Чиний сарын тэмдэг “хэвийн” үү?
2015/08/15
Улаан машинтай эгчийн чинь учруулж буй хор хохирлыг зарим хүн “Зүгээр ээ, ийм юм байдаг юм” гэнэ. Гэтэл зарим нь “Эмчид үзүүлээч ээ” гэж зөвлөнө. Сарын тэмдгийн өөрчлөлтийн зарим нь үргүйдлийн эхний шинж тэмдэг байдаг учраас чинийх үнэхээр хэвийн эсэхийг эндээс мэдээрэй.
Ихэнх бүсгүйчүүд өөрийнхөө сарын тэмдгийг эрүүл эсвэл эрүүл бус эсэхийг хэлж мэддэггүй. Найз бүсгүйчүүдтэйгээ ярилцаад ч тодорхой хариултаа олж авч чаддаггүй.
Хэдэн хоног ирэх нь хэвийн бэ?
Эмэгтэй хүний сарын тэмдэг дунджаар 3-5 хоног ирдэг бөгөөд үүнээс нэг хоёр хоногийн наана, цаана байхад санаа зоволтгүй. Мөн зүгээр л дусах төдийд үргэлжилсээр 7 хоночихвол ч айх хэрэггүй. Харин 7 хоногийн турш их хэмжээгээр ирвэл хэвийнд тооцогдохгүй шүү.
Хэр их ирэх нь хэвийн бэ?
Хамаг юм юүлэгдчих шиг л санагддаг ч, дунджаар эмэгтэй хүн хоёр хоолны халбага хэртэй л цус гардаг юм. Үүнээс хоёроос гурав дахин их байх нь ч хэвийнд тооцогдоно. Харин шөнө дунд ариун цэврийн хэрэглэлээ байн байн солих шаардлагатай болох, бараг л гольфийн бөмбөг шиг хэмжээтэй нөж гаргах нь хэвийн бус хэрэг юм. Эхний хоёр хоногт багавтар хэмжээтэй нөж гарлаа гээд айх зүйлгүй.
Сарын тэмдгийн эхний хэд хоног их ирдэг ч 1-2 цаг тутамд солихоос өөр аргагүй нөхцөлд ороод байвал бас л хэвийнд тооцогдохгүй. Тиймээс энэ тохиолдолд эмчтэй зөвлөлдөөрэй.
Хэдэн хоногийн зайтай ирэх нь хэвийн бэ?
Дунджаар буюу сарын тэмдгийн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг хүртэл 28 хоногийн мөчлөгтэй байдаг. Энэ хугацаа багадаа 21, ихдээ 35 хоновол хэвийнд тооцогдоно.
Мөчлөгийн зөрүү хэдэн хоног байх нь хэвийн бэ?
Мөчлөгийн хоногууд бие биенээсээ цөөн хэд хоногоор өөр байсан ч болно. Жишээ нь, энэ сарынх 28, дараа сарынх 30 байвал хэвийнд тооцогдоно гэсэн үг. Харин олон хоногийн зөрүүтэй бол хэвийн бус гэсэн үг. Жишээ нь, энэ сарынх 21 хоног, дараа сарынх 33 хоног гэх мэт зөрүү нь 7-оос дээш хоног болоод ирвэл эмчдээ мэдэгдэх л шаардлагатай. Энэ бол сарын тэмдэг тогтворжихгүй байна гэсэн үг.
Заримдаа стресс, өвчнөөс болоод мөчлөг хойшлогдох нь бий. 1 сар өнжих нь тийм ч их санаа зовохоор зүйл биш боловч, хоорондох зай нь 60-аас олон хоносон, тэгсэн мөртлөө жирэмсэн болоогүй бол эмчид үзүүлээрэй.
Сарын тэмдгийн үед ямар шинж илрэх нь хэвийн бэ?
• Хоолны дуршлын өөрчлөлт
• Сэтгэл санааны өөрчлөлт
• Юманд төвөгшөөх
• Хэвлий хэсгээр өвдөх
• Толгой бага зэрэг өвдөх
• Батга ихсэх
• Хөх хөндүүрлэх
• Нойр хүрэхгүй байх
• Огиулах
Сэтгэл санааны бага зэрэг өөрчлөлт байж болох ч ноцтой депресст орвол хэвийн бус гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн сурталчилгаанд уурлаж юмаа шидлэх, өдөржингөө шалтгаангүйгээр уйлах зэрэг бол хэвийн шинж биш. Мөн хоолны дуршил өөрчлөгдөх ч, элс, чулуу, хайрга зэрэг хүнсний бус бүтээгдэхүүн зажилмаар санагдаад байвал хэвийн бус, эмчид үзүүлэх шаардлагатай шинжид тооцогдоно.
Хэр их өвдөх нь хэвийн бэ?
Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн зүйл. Гэхдээ бүр ажлаасаа чөлөө автлаа, гараа ч хөдөлгөх тэнхэлгүй болтлоо өвдөл “Байдаг л юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед саваар өвдвөл асуудал байна гэсэн үг. Хэвлийн өвдөлт нь эндометриосис, савны үрэвслийн шинж тэмдэг байж болно.
Овуляцаас сарын тэмдэг хүртэл хэд хоногийн зайтай байх нь хэвийн бэ?
Хэрвээ чи овуляцийнхаа өдрийг тусгай аргуудын тусламжтайгаар тэмдэглэж, хөтлөлт хийдэг бол энэ хугацааг тооцоолдог байж магадгүй. Овуляц буюу өндгөн эс ялгаруулалтаас хойш дунджаар 12-14 хоногийн дараа биеийн юм ирдэг. Гэхдээ 10-16 хонож ч болно. Овуляц сарын тэмдэг хоёрын хоорондох зай 10-аас бага хонож байвал эмчид үзүүлэх нь зүйтэй. Энд л чиний жирэмсэлж чадахгүй байгаа шалтгаан оршиж байж мэднэ.
Эх сурвалж: www.goolingoo.mn