Гурван сармагчингийн үлгэр буюу намууд хуйвалдаж авлигын гэмт хэрэгтнүүдээ өршөөх гэж байна
2015/08/13
Хурал их өршөөл үзүүлж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн ил тод байдлын хууль баталж орлого, татвараа нуун дарагдуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг өршөөв. Хамгийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд санал оруулсанаар иргэдийг хамгийн ихээр эгдүүцүүлж байсан авилга, албан тушаалтай холбоотой орлогоо нуусан явдлыг ашгүй нэг хамруулсангүй. Харин авилга албан тушаалын гэмт хэргээс өршөөх тэр заалт энэ долоо хоногт нилээд бүрхэг, нууцлаг хэлбэрээр “Өршөөлийн хуульд” багтан батлагдах гэж байна. Энэхүү өршөөлийн хуулийг ардчилсан орны Парламент хаалттай буюу иргэдээсээ нууж, хэлэлцэж байгаа нь хачирхалтай. Яагаад өршөөдөг бэ? Өршөөл бол хуулийн дагуу олгосон бүх ял шийтгэлийг бүрэн цуцлах арга хэмжээ бөгөөд олон улсын түүхэнд хаад, төрийн тэргүүн зарлиг гаргаж, хуулийн шудрага бус шийтгэлийг залруулж иржээ. Манай улсад өршөөлийг 1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөл үзүүлэх хуулиар, 2008 онд татварын өршөөл үзүүлэх хуулиар, харин 2015 онд хоёулангаар нь өршөөж байна. Өнөөдөр Монголд 6600 хоригдол хорих ял эдэлж буйгаас 330 нь эмэгтэй, гучаад нь хүүхэд бөгөөд бүх хоригдлын тал нь анх удаагаа хорих ялаар шийтгүүлжээ. Өнөөдөр хэлэлцэж буй Өршөөлийн хууль батлагдвал шоронд буй хоригдлуудын хагас нь, ялангуяа ихэнхи эмэгтэйчүүд, хүүхдүүд өршөөгдөнө. Энэ бол хүмүүнлэг алхам буюу нийгэм эдгээр хүмүүст хууль журам дахин зөрчихгүй байж чадна гэж итгэж буй хэрэг. Гэхдээ нөгөө талаас өршөөх юм бол яах гэж эхнээсээ ялласан юм бэ, эрүүгийн хууль болон шүүхийн шийдвэр аль хир шудрага байна вэ? зэрэг асуудлыг Монголын нийгмийн өмнө тавьж байна. Ялангуяа албан тушаал, эрх мэдлээ ашиглан, авилгын хэрэг үйлдсэн хэрэгтнүүд, шүүхээр ороход бэлэн болсон хэргүүдийг энэ өршөөлд хамруулж байгаа нь Монголын хууль зүйн тогтолцоо, төр засгийн эрх баригчдад итгэх нийгмийн итгэлийг бүр мөсөн алдагдуулж байна. Төр засгийн эрх мэдлийг улс төрийн намын гишүүд л авдаг бөгөөд тэдний төлөөлөл болох авлигын холбогдолтой 50 ч хүрэхгүй гэмт хэрэгтэнүүдийн нийгэмд учруулсан хор нөлөө нь өршөөлд хамрагдах 3000 хүнийхээс илүү их гэдгийг Монголчууд одоо сайн мэдэх болжээ. 2015 оны өршөөлийн хуулийн зорилго Их Хурлаар энэ өдрүүдэд хэлэлцэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл батлагдвал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига, албан тушаалын олон гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт болон шийдвэрлэлтэд нөлөө үзүүлж сүүлийн жилүүдэд сүр дуулиантай эхлүүлсэн авилгын эсрэг тэмцлийг үндсэнд нь царцааж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагджээ. Энэ даваа гарагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоо эрүүгийн 55 хэрэг шалгагдаж, байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж буйгаас 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна гэсэн АТГ-ын мэдээллийг гаргажээ. Энэ хуулийн төслийн 9 дүгээр зүйлд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Зочин · 2015/08/17
:like