Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 орчим хүмүүс байх бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлсан нутагладаг,  үүх түүх, соёл, ёс заншлаа чанд хадгалан үлдэж чадсан үндэстэний цөөнх болсон ард түмэн билээ. Өндөр хөхий уулын нутгаас олон гавьяат, алдартнууд төрсөн билээ. Энэ удаад duuren.mn сайт нь мянгад түмний домгоос нийтэллээ.


 

1. ХҮҮХЭН ХУТАГТЫН ДОМОГ 

Ширээнд залсан хутагт алба хэргэмээсээ урваж, шилийн сайн эр болохоор болжээ. Тэр үеийн хаан төр нь “Зарлиг сөргөлөө” гэж баривчлан толгойг нь цавчин цаазалжээ. Гэтэл цаазлуулсан хутагт гэртээ дахин төржээ. Хүзүүнд нь тогтсон цавчуулсан цагаан сорвиор нь таньж, дахин баривчлан хоёр дахь удаа толгойг цавчин цаазалж, тэр айлаас эрэгтэй хүүхэд төрвөл хутагтын хүрээнд суулгахыг хориглосон зарлиг буулгажээ. Гэтэл хутагт гурав дахь удаагаа гэртээ дахин төржээ. Эх нь соривыг нь нуух ямар ч арга олсонгүй. Хүүгээ аврах арга сүвэгчилж “Манайд хүүхэн төрлөө” гэж зар тараажээ. Гэвч нуугаад нуугаад нэмэр болсонгүй. Үнэхээр хувилгаан хүн юм гэж дээр доргүй бишрэн зөвшөөрч дахин хутагтын ширээнд залжээ. Ингээд “Хүүхэн хутагт” нэрийг олсон домогтой.


2. ӨВӨӨЖӨӨН ДОМОГ /үл үзэгдэгч хүн/

Хөхий уулын баруун суга буюу Чоно  төрдгийн  улаан  хөтлийн эхэнд “Өвөөлжөөн харуул” нэртэй хад  бий.   Дээр  үед энэ  нутагт Өвөөжөө хэмээх жаахан биетэй, үл үзэгдэгч нэг сонин хүн байсан гэнэ. Энэ хүн, хүнд харагддаггүй айлын ааруул, ээзгий бас бус зүйл авчихдаг гэнэ. Хээр хоносон анчид мах шөлөө алга болоход “Өвөөжөө авч дээ”  гээд нэг их тоодоггүй гэнэ. Хүний дэргэд ирж үзэгдэхгүй  атлаа ярьдаг гэнэ. Тэгээд ч хүмүүс “Хөхийн савдагтай ханилсан  хүн”  гэж үзээд нэг  их оролддоггүй байжээ. Айлын гэрт бүрхээр дотор нь орж, жалавчийг нь хөдөлгөдөг. Хүмүүс Өвөөжөө тэгж байна гээд зөнгөөр нь орхидог байжээ. Өвөөжөөн хүү Банзар, Банзрын хүү Чойг гэж байжээ.


3. МӨНГӨТИЙН АМНЫ ДОМОГ

Мянгадын нутаг Сундуйлын голын Мөнгөтийн амны цонжид хятадууд их мөнгө нуучихаад нутагтаа түр буцжээ. Энэ тухай мянгад лам нар мэдээ авч уул мөнгийг авахаар очжээ. Нуусан газрыг хайж “цоож” хадыг бараг унатал ухаж төнхөж хүч аагаа баржээ. Гэтэл явсан хятадууд ирж, хад ухаж хийгээд, хадан тагаар таглаж, чулуун оньсоор тээвч хийж бэхэлсэн мөнгөө хоромхон зуур гаргаж авчээ. Мөнгөтөд эгц доошоо орсон харанхуй хар агуй бий. Чулуу хаяхад хэсэг хугацаа өнгөрөөд дуу нь тээр дор битүү сонсогддог нь агуй их гүнзгий болохыг нотолдог гэнэ. Тэр агуйд хурган цагаан мөнгө их байдгийг нутгийнхан эртнээс мэдэж, авах арга сүвэгчлэн эрсээр иржээ. Дүн өвлийн хүйтэнд хонины нойтон гуяыг урт дээс, сураар оосорлон оруулж мөнгөнөөс наалдуулан татдаг байжээ. Мөнгө наалдсан гуя агуйны яг аманд ирэхийн сацуу уул мөнгө хангинан жингэнэн дуугарсаар буцаж унадаг нь их гачлантай гэнэ. Олон хүн олон удаа ингэж үйл тамаа эдлээд гар хоосон буцсан домогтой. Тэгээд ч энэ газрыг “Мөнгөт” гэж нэрлэжээ.


4. АВАРГА МОГОЙН ДОМОГ

Ховд голын Торхын Улаан уулын нэгэн том агуйд эрт дээр үеэс том авдартай мөнгө байсан гэнэ. Нутгийнхан тэр мөнгөнд санаархаж очиход ботгоны толгой шиг том толгойтой аварга могой авдар дээр зоосрон хэвтэх тул айгаад буцдаг байж. Лус савдаг, буг чөтгөрт итгэх үзэл суларч “хувьсгалжаад”, бас хурдан буу гарсан үед нэгэн зоригтой залуу агуйд хүрч могойг алан мөнгийг авахаар зориг шулуудан нэгэн өдөр очжээ.

Агуйны аманд хүртэл, асар том могой авдар дээр цагираглан хэвтэж өөдөөс нь ширтэж байсан гэнэ. Замгаа сойж, овоо хараагаа нийлүүлэн шагайтал нүд нь бүрэлзээд юу ч харахгүй болчихжээ. Айхдаа ум хумгүй буцаж холдтол нүд нь зүгээр болжээ. Айснаас ингэв үү! гэж бодоод дахин очиж буугаа шагайтал нүд нь бас бүрэлзжээ. Хэд хэдэн удаа турштал уг байдал хэвээр гэнэ. Эцэст нь яаж ч чадалгүй буцжээ.


5. ХҮҮХЭД ШУВУУНЫ ДОМОГ


Хар-Ус нуурын захаар -хүүхэд!  хүүхэд! гэж хашгирдаг, халзан хар өнгөтэй, нугасны хэрийн нэгэн сонин шувуу байдаг. Домог нь дээр үед ганц хүүхэдтэй нэгэн авгай байжээ. Гэтэл хүүхэд нь далайн усанд орж энджээ. Тэр авгай гаслахын дээдээр гасалж -хүүхэд! хүүхэд! хүүхэд! гэж хашгирсаар ухаан самуурч хүүгийнхээ хойноос далайд орж эцэслэжээ. Тэгээд сүнс нь энэ шувуу болж бас л хүүхэд! хүүхэд! гэж дуудсаар нартад шаналж яваа гэнэ.

 

Эх сурвалж: www.Duuren.mn