Хууль зүйн яамнаас өчигдөр цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг "Цагдаагийн алдар" тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг "Хүндэт жуух бичиг"-ээр шагнасан юм. Цагдаагийн алба хаагч Н.Энхтүвшинг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо.

Түүний болон мэргэжил нэгт Ш.Гантулгын гавьяаг ард түмэн шагшиж байна. Тэд энэ сарын 3-ны орой 21.30 цагийн орчимд жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоосон билээ. Энэ үйл явдал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын замаас Чингэлтэй рүү салдаг уулзвар замд гарсан юм. “ММС Canter” маркийн том оврын авто машин жолоочгүйгээр уруудан өмнөх T.Prius маркийн авто машиныг мөргөж цааш өнхөрч явах үед Н.Энхтүвшин албаны машинаараа өмнүүр нь орж зогсоосон байна. Хэрвээ тухайн үед ийм шийдвэр гаргаж арга хэмжээ авч чадаагүй бол цааш хэчнээн хохирол учрах байсныг таашгүй. Тиймээс энэ сайн үйлсийг, тэр сайхан сэтгэлийг иргэд сайшаагаад зогсохгүй салбарын яам нь ийн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан байна. Баргийн хүн гаргаад байхгүй эр зоригийг Н.Энхтүвшин гаргасан. Тэрбээр хүнд бэртэж гэмтэх, цаашлаад амь эрсдэж болох байлаа. Гэвч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ эрүүл мэнд, амгалан тайван байдлын төлөө амь биеэ хайхрахгүй ажиллаж чаддаг гэдгийг тод харууллаа.

Н.Энхтүвшин өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст эргүүлийн цагдаа жолоочийн алба хашиж байна. Тэрээр цагдаагийн албанд найман жил зүтгэж яваа туршлагатай нэгэн. Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Нүрзэд, Охинцэцэг нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн дүүтэй, айлын ууган хүү. Айлын том хүү учраас хэдэн дүү нараа хүмүүжүүлэхээс эхлээд аливаа ажилд хариуцлагатай хандаж сурчээ. Түүний энэ нямбай зан өдгөө ажлын талбар дээр нь илэрч байна хэмээн хамт олон нь ярьж байна. Тэрээр 2005 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, 2006-2007 онд хугацаат цэргийн алба хааж ирээд Цагдаагийн курст сууж Цагдаагийн ерөнхий газар хэмээх их айлд анх хөл тавьж байжээ. Анх ажлын гараагаа цагдаагийн явган эргүүлээр эхэлж байсан гэнэ. Ингээд 2013 оноос эргүүлийн цагдаагийн жолооч албанд хуваарилагджээ. Өдгөө эхнэр Ц.Удвалцэцэг, охин Э.Тэргэл нарын хамт амьдарч байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх машиныг цааш өнхрөх үед зам дээр нэлээд олон хүн, машин байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн машиныг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн түүгээр бахархахаас ч аргагүй. Учирч болзошгүй аюулыг эр зоригоороо хааж зогссон тэрээр болсон явдлын талаар “Жолооч нь машинаа газрын уруу тавьж орхиод явчихсан юм билээ. Ослын дараа ирээд түр ачаа буулгачихаад карданаа татсан гэж байсан. 30 орчим насны залуу байна билээ. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед замын хажуугаар олон хүн байсан. Хүүхдүүд ч явж байсан. Тэр машин чигээрээ явсан бол тэр хүмүүсийг очиж дайрах аюултай байсан. Тиймээс иргэдийг хамгаалахын тулд машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй” хэмээн яриад “Би үүргээ л гүйцэтгэсэн” гэж даруухан өгүүлнэ. Түүний ярьснаар бол жолоочгүй машин 15-20 орчим км цагийн хурдтай урагшилж байсан бөгөөд ердөө хорьхон алхмын цаана хүмүүс байсан гэнэ. Ийм эр зоригтой алба хаагчаараа цагдаагийн байгууллага бахархаж хамт олон нь үлгэр дуурайл авч ажилдаа хандах хэрэгтэй гэх хүн олон байлаа.

Д.ДАВААСҮРЭН

1439545952IMG_00391439545255IMG_0049