Малын гоц халдварт шүлхий өвчин 1992 оноос эхлэн найман удаагийн давтамжтайгаар манай улсад тархсан байдаг. Энэ өвчин 2010 онд Монголын тал нутагт хүчтэй тархаж, малчдыг туйлдуулж байв.

Тухайн үеийн Засгийн газар Малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг шаардлагатай арга хэмжээ авч, 7.3 тэрбум төгрөгийг зарцуулж байлаа. Харин 2012 онд манай улстай хил залгаа орших ОХУ болон БНХАУ-д малын гоц халдварт шүлхий өвчний гаралт хэд хэдэн тохиолдлоор бүртгэгдсэн. Энэ нь шүлхий өвчин хил дамнан халдварлах магадлал өндөртэй гэдгийг сануулсаар буй. Дэлхийн хэмжээнд гаралтын байдал болон тархалт, өвчлөлөөрөө анхаарал татаад байгаа энэхүү аюулт өвчнөөс мал сүргийг хамгаалах зорилгоор ОХУ-аас буцалтгүй тусламжийн өртөг бүхий вакциныг манай улсад хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Мал амьтныг хамгаалах төсвөөс манай Мал эмнэлэг, үржлийн газарт 2010 оноос эхлэн гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 74540 литр буюу 37270 мянган тунг буцалтгүй тусламжаар өгсөн байна. 

Гэвч ОХУ-аас бэлэглэсэн 1451 литр буюу 300 гаруй сая төгрөгийн вакциныг манайхан хэнд ч хэрэггүй болтол нь хөлдөөчихөж. Уг нь аймгуудын мал эмнэлгийн албанд вакцин хадгалах зориулалтын хөргүүртэй камер 2012 он хүртэл байгаагүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газар 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, нийлүүлэгчээр “Төгс үчинбэр” ХХК шалгарсан байна. Тус компани 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг 16 аймагт нийлүүлж, суурилуулжээ. Уг вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж нь хөргөлтийн гадна төхөөрөмж, автомат удирдлага, сэнстэй ууршуулагч, хүйтэн хэлхээний камераас бүрдсэн, 2-8 хэмийн дулаанд вакцин хадгалах 360 литрийн багтаамжтай ажилладаг байна. Гэвч “Төгс үчинбэр” ХХК нь Говьсүмбэр аймагт вакцин хадгалах хөргүүрийг төвлөрсөн халаалтгүй агуулахад суурилуулж, моторыг нь байшингийн дотор байрлуулжээ. Говьсүмбэр аймагт вакцин хадгалах хөргүүрийг зориулалтын бус газар суурилуулсан байхад Мал эмнэлэг, үржлийн газар 2012 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийн гэрээг дүгнэж акт гаргасан байна. Тиймээс Говьсүмбэр аймагт хадгалж байсан вакцин буруу хадгалснаас болж хөлджээ. Хамгийн гол нь Мал эмнэлэг, үржлийн газар нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албадуудад 600 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  вакцин хадгалах хөргүүрийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Мөн техникийн тодорхойлолт, аюулгүй ажиллагааны болон ашиглах дэлгэрэнгүй зааврыг өгөөгүйн дээр холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулаагүй байх юм. 

Мөн дээр нь Монгол Улс гаднаас орж ирж байгаа вакциныг  лабораториар шалгах боломжгүй байдаг гэнэ. Уг нь вакциныг Малын эмийн сорьц баталгаажуулах лаборатори шалгадаг ч хүчин чадал болоод боловсон хүчин муутай байдаг байна. Тиймээс сорьц баталгаажуулах лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай болжээ. Сорьц баталгаажуулах лаборатори байг гэхэд ядаж зүгээр бэлгэнд авсан вакцинаа хадгалчихаж чадахгүй арчаагүй үйлдэл гаргаж байгаа хүмүүсийг яалтай билээ. Тэдний хариуцлагагүй, тоомжиргүй үйлдлээс болж 1451 литр вакцин хэнд ч хэрэггүй болж байна. Уг нь энэ вакцинаар олон тооны мал эрүүлжүүлсэн бол улсдаа ч хэрэгтэй, хүндээ ч хэрэгтэй байх байж. Ийм хариуцлагагүй зүйлийг зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй. Вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “Төгс үчинбэр” ХХК болон захиалагч Мал эмнэлэг, үржлийн газрын хоорондох тендерийн гүйцэтгэл, гэрээ дүгнэсэн байдлыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй биз ээ. Хамгийн гол нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцлагатай ажиллаж ийм сэтгэлгүй үйлдэл дахин гарахгүй байх тал дээр хянамгай ажиллах хэрэгтэй байна. 
 

У.САРАНГЭРЭЛ