Улсын төв цирк менежментийн хувьчлалд орж "Аса" цирк хэмээх нэрийн дор уушийн газар, PC тоглоомын газар болон хувирснаас хойш, циркчидийн бэлтгэл сургуулилт хийдэг, нэг дор цугладаг ганц газар нь хуучин цирк болж хувирсан. Гэтэл "Дашчойлон" хийдийн хажууханд байрлах хуучин циркэд өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд түймэр авалцсанаар, гол гол тулгуур багана нь шатаж, 70 хувь нь ашиглах аргагүйд хүрээд байсан билээ.

Тухайн үед хуучин циркийн 64 сурагч, 10 багш, 200 жүжигчдийн төлөөлөл "Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, галын дүгнэлт 9 хоногийн дараа гарна. Төр биднийгээ мартаж, Монгол циркийн сүүлчийн судас тасрах вий хэмээн хэвлэлийн хурал хийж байлаа.

Гэвч хэд хоногийн өмнөөс хуучин циркийн дээвэр дээгүүр бэрзинт татаж, энд тэнд ганц нэг алх, дөш барьсан хүмүүс харагдах болсон юм. Иймд хуучин циркийг дахин сэргээх ажил хэр урагштай байгаа талаар Хуучин цирк, циркийн сургуулийн эрхлэгч, ОХУ болоод Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын ахмад циркчдийн холбооны тэргүүн, Г.Доржнамжилаас тодруулга авлаа.


- Хуучин циркт гал авалцсанаар 70 хувийг нь ашиглах боломжгүй болоод байгаа гэсэн. Гэтэл сургууль эхлэх цаг боллоо. Сэргээн засварлах ажилдаа ороо юу?

- Ерөнхийдөө галын дүгнэлт гараагүй байгаа учраас гол ажилдаа ороогүй байна. Гэвч хүүхдүүдийн хичээл эхлэх дөхөж байгаа болохоор бид юмхнаар юм хийгээд ч болов өөрсдөө сэргээн засварлах ажилдаа орсон.

- Яагаад одоо болтол галын дүгнэлт нь гараагүй байгаа юм бэ? Уг нь 9 хоногт дүгнэлт нь гарна гэж байсан?

- Галын дүгнэлт гаргахын тулд эхлээд Геологийн хүрээлэн дээр цахилгааны утсаа шинжилгээнд хамруулдаг юм байна. Гэвч шинжилгээнийх нь мөнгийг шийдэж өгөөгүйгээс дүгнэлт нь гарахгүй нэлээд удлаа.

Сүүлдээ өөрөөсөө мөнгийг нь гаргаад шинжилгээнийхээ хариуг авч цагдаад аваачиж өгөөд байна. Ямартай ч гал цахилгааны утаснаас болж гараагүй гэдэг нь тогтоогдсон.  Удахгүй галын дүгнэлт нь гарах байх. Тэгж байж дараагийнхаа ажилд орно.

- Ингэхэд Дашчойлон хийд Хуучин цирк хоёрын дунд яг юу болсон юм бэ?

- Нэлээд эртнээс Дашчойлон хийдийнхэн Их Майдар бурхан босгох гэж байгаа гээд манай газраас гуйж байсан юм. Тухайн үед “үгүй” хэмээн татгалздаг байсан ч Хуучин циркийг улсаас харж ханддаггүй байсан учраас олон жилийн маралын элэгдэлд орж, өвөлдөө хөлдөж, цантаад сургуулилт хийхийн аргагүй болгосон.

Иймд Дашчойлон хийдтэй гэрээ хийж, хэсэг газраа ашиглуулах, гурван жилийн хугацаатай гэрээ хийсэн. Уг гэрээнд нэгдүгээрт, манай цахилгаан, дулаан, цэвэр бохир усны мөнгийг гурван жил төлнө.

Хоёрдугаарт хориод жил шахуу сантехникийн засварт ороогүй, жил болгон л хөлдөж, цоордог Хуучин циркийнхээ гадна, дотно бүх шугам сүлжээг засварлаж, солих,

Гуравдугаарт нь циркийн тог, цахилгааны кабелийг шинэчилж, 120 м, 380-ийн шугам сольж өгөх,

Дөрөвдүгээрт, циркийн сургуулийн манежний дор дэвсэх дрож авч өгөх,

Хамгийн сүүлд нь циркийн ахмадуудаа жил бүр ахмадын баяр, цагаан сарын баяраар хүндэтгэл үзүүлэхэд дэмжлэг үзүүлж байхаар гэрээ хийсэн юм. Энэ гэрээний үндсэн дээр л ажил явагдаж байгаа л даа. Эднийхэн бол манежний дрожоо аваад өгчихсөн, цахилгааны кабелийг сольчихсон.

Гурав дахь ажил болох шугам сүлжээг сольж өгөх ажлаа орон сууцны 2-р контортой гэрээлж, тэднийхээр хийлгэж байсан юм. Харамсалтай нь эхэлсэн өдрөө л манай хойд талын кенежник дотор байх үртэснүүд рүү оч үсэргээд гал алдсан гэж бид таамаглаад байгаа юм. Ингээд л ажил зогсчихоод байна.

- Тэгвэл ХҮТ 2 /Орон сууцны хоёрдугаар контор/-оос гал гарсны дараа холбоо барьсан уу? Хохирлыг барагдуулахад туслана гэв үү?

