Сүүлийн жилүүдэд манай улсад төрөлт нэмэгдэж, насны хувьд ч залуужаад байгаа. Тоо баримтаас харвал, төрөлт жил тутам 3500-4000-аар нэмэгджээ.

 Манай улсын хүн амын өсөлт 1990-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан юм. Үүнийг тухайн үед төрөлт буурсантай холбож үздэг билээ.

Өөрөөр хэлбэл 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 2006 он хүртэл төрөлт буурсан үзүүлэлттэй байсан нь харагддаг. Тодруулж хэлвэл, 1990-ээд оноос өмнөх жилүүдэд улсын хэмжээнд 50 мянган хүүхэд мэндэлж байсан бол зах зээлийн шилжилтийн үед төрөлт буурах хандлагатай болж эхэлсэн байдаг.

Шилжилтийн үед улс даяараа эдийн засгийн хямралтай байсанаас гэр бүлүүд цөөн хүүхэдтэй байхыг чухалчлах болсон юм. Харин 2006 оноос  төрөлт эргэн идэвхжиж эхэлсэн нь харагддаг.  

 Манай улсын хувьд 2006 онд “Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай ” хууль гарсан үеэс төрөлт өссөн үзүүлэлт  харагдаж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар өдөртөө л гэхэд 150-170 орчим хүүхэд хорвоод мэндэлж, хүн болсоноо зарлаж байна.

“Үртэй хүн баян” гэсэн ардын үг бий. Үр хүүхэдтэй болох сайхан  ч зөв хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Ялангуяа өнөө үед залуу гэр бүлүүд хүүхэдтэй болж, өсгөн хүмүүжүүлэхэд олон том даваа давах шаардлага тулгардаг болсон.  Тухайлбал, цэцэрлэг, ясли, сургуульд хүүхдээ сургана гэдэг эцэг эхчүүдийн хувьд нэн даруй шийдвэрлэх чухал асуудал болсон.  Энэ оны хоёрдугаар сард гаргасан судалгаанаас үзвэл цэцэрлэгийн насны 200 мянга орчим хүүхэд байгаагийн 40 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Эдгээр хамрагдаж чадаагүй хүүхдүүд сургууль, цэцэрлэг, яслид хамрагдлаа ч анги танхим, багшийн хүрэлцээ, сургалтын чанар стандартыг хангахгүй орчин нөхцөлд хичээллэх юм.

Төрөөс зөвхөн төрөлтийг урамшуулах бодлого бариад төрөх газар, хүүхдийн эмнэлэг, ясли, цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг, сургууль, дотуур байрны хүртээмжийг мартсан бололтой.  

Сар бүр хүүхдүүдэд олгож буй мөнгө иргэдийн амьдралд дэм болж байгаа нь үнэн боловч тэр бүр хангалттай хөрөнгө оруулалт болж чадахгүй байгаа юм. Тиймээс төрөлтийн түвшин дээшилж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас бэлэн мөнгө тараах нь чанаргүй төрөлтийг ихэсгэх гол хөшүүрэг болж байна гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Учир нь амьдралын боломж тааруу иргэд хүүхэд төрүүлж тэтгэмжийн мөнгөөр нь амьдрах сонирхол нийгэмд газар аваад байна.     

2012 оны улсын төсөвт хүүхдийн цэцэрлэгт зориулж 14 тэрбум төгрөг төсөвлөснөөс 42 цэцэрлэг буюу 4120 хүүхдийн ор нэмэгдэхээр байгаа юм. Гэхдээ энэ нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн ердөө 5.7 хувьд хүрэлцэх бөгөөд манай улсад дахиад 75 ортой 1000 цэцэрлэг шаардлагатай байгааг  албаны хүмүүс онцолж байна.  Зөвхөн цэцэрлэгийн хүрэлцээний тухайд авч үзэхэд л дээрх хангалтгүй байгаа нь харагдах юм. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг болоод багагүй хугацааг үдэж байна.  

Бид жил жилийн намар хүүхдээ цэцэрлэг, ясли, сургуульд бүртгүүлэх гэж хэдэн өдөр хөөцөлдөж, гүйгээд ч танил тал, мөнгө төгрөгггүй л бол хэргээ бүтээж чаддаггүй. Энэ мэт  жишээнээс үзвэл хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. 

Хорвоод мэндлээд сургууль, цэцэрлэгээр хүмүүжиж чадахгүй, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүд бидний ирээдүй. Тэд томчууд шиг бидний эрх зөрчигдөж байна хэмээн төр засагт хандаж, бослого хөдөлгөөн хийж чадахгүй шүү дээ.  Тиймээс бид “Монголын үрс маш олон болтугай” хэмээн уриалж суухын дээр тэдэнд чиглэсэн дорвитой ажлуудыг хийх цаг нэгэнт иржээ.

 Б.Хорлоо