ижил, үр хүүхдийг орлон үлдэж чадсан энэ газар одоо “хүлээх газар” биш ахмадын “асрамжийн, хөгжлийн, сувилахуйн” төв болон цааш хөгжих эхлэл тавигдаж чаджээ.

Picture 644Picture 642Picture 646Picture 649Picture 651Picture 657Picture 658Picture 725Picture 729Picture 733Picture 740Picture 745Picture 748

Picture 761

/Бидэнтэй хамт Хатан Сүйх ХХК-ийн төлөөлөл очиж танилцсан бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүний дээжээсээ хандив болгон гардуулан өгсөн юм./

 

 

Сэтгүүлч Г.Одонтуяа

Эх сурвалж: www.Ugluu.mn