- Холбоо барьдаг. Хамгийн гол нь галын дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарлаа л бол бид нар асуудлыг шийднэ шүү дээ. Нэгэнт л Дашчойлон хийдтэй гэрээтэй учраас түүнийхээ дагуу ажлаа хийнэ гэж бодож байгаа. Мэдээж гал гарахад нөлөөлсөн ямар нэгэн буруутан байгаа байх.

Зардал төсөвт нь ч яамнаас, орон сууцны контороос тодорхой хэмжээгээр нэмэрлэх байх. Ер нь "Хийе гэсэн хүн аргаа олдог. Хийхгүй гэсэн хүн шалтагаа олдог" гэдэг шиг бид нар шатчихаад байгаа хойд талын дан кенежникээ бид нар өөрсдөө мод чулуу, юумханаар юм болгоод дээвэрлээд явж байна. Одоо гадарлагаа өнгөлгөө, нурууны засварын ажил байна.

Гол нь хүн хүч алга, гаднаас хүн хүч авъя гэхээр маш үнэтэй юм. Танил нөхөд юу байна, заримд нь ч мөнгө төгрөг өгч гуйгаад хоёр гурван жижүүртэйгээ хамсаад засварлаж байна. Шатсаны дараах үнс нурмыг бага багаар ачиж зөөвөрлөхөөс эхлээд ажил их байна даа.

- Хуучин циркийн жүжигчид, багш, сурагчдыг Хөгжим бүжгийн коллеж руу нүүлгэж, шинэ байр барьж өгнө гэсэн мэдээллийг БСШУЯ-аас өгсөн?

- Тэр бол аль хоёр, гурван жилийн өмнөөс яригдаж байгаа төсөл байгаа юм. Ганцхан төсөв, мөнгө нь л дутуу байгаа байх. Хэрвээ хөрөнгийг нь шийдээд өгчихвөл тур сургууль баригдана.

Гэхдээ энэ суурин дээр циркийн урлаг байдгаараа байна. Ноднин Соёлын яам байгуулагдаад Ц.Оюунгэрэл сайд "Циркийг нь циркээр нь байлгана" гэж амалсан. Дашчойлон хийд газрыг нь булаацалдахад цирк хэвээр нь байлгана гэж шийд гаргасан.

Циркийн сургуулийн сурагч, жүжигчидээс гадна 100-аад циркийн уран бүтээлчид байдаг юм шүү дээ. Жишээлбэл Хатанбаатарын том групп байна. Энхболдынх ч гэж байна. Тэд нар эндээ л сургуулилтаа хийдэг. Өөр сургуулилт хийх газар байхгүй. Тийм учраас энэ байр маань циркчдэд үлдсэн хамгийн чухал ганц зүйл. Шинэ цирк хувь хүний гарт очсон. Тийш бид нар халдаж чадахгүй, орж чадахгүй. Тийм учраас энэ байр жүжигчдэд, сурагчдад бүгдэд нь хамгийн хэрэгтэй байгаа юм.

- Дээрх уран бүтээлчид одоо хаагуур бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

- Зарим жүжигчид маань түр зууртаа Хатанбаатарын цирк буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зуны асарт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гэхдээ хүүхдүүдийн хичээл эхлэх ч дөхөж байна. Ямар ч байсан бид 10 сараас хэтрүүлэлгүйхэн шиг, яамнаас мөнгийг нь гаргаж өгөхгүй байсан ч, мод чулуу овоолоод ч хамаагүй циркийнхээ сургуулийн дээврийг битүүлнэ. Дулаанаа тавьж өгнө гэсэн зорилттой ажиллаад явж байна.

- Хөрөнгө санхүүгийнхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Одоо хөрөнгө санхүү гээд байх юм үнэндээ алга. Яг галын дүгнэлт гарчихвал циркчид дундаа хандивын аян өрнүүлнэ гэж бодоод байна. Циркийн жүжигчид гадаадад маш их байна, ажиллаж амьдраад 200 гаруй хүн байдаг гэсэн байх.

Зөвхөн энэ сургуулийг төгссөн л гэхэд 400 гаруй хүн бий. Тийм учраас албан ёсоор циркийн урлагт хайртай, дэмждэг хүмүүсийн дунд хандивын аян зохион байгуулна. Гадаад, дотоодын гэлтгүй хөгшин залуу бүх уран бүтээлчид гар бие оролцох байх.

Ганцхан бид нар дүгнэлтээ л хүлээгээд байна. Хариу нь гарчих аваас дорвитой ажлыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

- Ингэхэд циркийн сургууль төлбөртэй байдаг юм уу?

- Энэ чинь авьяас нээх зорилготой учир ямар юмных нь төлбөр мөнгө байх вэ. Тийм юм байхгүй шүү дээ.

- 10 сар хүртэл хүүхдүүдээ хаана, яаж хичээллүүлэх юм бэ?

- Тэр болтол Яамнаас АСА циркийг түр түрээслэж хүүхдүүдийг хичээллүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн. Гэхдээ тэнд очлоо гэхэд одоогийн хуучин цирк шигээ байнга бэлтгэл сургуулилт хийх боломж байхгүй л дээ.

Хувийн байгууллага бол заалаа ашиглаж орлого олохоо бодно уу гэхээс, хэдэн хүүхдүүдийг үдэш, оройгүй бэлтгэл хийлгүүлээд байхгүй байх. Ядаж шалаа дэвсэнэ гээд долоо хоногийн ажил. Тэнд сургууль соёл тасрахаас авахуулаад асуудал бий. Гэхдээ асуудлыг зохицуулах байх.

- Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад

 

Эх сурвалж: www.TODAY.mn