Дуучин Г.Сүндэрмаа "ээжүүддээ эхний зөвлөгөөгөө хүргэлээ"
2015/08/11
"Sweetymotion" хамтлагийн хамгийн царайлаг, басхүү хөгжилтэй зантай гэгддэг Г.Сүндэрмаа ээж болоод удалгүй ажилдаа орсон. Түүнээс фэнүүд нь төрсөний дараа хэрхэн биеийн галбираа хадгалсан юм бол хэмээн асуух болсон гэдэг.
Тэгвэл энэхүү сэдвээр өөрийн туурвисан бүтээлээ сонсогч бүсгүйчүүддээ дэлгэх гэж байгаа талаар мэдээлж байсан билээ. Харин дууч бүсгүй маань эхний зөвлөгөөгөө өөрийн хуудсаараа дамжуулан хүргэлээ. Түүнд ирсэн асуултуудын дарааллын дагуу мэдээллээ бэлтгэж байгаа аж.
Би төрснийхээ дараа яаж хөхөндөө сүү оруулж байсан, юу юу идэж байсан гэх мэт туршлагаасаа эхчүүддээ танилцуулж байна. Төрсний эхний өдөр хөхөндөө сүү оруулах зорилгоор мэдээж хонины махтай хар шөл, сүүтэй цай уулаа. Маргаашнаас нь шууд далайн байцааны үхрийн хар махтай жоохон сонгинотой шөлийг өдөрт 2 удаа идэж байсан. Учир нь далайн байцааны шөл нь сав агшаадаг юм. Давстай бэлэн далайн байцаа биш, дэвтээж байгаад хоолонд хэрэглэдэг нь шүү.
Цэвэр усыг маш их хэмжээгээр уух, бас шингэн цай уух, болж өгвөл шөлтэй хоол иддэг байсан. Шөлтэй хоолондоо амин дэм ихтэй ногоо их хэрэглэдэг байсан. Гурилан бүтээгдэхүүн бараг иддэггүй байлаа.
Идэхээр бол бор гурилан талх 2 зүсмийг, элгэн тараг, өндөг, овьёосны каш гэх мэт хоол хүнсийг иддэг байсан. Өдөрт дор хаяж 30 минут алхана. За тэгээд ээжүүдээ хоол ундаа идчихээд унтаж амраад байхад сүү сайн ороод та ч баяртай маамуу нь ч баяртай. Харин амттанг жимсээр орлуулдаг байсан" гэлээ.
Түүний дараагийн зөвлөгөөнүүд бичлэгээр тавигдах юм байна.
О.Ариун