" Ирээдүйн бүх аав нарт зориуллаа. "

(Энэ орчлонд төрсөн бүх хүүхдүүд сайн аав, ээжийн хайрыг амсаж, хүртэж балчир насаа үдэх болтугай. Хожим хойно амсах зовлон жаргалыг хүн өөрөө бүтээдэг. Харин ээж аавынхаа гэрт л энэ орчлонд хүн болж мэндэлсэн бүхэн аз жаргалыг, хайрыг амсан өсөж торних учиртай юм )

Уусан архи чинь доош орж
Уйдалтаар шалтаглан ээжээс минь өөр 
Хэн нэгэн танихгүй эгчийг тэвэрч 
Худал ярин хоног төөрүүлэхдээ та

Эхнэр хүүхэд үгүй ганц бие эр гэж 
Эсбөгөөс миний эхнэр чам шиг сайхан биш гэж 
Өрөвдүүлж гомдоллож, ганц шөнийг жаргахдаа 
Өнгөрүүлсэн бүх амьдралаа хараар яах гэж буддаг вэ

Албатай юм шиг согтож ирчихээд 
Агсарч орилж, нулимсыг нь урсгаад
Аав нь та нартаа хайртай гэж 
Амархан яаж уруулыг чинь давдаг вэ?!

Аавтай байгаадаа хөөрөн баярлаж 
Аавдаа хэлнэ дээ гэж айлгаж өссөн 
Алаг нүднээс нь нулимс асгарах хүүгээ 
Айлын хүүхдээр солиод явахдаа 
Идсэн хоол чинь яаж шингэж 
Инээсэн инээд чинь яаж тогтож

Хүүг минь хэн нэгэн танихгүй эр 
Хүчирхийлж зовоож байх вий гэж 
Хэзээч шаналж бодоогүй юу

Ганцхан биеийн тань жаргал 
Гуниг дүүрсэн харцтай хоцрох 
Хүү, охины чинь зовлонгоос 
Хэтэрхий их үнэтэй байдаг уу?

Аав минь та эргээд, хожмын өдөр хүү минь 
Аав болно гэдгийг минь 
Алдаж эндсэн таны сүүдэр тусгал болж 
Ахиад бүгдийг давтана гэж 
Аяа ганцхан удаа, тиймээ ганц удаа 
Бодож тунгааж үзсэн үү?!

Амьдрах гэж зүтгэх ээж минь 
Наашаа харсан бүхэнд 
Сайн аав, хань болж
Сайхан амьдарч юуны магад гэж
Найр тавих бүрдээ онохоос алдах нь их 
Алдаж уйлах бүрдээ, аашлаж загнах нь хатуу

Танд дайсан үгнүүд бүгд над уруу чиглэн асгарч 
Таныг үзэн ядах сэтгэл над дээр мөндөр шиг асгархад 
Хий дэмий л уйлж үхэл гуйн залбирна өөртөө 
Ээж, аавынхаа салсанд өөрийгөө л буруутгаж өдий хүрнэ

Шилээд явсан шинэхэн амьдралдаа хүн шиг амьдарсан бол яах вэ 
Хайраар жиндүүлсэнийг чинь мартаад уучилж чаднаа хүү нь

Уйлж, инээж явсаар эр хүн болно нэг л өдөр 
Уучлал энэрлээр биш хонзонгоор дүүрсэн сэтгэлээ би яах вэ 
Хөгширч муухай болсон дүрийг тань хараад өрөвдөх ч 
Хүүхэд насыг минь гомдлоор угжсан үйлийг чинь би яах вэ

Аав минь, аав минь гэж амин голоосоо хайрлахыг хүснэ 
Аавын тухай дуу сонсоод үнэнээсээ мэгшихийг би хүснэ

Чин халуун сэтгэл зүрх хэрэвзээ байдаг л юм бол 
Аав болхоосоо өмнө та дураараа сайн зугаацаж үз

Аав гэдэг алдрыг үнэхээр хүртэж чадах болсон цагтаа 
Аав минь та намайг энэ орчлонд "хийж" хайрла?!?!

Ээжээс минь өөр эмэгтэйд сэтгэл алдарч шүлэнгэтэхгүй болтлоо 
Энд тэндгүй гунхах сайхан эгч нарт ханатлаа дурла
Эцэг үр, эхнэр нөхөр болно гэдэг 
Энгийн нэгэн зугаацал төдий эд биш 
Энэ орчлонд хүн шиг мөртэй амьдарч 
Эцэг, аав минь хэмээгдэн хүндлэл хайр дүүрэн амьдар ааваа та?!?! 
Ааваа та мэдэх үү, танд ямар их хайртайг минь?!?!...

 

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015. Чикаго хот